“Цэвэр өрсөлдөөн нь эдийн засгийн хөшүүрэг”

Хуучирсан мэдээ: 2012.04.16-нд нийтлэгдсэн

“Цэвэр өрсөлдөөн нь эдийн засгийн хөшүүрэг”

“Зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд боллоо. Хэлэлцүүлгийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас зохион байгуулсан бөгөөд төрийн болоод төрийн бус байгууллага, эрдэмтдийн нийт 70 гаруй төлөөлөгч цугласан юм. Энэ үеэр ШӨХТГ-ын дарга Б.Лхагва “Зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих үндэсний хөтөлбөрийг боловсруулах шаардлага, ач холбогдол” сэдвээр, Шинжлэх ухааны доктор, академич, профессор Т.Дорж “Монголын эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах  арга зам”, МШХАҮТ-ын Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Нэргүй “Зах зээлийн шударга өрсөлдөөнийг дэмжихэд хувийн хэвшлийн оролцоо” зэрэг сэдвээр илтгэлүүдийг хэлэлцүүллээ.
Өнөөгийн байдлаар Өрсөлдөөний тухай хууль манай улсад аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар  өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглох, өрсөлдөөнийг зохицуулах байгууллагын эрх зүйн харилцааг шийдэхээр хэрэгжиж байгаа юм байна. Харин Өрсөлдөөнийг дэмжих хөтөлбөр нь 2012-2017 оны хугацаанд хэрэгжих бөгөөд эрхэм зорилгыг өрсөлдөөнгүй болон төрийн зохицуулалттай салбар, зах зээлд өрсөлдөөнийг өрнүүлэх, нэмэгдүүлэх замаар үйлдвэрлэл, үйлчилгээг үр ашигт хүргэх, энэ талаарх нэгдмэл бодлогыг тодорхойлоход орших тухай хэлэлцүүлгийн үеэр онцолж байлаа. Түүнчлэн төрийн шууд болон шууд бус оролцоо нь аливаа зах зээлд давуу эрхийг тодорхой хэмжээгээр бий болгож байгааг дурдаад, эрх тэгш байдлыг асуудлаас гарах арга зам хэмээн дүгнэж байгаа ажээ.

Шударга өрсөлдөөний талаар ШӨХТГ-ын дарга Б.Лхагваас тодрууллаа.

-Томоохон монополь компаниудыг задлах тухай хэлэлцүүлгийн үеэр дурдаж байсан. Тэгэхээр давуу эрхт компанийг хэрхэн задлах вэ?

-Бид эхний удаад  асуудлыг хөндөн тавьж байна. Тухайлбал, төмөр зам, эрчим хүч, дулааны салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудыг авч үзэх юм. Тэгэхдээ эрх зүйн орчинг бүрдүүлсэн цагт өрсөлдөх чадвар бий болгох учраас ийнхүү хөтөлбөртөө тусгалаа. Дараачийн ажил бол холбогдох газрынхантай холбогдож, асуудлыг шийдэх бололцоог нээх юм.

-Барилгын салбарт тулгамдаад байгаа чанараас илүү үнээр өрсөлддөг болсон асуудлыг хэрхэн зохицуулах вэ?

-Яамдуудтай хамтарч барилгын компаниудад шалгалт хийсэн. Ингэхдээ 20 хувийн ашгийг нэмээд үзэхэд 990 мянган төгрөгнөөс илүү гарах шаардлагагүй гэсэн дүн гарсан. Бодит үнийн хүрээнд төрийн аливаа зохицуулалтгүйгээр цэвэр өрсөлдөөнийг бий болгох боломж нь байгаа юм. Хувийн хэвшлийнхний өмнө тулгарсан асуудлыг заавал төрийн оролцоотойгоор шийдэх албагүй шүү дээ. Компаниудын нийгмийн хариуцлагын асуудал болоод байгааг ойлгох л хэрэгтэй юм.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж