Н.Энхбаяр Есүс христээс хулгайлав

Хуучирсан мэдээ: 2012.04.16-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр Есүс христээс хулгайлав

Авлигатай тэмцэх газраас Намбарын Энхбаярыг баривчилсан үйл явцыг телевизээр шууд дамжуулан үнэгүй кино үзүүлэв. Шөнийн туршид цагдаагийн бүтэлгүйг гайхаж халагласан ард түмэн өглөөгүүр тэдний харгис хэрцгийг шүүмжлэн хэлэлцэв. Зөвлөлт Оросын КГБ-ын школьтой Монголын тусгай албад яагаад ингэж бүтэлгүйтсэнийг хэн ч ойлгосонгүй. Чин үнэндээ монголчууд кино үзэж хоноцгоосон. Үнэхээр кино үзсэн юм бол продюссер, найруулагч, зохиогч, жүжигчин, зураглаач, тэр ч бүү хэл тайз засагч, гэрэлтүүлэгч хүртэл байх ёстой болж таарна аа даа. Зохиол нь ерөнхийдөө Есүс Христийн амьдралаас сэдэвлэсэн байж болох. Хүн төрөлхтнийг аврахаар ирсэн Ертөнцийн эзний хүү Есүсийг загалмайд цовдлохоор авч явж байгаа хэсгийг чадварлаг харуулсан сүүдэр ший болж чадав. Есүс Христийн дүрд туршлагатай жүжигчин Н.Энхбаяр тоглосон. Кино зохиолч, найруулагч, продюссераар нь мэдээж хэрэг Н.Энхбаяр ажилласан. Ингээд киноны үйл явдлыг тоймлох гээд оролдъё. Н.Энхбаярыг АТГ-аас сэжигтнээр тооцон байцаалт өгөхийг хүсч арвантаа дуудсан ч очоогүй аж. Тиймээс хэзээ мөдгүй баривчилна гэдгийг мань эр ерөнхийдөө гадарлаж байсан. Үйл явдал өрнөх өдөр буюу 04 дүгээр сарын 12-ны өглөө АТГ-аас Төрийн тусгай хамгаалалтын албанд хамгаалалтад байгаа объектыг нь баривчлах болсноо дуулгажээ. Мэдээж хэрэг олон жил дагасан бие хамгаалагчид нь түүнд дуулгалгүй яахав. Ер нь ч уг баривчилгааг төрийн өндөр албанд он удаан жил ажилласан Н.Энхбаяр хэд хоногийн өмнө мэдэж байсныг эх сурвалж өгүүлж байна. Баривчилгаа өнөөдөр гэдгийг мэдэнгүүт яаралтай Төрийн ордон орж намуудын удирдлагуудтай уулзсан долоодугаар сарын 04-ний хурлын протколыг хэвлэлийнхэнд өгсөн билээ. Энэ хооронд мань эр сүйхээчлэн хоёр бие хамгаалагч дээрээ долоог нэмж, есөн бие хамгаалагчтай болжээ. Өөрөөр хэлбэл “Аль-Каида”-гийн толгойлогч Айман аль-Завахири, Коза Нострагийн хар тамхины боссын боссуудын хамгаалалттай ижил түвшинд хүрсэн байгаа юм. Тэр бие хамгаалагчаа нэмэгдүүлснээр сэтгэл ханасангүй. Намынхандаа мэдэгдэж, TV9 телевизийн сэтгүүлчдийг “Оргил” рашаан сувилалын ойролцоо байршуулсан байжээ. “Оргил” рашаан сувилалын дэргэдэх байр бол Н.Энхбаярын гэр биш. Монголын бүхий л рашаан сувилалуудыг өөрийн болгосон гэх түүний эцэг Намбарынх уг байранд байдаг. Тэрбээр гэртээ очвол тансаг хаусаа гэрэлд цохиулж, хэтэрхий баянаа мэдэгдэнэ гэж айгаад эцгийнхээ нэг гэрийг сонгосон байгаа юм. Нэг гэр гэдэг нь учиртай. Намбар гуайнх 40 мянгат, бас Хөгжим бүжгийн коллежийн хашаан дотор байдаг байрны нэг давхарыг тэр аяар нь эзэмшдэг. Түүнчлэн уг байшинд хоёр, гурван ч байртай юм гэнэ лээ. Энэ хоорондуур намынх нь нөхдүүд байлдааны бэлэн байдалд оржээ. Оройн 19 цагийн үед эцгийнхээ гэрийн дэргэд очиход түүний баривчлахаар тосч байлаа. Ингээд л киноны үйл явдал найруулагчийн өвөрмөц шийдлээр өрнөх нь тэр. Хойшид юу болсныг Солонгосын савангийн дууриас ч урт шууд бичлэгүүдээр үзсэн биз ээ, та бүхэн. Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэдэг. Бас тэгш үүрэгтэй байх ёстой. Тэрбээр таньдаг болгоноо дуудан зурагтынхаа өмнө суугаад ярилцлага өгөн матрын нулимс унагаж эхлэв. Тэр хэзээ баригдахаа ч сайн тооцоолж байлаа. Есүс Христ загалмайгаа үүрээд хурсан олны дундуур цус нөжөө садруулан урагш тэмүүлдэг. Тэгвэл кино зохиолд гол дүрийн жүжигчнийг шалдлах боломжгүй юм. Ямар бодибилдингийн тамирчин биш, яавч олигтой харагдахгүй нь тодорхой. Гэхдээ найруулагч хөл нүцгэн гарахаар тооцжээ. Чадварлаг найруулагч, дэндүү авъяаслаг жүжигчний хоршил. Хоршил ч гэж дээ нэг хүн юм чинь. Бор оймстой хоёр хөл нь гозойгоод л цагдаагийн машинд ачигдаж орсон дүр зураг. Өнөөдөр Христийн тухай кино үзсэн сая сая хүмүүс асгартал уйлдаг. Тэгвэл ямартаа ч Н.Энхбаярын бор оймстой хөл гозойлгон ачигдаж одсон дүр зураг цөөн хэдэн хүнийг нус, нулимстай нь хутгаж байхыг зурагтаар харав. Мань эр нэг удаа Төрийн дууллын клипэнд тоглохдоо нулимс унагаж чадсан хашир жүжигчин. Түүний баривчлагдахаасаа өмнө өгсөн ярилцлагад ном хэвлүүлснээс болсон гэдгээс өөр юу ч хэлээгүй билээ. Өөрөөр хэлбэл ариун номын гэгээрсэн хутагтын дүрд тоглож байгаа нь тэр. Кино үзсэн 2 сая 700 мянган монголын цөөнгүй нь уяран хайлав. Авлига хээл хахуулийг Монголд бий болгосон “Загалмайлсан эцэг” гэдгийг нь ард түмэн мартаж орхижээ. 2 сая 699 мянган хүнээс ч баян авлигач гэдгийг нь хэн ч анзаарахгүй болжээ. Яг л бурхан. Гэвч хэдхэн хоногийн дараа “Хаан шалдан байгаа”-г монголчууд харах биз. Эрхтэнээ солиулах мөнгөгүй эмнэлгийн орон дээр тарчилж буй өвчтөн, буцалсан усаар голдуу өл залгах өлөн зэлмүүн балчир үрс, 21 мянгадаа дугаарлан зогсох эгэл ардууд, хэдэн хүүхдийнхээ ирээдүйд санаашрах монгол эхийн сэтгэлийг дэвтээх хэдэн тэрбумыг хулгайлсан хүн шүү дээ, энэ бурхан чинь. Төрийн өндөр сэнтийгээс бараа бологчдоороо тохуурхан даажигнаж, өлмөн зэлмэн ард түмнээ тэнэг, балайгаар нь дуудаж явсан дарангуйлагч шүү дээ, энэ бурхан чинь. Өөрийнх нь ард түмэндээ 100 хувь өг гээд байгаа Оюутолгойн ашиглалтын лицензийг Роберт Фрийдландад 50 сая доллараар зарчихсан хүн шүү дээ, энэ бурхан чинь. Олон арван жил монголчуудыг захирсан Оросын төрийн тэргүүн В.Путины өмнө Оюутолгой, Тавантолгойг өгнө гээд амлаж байсан хүн шүү дээ, энэ бурхан чинь.

Ийм л кино ойрын үед зурагтаар гарч байх шив. За тэгээд олон ангит киноны үйл явдал болгон адилхан байдаг даа. Ой ухаанаа мартана, олон олон гэрчүүдээ шантаажилна, за тэгээд бас бус үйлдлүүдээр кино үргэлжлээд байна. Энэ удаад киноны төгсгөлийг харин хэлж чадахгүй нь. Хэрхэхийг зөвхөн хууль мэдэх биз.

Кино найруулагч Стивен Спилберг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж