Н.Энхбаярын баривчилгаа эрх баригчдад халтай

Хуучирсан мэдээ: 2012.04.16-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярын баривчилгаа эрх баригчдад халтай

Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярын баривчилгаа сүүлийн хэдэн өдрийн гол дуулиан болж байна. Нам нэгтнүүд нь жагсч, ард түмний батлан даалтад экс Ерөнхийлөгчийг авахыг уриалж байгаа бол МАН-ын хэсэг гишүүн МАХН-ын даргынд байж байгаад халдашгүй бүрэн эрхээ зөрчүүлсэн талаар мэдэгдэж буй. Сүхбаатарын талбай дүүрэн иргэд цуглараад экс Ерөнхийлөгчөө батлан даахаар гарын үсэг цуглуулж байна гэх боловч монгол хүний сониуч, дуулиан шуугианд дуртай зангаар жанжны талбайд очсон нь дийлэнх . Харин гадаадын хэвлэлүүд бол газар газрын бүрэн эрх нь өндөрлөсөн өндөрлөөгүй өндөр албан тушаалтнуудын адал явдал, авсан өгсний талаар мэдээлдэг зарчмаар л мэдээ дамжуулж байна. Үүнийг экс Ерөнхийлөгчийн баривчилгааг гадаад орнууд эсэргүүцэж байгаа мэтээр төсөөлбөл үнэнээс хазайна.

Монголын хүчний байгууллагын болхи толхи ажиллагаа, “бөөсөнд хутга, баасанд халбага” гэгчээр хий сүржигнээн, айл андуурч бужигнуулсан ичмээр үйлдэл, баривчилгаа явуулахдаа хүний эрх бүдүүлгээр зөрчсөн зэрэг алдаа мадаг байгаа ч үүний цаана нэг л чухал зүйлийг Монголын нийгэмд нээж чадлаа.

АТГ-ынхан “авилгын акулууд”-ын нэгийг олзолж дөнгөлөө. Цагтаа  “Загалмайлсан эцэг” нэртэй явсан Н.Энхбаярын энэ баривчилгаа эрх баригчдыг айлгах учиртай. Төрөөс төрсөн тэрбумтан гэгдэх олон эрхмийн зүрхэнд өнгөрсөн баасан гаригаас хойш шар ус хураад эхэлсэн. Эхнээсээ нойргүй хонож байгаа гэхэд нэг их хол зөрөхгүй. “Авлигын эцэг” үнэхээр мөн үү, үгүй юү гэдгийг ингэж барьж л олно.МАХН-ынхны “Ард түмэн экс Ерөнхийлөгчөө сэтгэл зүрхээрээ хамгаалж байна” гэх Хойд Солонгос маягийн тархи угаалт бол арга ядсан л хэрэг юм.

АТГ жараахай хөөцөлдөж, араар нь акулууд идэж уусан шиг ээ гулилзаж явааг эрүүл саруул сэтгэлгээтэй иргэд байнга сануулсаар ирсэн. Хоёр жилийн өмнө УИХ дээр жинхэнэ авлигачдыг дуудан ирүүлж нээлттэйгээр “шүүнэ” гэсэн чинь зуслангийн байраа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичилгүй “гээчихсэн” яамны нэг ажилтан, өвчтэй ээжийгээ эмнэлэгт сахиж байгаад ХОМ-ээ заасан хугацаанаас хоцроож гаргасан татварын албаны нэг эмэгтэй харагдсан.

Тэгвэл энэ удаа баахан болхи оршилтойгоос биш акул чангаах нь чангаалаа. “Энэ хүнийг алах гээд байна. Шоронд хорлочихвол яана аа. Ард түмэн Н.Энхбаярын талд байна. МАХН сонгуульд яг ялна гэдэг нь илт болмогц МАН, АН-ын зүгээс лидерийг нь хорилоо. Долдугаар сарын 1-ний нууцыг дэлгэмэгц бариад авлаа. Бурханлиг гэгээн хүнийг буртаг болсон МАНАН-гийнхан хөөдлөө. МАХН-ын нэр хүнд эрс өсч хэдэн зуугаараа шинэ гишүүн элсч, саналаа МАХН-д өгнө гэж байна” гэхчлэн хөөрцөглөхийн оронд экс Ерөнхийлөгчийг яагаад барих болсон шалтгааныг эрүүл ухаанаар бодож үзэх ёстой.

АТГ-аас 10 удаа мэдэгдэл өгөөд байхад төрийн тусгай хамгаалалтаараа бамбайлаад очихгүй байсан гэдгийг АТГ-ынхан мэдэгдлээ. Өнгөрсөн өвөл баривчлах гэж нэг оролдоод МАХН-ын гишүүдийн “тэмцэл”-ийн үр дүнд “ухарсан” АТГ-ынхан сая л үүргээ биелүүллээ. Уг нь гэм зэмгүй хүн бол дуудсан тухайд нь очоод асуусанд нь хариулаад гараад ирэхгүй юү. Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй тул “Н.Энхбаярт ч хууль үйлчлэх учиртай.

Одоо дараагийн алхам бол нэгэнт барьж авсан учгийг алдалгүй Монголыг хэрсэн авлига, хээл хахууль, хууль бус хувьчлалын торыг хөвж задлах ёстой. Төрөөс төрсөн тэрбумтнууд гэж бүхэл бүтэн давхрага мэндлээд буй. Тэдний хэрхэн хөлжиж тэрбумтан болсныг илрүүлж чадвал саяын баривчилгааны үр дүн харагдах болно. МАН-ын үе үеийн удирдлагууд дандаа экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын гараар их улс төрд орж ирж байсан нөхөд. Ерөнхий сайд С.Батболд, Ерөнхий сайд асан М.Энхболд, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нар чухам Н.Энхбаярыг МАХН-ын дарга байхад энэ намд элсч, улмаар түүний татаасаар том улс төр рүү орж, басхүү хэрж хэлхсэн торонд хамаатай болсон хүмүүс.Мөн Ардчилсан социалист залуучуудын холбоо гэгдэж байсан хуучин МАХН-ны залуучуудын байгууллага энэ хүний гарас мэндэлсэн. Тэд экс Ерөнхийлөгчийн баривчилгаа хаашаа эргэж, хэнийг араасаа татах бол хэмээн эмзэглэж суугаа. Энэ баривчилгаагаар торны зангилааг тайлах зөв учгийг олж хөврүүлэн татсаар төрөөс хөлжигсдийг илрүүлж, авлигын индексээрээ дэлхийд баян ходоод болж яваа Монгол орныг тэр намгаас татан гаргавал АТГ байсны гавьяа тэр болно. УИХ доторх хотын бүлэглэлийн газрын наймаа, Худалдаа хөгжлийн банкны эргэлзээтэй хувьчлал, МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхий сайд байх үед АПУ компанийн хувьчлалаар 500 сая төгрөг амласан дуулиан, олон олон маапаантай асуудлын шалтгааныг одоо л олох ёстой.
                                                                                         

                                                                                        Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж