Спрайт супер лигийн хагас шигшээд 2010 оны Спрайт супер лигийн аварга “Хасу мега старс” болон 2011 оны Спрайт хөгжлийн лигийн аварга “Танан Импекс” багууд таарсан.
Тус хоёр баг өнгөрсөн амралтын өдрүүдэд хоёр тоглолт хийснээс “Танан Импекс” баг эхний тоглолтонд 111:90 харьцаатайгаар, хоёр дахь тоглолтонд 98:68 харьцаатайгаар өрсөлдөгчөө буулган авсан. Ингэснээр “Танан Импекс” баг цувралыг 2:0 харьцаатайгаар итгэл төгс тэргүүлж байна. Тус хоёр тоглолтонд “Танан Импекс” багаас О.Ууганбаяр үр дүнтэй, шилдэг тоглолт үзүүлсэн. Тэрээр эхний тоглолтонд 43 оноо, ,+ 7 самбар, 2 оновчтой дамжуулалт, 2 бөмбөг таслалт хийж багаа хожилд хүргэлээ. Энэ нь түүнийг Спрайт супер лиг эхэлснээс хойш нэг тоглолтонд хамгийн их оноо авсан тоглогч болгож байна. Харин хоёрдахь тоглолтонд 25 оноо, + 7 самбар авч мөн багаасаа шилдэг нь байсан. Түүнд Очирбат, Алтангэрэл, Г.Ихбаяр нар тус хүргэн багаа хожилд хөтөлсөн. Мөн “Танан Импекс” баг нэг ч хожигдолгүй цувралаа үргэлжлүүлж байна. Өрсөлдөгч “Хасу мега старс” багаас Алтаншагай, Дарханбаяр, Цэрэнбат, Тамир нар шилдэг тоглолт үзүүлж байгаа хэдий ч довтолгооны оновч бага, хамгаалалт муу байснаар баг нь хожигдлоо.
Лигийн хагас шигшээд өрсөлдөж буй дараагийн багууд бол 2009 оны Спрайт хөгжлийн лигийн аварга “ОТИС” болон 2011 оны Спрайт хөгжлийн лигийн хүрэл медалийн эзэн “Эрдэнэдрийлинг RIGS” багууд юм. Цувралын эхний тоглолтонд “Эрдэнэдрийлинг RIGS” баг дөрвөн үеийн турш өрсөлдөгч багаа илүүрхэн 108:86 харьцаатайгаар ялалт байгуулж цувралыг тэргүүлж эхэлсэн. Тус тоглолтонд “Эрдэнэдрийлинг RIGS” багаас Батмөнх 39 оноо, +3 самбар, Гантулга 19 оноо, Мөнхнасан 13 оноо тус тус авч багаа хожилд хөтөллөө. Харин цувралын хоёр дахь тоглолт “Эрдэнэдрийлинг RIGS” багийн давамгайллаар эхэлсэн ч тоглолтын төгсгөлд цаг дуусах мөчтэй зэрэгцэн “ОТИС” багийн Ж.Батболдын шидэлт амжилттай болсноор 94:92 харьцаатайгаар “ОТИС” баг хожлоо. Ингэснээр “ОТИС” цувралыг тэнцүүлж чадлаа. Тус тоглолтонд техникийн алдаанаас болж өнжөөд байсан “ОТИС” багийн Б.Билгүүн маш сайн тоглолт үзүүлж багаа хожилд хүрэхэд нөлөөлсөн. Тэрээр 26 оноо, +7 самбар, 5 оновчтой дамжуулалт, 3 блок хийж багаасаа шилдэг нь байлаа. Түүнд Онон 14 оноо, Олдохбаяр 12 оноо, Батболд 11 оноо авч тус хүргэсэн байна. Харин “Эрдэнэдрийлинг RIGS” багаас Гантулга 22 оноо, Батмөнх 21 оноо, Нямбаяр 14 оноо тус тус авч багаасаа шилдэг тоглолт үзүүлсэн ч тоглолтын эцсийн мөчид хамгаалалтан дээр алдаа гаргаснаар хожигдлоо.
Спрайт супер лигийн 2012 оны улиралд нийт зургаан эмэгтэй баг өрсөлдсөнөөс “Говь81”, “МУИС”, “Хөвсгөл нэг үе”, “ХХБ” багууд плэйофф-д шалгарсан. Өнгөрсөн амралтын өдрүүдэд эмэгтэй багуудын плэйоффын эхний тоглолтууд боллоо. Лиг эхэлснээс хойш нэг ч хожигдол хүлээгээгүй “Говь81” баг, плэйофф-д дөрвөөр шалгарсан “ХХБ” багтай эхний тоглолтоо хийлээ. Тус хоёр багийн тоглолт 64:55 харьцаатайгаар “Говь81” багийн давамгайллаар өндөрлөсөн. Цувралыг “Говь81” баг 1:0 харьцаатайгаар тэргүүлж эхэллээ. Харин плэйофф-д хоёр болон гурваар гарч ирсэн багууд болох “МУИС”, “Хөвсгөл нэг үе” багуудын тоглолт болсон. Тус тоглолт өгөө аваатай болсон бөгөөд эцсийн мөчид “Хөвсгөл нэг үе” баг 64:62 харьцаатайгаар өрсөлдөгч багаа буулган аван, цувралыг тэргүүлж эхэлсэн. Тус багийн хувьд Спрайт супер лигийн хошой аварга, энэ жил цом хамгаалан тоглож буй баг билээ.
Спрайт супер лигийн плей-оффын тоглолтууд ирэх амралтын өдөр “Тэмүүжин” спорт клубын зааланд болно.