
Мөн “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн хамт олонд ойг нь тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд мэндчилгээ дэвшүүлжээ. “Монголын ард түмэн ардчилсан нийгмийн харилцаанд хөл нийлүүлэн алхахын зэрэгцээ хууль, эрх зүйн мэдээллийг цаг алдалгүй, үнэн бодитоор хүлээн авч хуулийн хүрээнд ажиллаж амьдрах, тэдэнд эрх зүйн соёл төлөвшүүлэх хэрэгцээ их байгаа нь төрөөс хууль, эрх зүйн мэдээллээр иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмж, чанарыг улам бүр болосвронгуй болгох, сайжруулах шаардлагыг бий болгож байна. Энэхүү хэрэгцээ шаардлагын дагуу ажиллах хүндтэй үүрэг Та бүхний өмнө тавигдаж байгаа билээ. Та бүхний эрхэм зорилго бол төрийн хуулийг дээдлэн, шударга ёсыг баримталж, өндөр сахилга, ёс зүйтэй байж, иргэд, байгууллага, хуулийн этгээдэд хууль, эрх зүйн мэдээллийг цаг алдалгүй, бодитоор, шуурхай хүргэх явдал бөгөөд энэ нь Таны ажлын байрнаас эхлэлтэйг ямагт санаж эрхэмлэн хэрэгжүүлэх нь зүйтэй”-г тэрээр мэндчилгээндээ онцлон тэмдэглэсэн байна.