Дэлхий ертөнц дээр сүр дуулиантай олон ч хувьсгал гарч байсны дотор тэдгээр хувьсгалт тэмцлийн оч санаанд оромгүй асуудлаас болж үүсэн гал авалцаж байсан түүх цөөнгүй. Тухайлбал Орос оронд коммунист дэглэмийг авчирсан Октябрийн хувьсгалыг өдөөгч нь 1917 оны хоёрдугаар сарын хувьсгал буюу жирийн л нэг “булочка” буюу цагаан талхны хэрүүлээс эхэлсэн бослого байжээ. Тухайн үедээ Орос орны зэвсгийн гол үйлдвэрлэл явагдаж байсан Путиловийн заводын ажилчид стратегийн чухал түшиц газар ажилладаг гэдэг утгаараа тухайн үедээ муугүй хангамжтай байсан гэнэ. Орос ажилчдын чухал хангамжийн нэгд хоолны цэсэнд орсон цагаан талх багтаж байв. Харин цагаан талхны хангамжийг тасалдуулснаас болж уурссан ажилчид эхлээд ажил хаяж, улмаар зэвсэгт бослогод шилжэн тэмцсэн байна. Үр дүнд нь Орост ялсан Октябрийн хувьсгал, бас коммунист дэглэмийн ноёрхол…Оросын иргэдэд “улаан” гав гинжнээс өөр юу ч өгөөгүй гэж хэлэгдсээр ирсэн билээ.
Тэгвэл одоо ч тэмцлийн гал дөлөө дүрэлзүүлсээр байгаа “Арабын хувьсгал” ч бас тэр болгон олны анхааралд өртөхөөргүй зөрөлдөөнөөс болж эхэлжээ. Жил хагасын өмнө буюу 2010 оны арванхоёрдугаар сард Тунисын жирийн иргэн Мухаммед Буазизиг орон нутгийн захиргааны ажилтан болон цагдаа нар дарамталж доромжилсноос болж “Арабын хувьсгал”-ын анхны оч үсэрсэн байдаг. Дөнгөж сургууль төгсөөд мэргэжил эзэмшсэн ч ажил олдохгүй байсан тул 27 настай тунис эр гудажминд наймаа хийхээр шийдэж арабчуудын “каро” гэж нэрлэдэг модон тэрэг түрээсэлсэн байна. Энэ нь жимс болон ногоог тус тусад нь байрлуулах тасалгаа бүхий нэг ёсны явуулын лангуу болдог ажээ. Мөнгөгүй байсан тул тэрээр ойр орчмынхоо тариачдаас зээлээр жимс болон ногоо авч зарсныхаа дараа мөнгийг нь өгөхөөр тохирсон байж. Азаар наймааны од нь гийж тун ч удалгүй гэр бүлээ тэжээх мөнгө олж иржээ. Өр зээлээ ч дарж эхэлсэн тэрээр жирийн наймаачны ажилдаа сэтгэл хангалуун байтал гэнэт л төрийн “нударга” бууж ирсэн байна.
Тунис эрийг хууль бус наймаа хийсэн гэх шалтгаанаар орон нутгийн цагдаа нар түүний бараа болон түрээсийн тэргийг нь хурааж авчээ. Аргаа барсан Буазизи орон нутгийн захиргаан дээр очиж албан ёсны зөвшөөрөл хүссэн байна. Гэтэл захиргааны ажилтан түүнээс татвар хураамжны төлбөр гэж маш их мөнгө нэхжээ. Бухимдсан Буазизи түүнийг ажил ч үгүй, мөнгө ч үгүй өлөн зэлмүүн явахад нь орон нутгийн захиргаанаас нэг нь ч анхаарч үзээгүй атлаа одоо мөнгө олоод ирэхээр түүнийг нь хуваалцах гэж байна хэмээн эгдүүцлээ илэрхийлж.. Улмаар ширүүн маргааны явцад орон нутгийн захиргааны ажилтан хөөрхий тунис эрийг алгадаж авсан төдийгүй өрөөнөөсөө хөөж гаргахыг цагдаад тушаасан байна. Доромжлуулж гутарсан тунис залуу арга нь барагдсандаа амиа хорлохоор шийдэн өөр дээрээ бензин асган шатаажээ. Хэрэв энэ үед хажуугаар нь явж өнгөрсөн нэгэн шатаж байгаа дүрсийг нь гар утсандаа буулган авч интернэтэд тавиагүй бол энэ асуудал тэгэсгээд мартагдах ч байсан байж болох юм.
Гэвч орчин үеийн мэдээллийн технологийн хөгжил өөрийн үүргийг “онцсайн гүйцэтгэсэн” байна. Аргаа бараад өөрийгөө шатаасан тунис залуугийн зургийг хараад өрөвдөж харууссан, бас уурсаж бухимдсан олон мянган тунис иргэд гудамжинд гарав. Өөрийгөө шатаагч Буазизигийн хотын иргэд сүрт жагсаал хийж эрх баригч засаглалыг “хулгайч , ард түмний дайсан” гэж нэрлэн харааж зүхэж эхэлсэн байна. Ийм юм болно чинээ санаагүй эрх баригчид жагсагчдын эсрэг хүч хэрэглэснээс болж маргаан эхэлснээс хойшхи 10 дахь хоногт эхний хохирогч болж жагсагчдын нэг нь амь үрэгджээ. Тун удалгүй Тунисын үйлдвэрчний эвлэлүүд ажилчид, иргэдийг тэмцэлд уриалж нийслэл хотод нь үймээн самуун гарах болов. Нөхцөл байдалд барьц алдсан Тунисын ерөнхийлөгч Бин Али бүх бие нь түлэгдээд битүү боолттой үлдсэн Буазизиг өөрийн биеэр эргэн очиж бүх асуудлыг нь шийдэж өгнө гэж амласан байна. Харин түүнд амьд үлдэхийг л хүсч байгаагаа хэлж байсан хөөрхий тунис залуу гүн түлэгдэлтэй байсан тул эмнэлэгт нас барсан юм. Энэ нь тэмцлийн гал дээр тос нэмж олон зуун мянган хүний сүрт жагсаал Тунис даяар дэгдэв. Ард түмний уур хилэнг дийлэхгүйгээ ойлгосон Тунисын ерөнхийлөгч Бин Али нутгаасаа зайлуулагдаж, Саудын Арабад очсон билээ. Гэхдээ хэрэв Тунисын нийгмийн давхарга, дээдсийн хүрээлэл энэ бослогыг дэмжээгүй бол ерөнхийлөгч асан Бин Али ч унахгүй, бас “Арабын хувьсгал” ч ялахгүй байсан гэж судлаачид үздэг. Үнэхээр ч Тунисын элит гэр бүлийнхнээс ерөнхийлөгч асан Бин Алид дургүй байсан нь “Арабын хувьсгал”-ыг газар авахад голлох нөлөө үзүүлжээ.Тунисын ерөнхийлөгч асан Бин Али өөрөөсөө хоёр дахин залуу бүсгүйтэй гэрлэж улмаар эхнэрийнхээ олон ах дүү нарт эрх мэдэл олгосноор Тунисын дээдчүүлийн дургүйг хүргэсэн гэнэ. Бин Алигийн хүргэн ах нар Тунисын дээдсийн хүрээллийнхний аль ашигтай гэсэн бүх бизнесийг булааж авч байсан тул энгийн наймаачин залуугийн эхлүүлсэн тэмцэлд тунисчууд дээр доргүй нэгдсэн нь амжилтад хүргэсэн гэж үздэг.
Тунисын дарангуйлагч хэмээн нэрлэгдсэн Бин Али хөөгдөж, зүүний хүчний лидерүүдийн нэг нь түүний орыг залгамжилсан боловч жирийн наймаачин Буазизигийн хүсэл мөрөөдөл биелсэн нь юу л бол…Саяхныг хүртэл тунисын энгийн иргэд ахин дахин бослого тэмцэл гаргаж байсан ч өдгөө тэд нарыг тоох хэн ч алга байна. Учир нь тунисын дээдчүүл, баячууд дарамтлагчаасаа салсан тул одоо тэдэнд дахин тэмцэлд нэгдээд байх шаардлага байхгүй болжээ. Харин ч исламын суурь үзэлтнүүдийн байгуулсан одоогийн засаглалаас энгийн иргэдийг тайван номхон байлгах арга бололцоог нэхэж суугаа гэх.
Тунисын Бин Алигийн дараа Египетийн Хосни Мубарак,Йеменийн Абдулла Салех, Ливийн Муаммар Каддафи нар “Арабын хувьсгал”-д нэрвэгдэн суудлаасаа унаж өөрчлөлтийн салхи шуурга болтлоо дэгдсэн ч олон мянган жирийн араб иргэдийн амь насаар төлсөн тэмцлийн ул мөрийг юу ч арилгаж дийлэхгүй нь бололтой. “Арабын хувьсгал” арабчуудын сайн сайхны төлөө гэсэн чин санаагаар эхэлсэн байж болох ч харамсалтай нь үр дүн нь тийм өөдрөг сайхан ирээдүйг авчрахгүй байгаад л эмзэг асуудал нь оршиж байгаа юм. Египетэд одоог хүртэл бослого зөрчил, шашин хоорондын тэмцэл тасраагүй байгаа бол Сири улс иргэний дайны галд олон зуун иргэнээ алуулсаар байгаа билээ. Тэгвэл Арабын хувьсгал яг юуны төлөө зорьсон юм бол гэх асуулт гарч байна. Анх жирийн тунис эр Буазизигийн эрх баригчдын эсрэг хийсэн тэмцлээр эхэлсэн Арабын хувьсгал өнөөдөр маш олон ашиг сонирхлын зөрчлөөр “цэнэглэгдсэнээс” болж хэн хаашаа яах гэж буудаад байна вэ гэсэн асуулт тавихад хүрч байна. Тэгэхээр энэ бүх тэмцэл Арабын хувьсгал уу, аль эсвэл эмгэнэл үү …?!