Н.Энхбаярын хамгаалалтыг буулгасан нь буруу гэв

Хуучирсан мэдээ: 2012.04.16-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярын хамгаалалтыг буулгасан нь буруу гэв

МАХН-ын төв байранд өнөөдөр МАХН-ын нарийн бичгийн дарга Л.Цог, эмч Б.Жамбалжав нар хэвлэлийн хурал хийлээ. Тус намын нарийн бичгийн дарга Л.Цог хэлэхдээ “Авлигатай тэмцэх газар/АТГ/-ынхан МАХН-ын дарга Н.Энхбаярыг албадан саатуулж АТГ-т аваачна гэсэн захирамж гаргуулсан атлаа түүнийгээ зөрчиж Төв аймгийн урьдчилан хорих төвд аваачин гурав хоног хорьчихлоо. Өчигдөр Төв аймгийн ерөнхий прокурор Б.Баян-Очирын тушаалаар төрийн тусгай хамгаалалтыг нь буулгасан байна. Мөн өрөөний доторхийг хянаж байсан камерыг авсны дээр хоол унд өгөхөө байсан гэсэн. Байцаалт авна гэж баривчилсан атлаа өнгөрсөн гурав хоногийн хугацаанд байцаагч нь нэг ч удаа очиж байцаалт аваагүй. Өчигдөр орой биднийг уулзахаар очиход “Та нар ажлын бус цагаар ирлээ” гээд халгаагаагүй. Тэгсэн атлаа өөрсдөө биднийг байцаах, нэгжих, баривчлах болохоороо дандаа ажлын бус цагаар ирж байгаа нь ямар учиртай юм. Төрийн тусгай хамгаалалтад байгаа хүн рүүгээ ингэж зэрлэг хандаж байгаа манай улсад ардчиллын тухай ярих ямар ч боломж алга. Зэрлэг фашист улс болсон байна. 

МАН гаргасан мэдэгдэлдээ энэ үйл явдалд бид ямар ч хамаагүй гэсэн байсан. Өнөөдөр энэ нам төрийн эрхийг барьж УИХ, Засгийн газар цагдааг бүгдийг нь өөрийнхөө хүнээр дүүргэчихээд  мэдэхгүй гэж хэлэхээсээ ичих хэрэгтэй. Хууль гууль болоод нийгмийг тэр аяар нь хавтгайрсан аллагад оруулахад бэлэн болчихсон байхад үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг гэгдээд байгаа Ерөнхийлөгч яагаад таг дуугүй байгаа юм. Одоо бид талбай дээр жагсаал хийнэ. Тэр үеэрээ бид Ц.Элбэгдоржоос та хүчний байгууллагуудад хяналт тавьж хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаач ээ гэж асууна” гэсэн юм.

Үүний дараа эмч Б.Жамбалжав “Н.Энхбаяр даргыг баривчлахаар дайрч орж ирэхэд ньтэнд байсан нэг ч хүн эсэргүүцэл үзүүлээгүй. Гэтэл хэвтээд доошоо гэж чанга хашхирсан нөхдүүд замдаа таарсан бүх хүнийг зодож, унагасан. Баривчилгааны дараа үзлэг хийлгэхэд тэнд байсан хүний 80 нь тархины доргилттой, мөн зарим иргэд хавирганы гурав дөрөвдүгээр үе хугаралтай, хамрын ухархай нь хугарсан, цээж, гуя, хөл, нуруундаа няцралттай, хөхөрч бэртсэн байсан нь эмчийн үзлэгээр тогтоогдсон. Н.Энхбаяр даргын даралт ихсээд бие муудчихсан байхад түргэний эмчээ явуулдаггүй атлаа баривчлах хорих болохоороо чуулганы автобусандаа бөөнөөрөө чихэлдээд ороод ирж байгаа нь үнэхээр хачирхалтай санагдсан” гэв.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж