Жозе Моуриньо гурван өөр багийг удирдан Аваргуудын лигт түрүүлсэн анхны дасгалжуулагч болоход тун ойрхон ирээд байна. Гэхдээ түүнийг баг шигшээд шалгарахын тулд Германы “Байерн Мюнхен” багийг хожих ёстой. 2003 онд “Порту”-г аваргын цомд хөтөлж байсан португаль мэргэжилтэн хоёр жилийн өмнө “Интер Милан”-ыг түрүүлүүлж байсан. Энэ жил мөн түүний удирдаж байгаа “Реал Мадрид” баг Ла лигтээ түрүүлэх боломжтой байгаа. Гэхдээ Моуриньо Германы багуудыг хэзээ ч дутуу үнэлж байгаагүй, үргэлж хүндэтгэсээр ирсэн гэдгээ хэлэв. Тэрбээр “Бид ялагдах эрхгүй. Эзэн хааны цомын тэмцээнд хэдийнэ хожигдсон. Гэхдээ бид Копа дел Рэйгээс хасагдсан ч Испанийн лиг, Аваргуудын лигт түрүүлэх боломжтой хэвээрээ байгаа. Тиймээс бид тоглолт бүрт анхаарлаа төвлөрүүлэн оролцох болно” гэжээ.
“Реал Мадрид” хамгийн сүүлд 10 жилийн өмнө шигшээд шалгарч байсан бөгөөд “Оддын цуглуулга” байх үедээ Шотландын Глазго хотноо “Байер Леверкузен”-ыг 2:1-ээр хожиж, цом хүртэж байсан юм. Гэхдээ “Байерн Мюнхен”-тэй 2006-2007 оны улиралд шөвгийн 16-т таарахад хожигдож, тэмцээнээ дуусгаж байсан билээ. Хэдийгээр тэд талбай дээрээ 3:2 оор хожсон ч Германд зочлоод 2:1-ээр хожигдсоноор гэрийн зүг буцаж байлаа. Хоёр баг түүхэндээ дөрвөн удаа Европын цомын хагас шигшээд таарч байсан. Тиймээс түүхт хоёр багийн тулаан дахин сэргэж байгаа гэж хэлж болно.
Энэ жилийн шигшээ тоглолт “Байерн Мюнхен”-ий талбай болох “Альянц Арена”-д тавдугаар сарын 19-нд болох учраас цом өргөх баг нь Германы баг байхыг юу юунаас илүү хүсч байгаа нь гарцаагүй биз ээ.