“Хүний хөгжлийн сан”-д 60 тэрбум төгрөг байршуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

“Хүний хөгжлийн сан”-д 60 тэрбум төгрөг байршуулжээ

“Хүний хөгжил сан”-гаас иргэн бүрт 70 мянган төгрөг олгох ажлын бэлтгэлийг бүрэн хангасан гэж Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Халамж үйлчилгээний хэлтсийн дарга Д.Чойжилсүрэн хэлж байна. Хүн бүрт түгээх дэвтэр, маягтыг хэвлэн орон нутагт тараагаад байгаа бөгөөд Улсын бүртгэлийн газраас мэдээллийн баазыг авч салбарууддаа түгээсэн байна.

-Дөрөвдүгээр сарын 15 гэхэд “Хүний хөгжил сан”-гаас олгох 70 мянган төгрөгийг өгч эхлэх үү. Хүндрэлтэй зүйл байгаа юу?

-Манай байгууллагын зүгээс хүндрэлтэй, тулгамдсан асуудал огт байхгүй. Бид бэлтгэлээ бүрэн хангасан. Дөрөвдүгээр сарын 15-ны өглөөнөөс эхлээд 70 мянган төгрөгийг түгээж эхэлнэ. Иргэд өөрсдөө бичиг баримтын зөрчилгүй л байх юм бол 70 мянган төгрөгийг олгоход саад байхгүй болсон.

-Энэ удаа хичнээн хүнд мөнгө олгох вэ. Санхүүжилт хийгдсэн үү. Өмнө нь санхүүжилт тасалдах зэрэг шалтгаанаас болж нэг хүн хэд, хэдэн удаа дугаарлан зогсож бухимдах явдал гарч байсан?

-Нийт 1,4 сая хүнд 115 тэрбум төгрөгийг “Хүний хөгжил сан”-гаас олгохоор тооцоо гарсан. Одоогийн байдлаар 60 тэрбум төгрөгийг уг санд байршуулаад байгаа. Эхний ээлжинд энэ мөнгийг олгож байтал дараа дараагийн санхүүжилт орж ирнэ. Ер нь бол санхүүжилтгүй болно гэж болгоомжлох хэрэггүй. 115 тэрбум төгрөг нь Засгийн газарт бэлэн байгаа.

-Нийслэл хотод ачаалал их байдаг. Үүнийг зохицуулах боломж хэр байна вэ?

-Цагаан сарын өмнөх түгээлтээс ажиглахад нийслэлд л хамгийн их ачаалалтай байдаг. Аймгийн төвүүдийн тухайд хамгийн дээд тал нь 20 гаруй мянган хүн амтай учир эхний 3-4 хоногт дараалал үүсч байсан. Иймд бид нийслэлийн хэмжээнд ачааллыг тэнцүүлэх үүднээс хороодод хуваарь гаргасан. Хороодын хувьд  хэсэг  тус бүрээр нь хуваарь гаргасан байгаа. Хуваарийн дагуу мөнгийг олгох юм бол дараалал үүсэх нь бага байх боловуу гэж найдаж байна.

-Гадаадад яваа болон түр эзгүй байгаа хүмүүсийн хувьд мөнгөө цаг хугацаанд авах боломжгүй байдаг. Тэдний мөнгө хадгалагдах уу?

-Гадаадад удаан хугацаагаар ажиллаж, амьдарч буй хүмүүсийн хувьд тухайн оронд суугаа Элчин сайдын яамнаасаа итгэмжлэх бичиг аваад ар гэрийнхэн нь авч болох юм. Тэгэх боломжгүй гэвэл нь “Хүний хөгжлийн сан”-гаас олгох мөнгө өөрийг нь иртэл хадгалаастай байх болно. Түр эзгүй, отор нүүдэл хөөн өөрийн нутгаасаа холдсон хүмүүийн хувьд ч мөн адил. Одоогоор “Хүний хөгжлийн сан”-гийн мөнгийг хүргэж өгөх үйлчилгээ байхгүй гэсэн үг.

-Өмнө нь авах ёстой байсан хүмүүсээс авч амжилгүй үлдсэн хичнээн хүн байгаа вэ. Тэдэнд мөнгийг нөхөж олгоно биз дээ?

-Эхний ээлжинд мөнгө авах хүмүүсээс 20 мянга гаруй нь авч амжаагүй байгаа. Тэдний мөнгийг нөхөж олгоно. Голчлон бичиг баримтын зөрчлөөс болж авч амжаагүй хүмүүс байгаа.

Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж