”Геологи, хайгуулын судалгаа хоцрох гээд байгаа нь том эрсдэл”

Хуучирсан мэдээ: 2012.04.16-нд нийтлэгдсэн

”Геологи, хайгуулын судалгаа хоцрох гээд байгаа нь том эрсдэл”

Ашигт малтмалын газрын дэд дарга, Геологи, уул уурхайн албаны дарга М.Ариунбаяртай ярилцлаа.

Ярилцсан Г.Идэрхангай        

Нэг үе  эмх замбараагүй олгогдоод байсан лицензийн асуудал цэгцрэх шатандаа оржээ. Лиценз тойрсон хэл ам ч намжлаа. Ашигт малтмалын газар энэ чиглэлээр дорвитой ажил хийсэн нь анзаарагдаж байна?

Лиценз эмх замбараагүй олгогдсон гэдэг өөрөө учир дутагдалтай ойлголт. Бүгд  хуулийн хүрээнд олгогдсон байдаг. Их хэмжээгээр олгогдсон уу гэвэл үнэн. Үүнийг хуулиар хориглоогүй байсан. Харин одоо хуулийн хүрээнд ажиллаж чаддаг, ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулаад, үүнээсээ тодорхой үр дүн хүлээдэг аж ахуйн нэгжүүд үлдчихээд байгаа. Хуулиа  биелүүлдэггүй, эсвэл зөвхөн арилжааны зорилгоор асар их хэмжээний лиценз авчихсан зүй бус асуудлыг цэгцэлж дууслаа. Нийтдээ 2000 гаруй  хайгуулын тусгай зөвшөөрөл, 1000 гаруй ашиглалтын тусгай зөвшөөрөл үлдээд байна.

Гэхдээ Ерөнхийлөгчийн санаачлагаар хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг зогсоосон ч  цаашдаа энэ асуудал ямар концепцитэй явах нь тодорхойгүй байна. Хэрэв эрлийн, хайгуулын, ашиглалтын ч гэдэг юм уу, геологийн үйл ажиллагааг үе шатаар нь хуваасан хандлага руу чиглүүлбэл байдал өөр болно. Эсвэл урьдчилсан хайгуул хүртэлх түвшинд  улсын төсвөөр геологи, хайгуул явуулаад,  илрүүлсэн орд газрууддаа төр засаг  бодлогын хүрээнд олон улсын тендер  зарлаж, цаашдын нарийвчилсан болон гүйцээх хайгуулууд, ашиглалт, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааг цэгцлэх бодлогоор явбал геологчид бэлэн. Эргээд шат шатны хугацаатай  тусгай зөвшөөрөл олгогдоод явсан ч  бэлэн байна.

Хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг зогсоосон нь уул уурхайн салбарт жин дардаг хайгуулын үйл ажиллагааг саатуулахад хүргэлээ гэж үзэх  хүмүүс бий?

Хувийн хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж байна  гэж ойлгож болно.  Хувийн, улсынх нь хамаагүй,  гол нь геологийн судалгааны ажил хоцрогдолд орох гээд байна. Үүнийг аль нэг талд нь бушуу гаргаад өгөөч.

1994, 1997, 2006 оны Ашигт малтмалын тухай хуулиар хувийн хөрөнгө оруулалтаар хайгуулыг түлхүү хийдэг зарчим дээрээ байх гэж байгаа бол үүнийг түргэн шийдье. Хувийн хөрөнгө оруулалтад боломж олгоё. Эсвэл улсын хөрөнгө оруулалтаа ахиу болгоё гэвэл энэ чигээ барьж ажиллая. Геологи хайгуулын ажилд жилд дөрөвхөн тэрбум төгрөгийг төрөөс гаргаж өгдөг. Энэ мөнгө хаана ч хүрдэггүй.  200-300 тэрбум төгрөг болгох хэрэгтэй. Геологийн зураглал, эрэл, нарийвчилсан эрэлтэй, шаардлагатай газруудад урьдчилсан хайгуулын түвшний ажил хиймээр байна. Тэгэхээр энэ түвшин рүү хурдан оруулж өгөх хэрэгтэй.
  
Геологийн судалгаа өөрөө уул уурхайн бэлэн ордтой, олборлолт явуулж байгаа улс орны хувьд 15-аас дээш жил урьдчилж явж байх ёстой. 15-аас доош жил рүү орвол тухайн улсын эрдэс баялгийн салбар дампуурдаг. Эрсдэлийн 100 хувиас дээш түвшин рүү гарна  гэсэн үг. Геологи, хайгуулын судалгаа хоцрох гээд байгаа нь хамгийн том эрсдэл.

Монгол улсын хэмжээнд аль хэсэгт, ямар ашигт малтмал нь түлхүү судлагдаад байна вэ? Уран, нүүрс, алт, зэс гээд ерөнхийдөө тодорхой байдаг ч сэдэвчилсэн судалгаа хийгдэхгүй байна гэсэн шүүмжлэл гардаг?

Түрүүн хэлсэнчлэн 15-20 жилийн хугацаанд ямар ашигт малтмал үнэтэй болох вэ гэдгийг урьдчилж харж байж зураглал явагдана. Зураглалын далайцтай ажлын хүрээнд залгуулаад сэдэвчилсэн судалгаа хийгдэх ёстой. Энэ бол эдийн засгийн судалгаа. Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны хийх ажил. Энэ байгууллага хөгжлийн бодлого тодорхойлж гаргаж ирэхийн тулд “Та нар энэ чиглэлийн ашигт малтмалын судалгаагаа ахиухан явуулаарай. 15-20 жилийн дараа ийм юм болох нь байна шүү” гэж байх ёстой.

Мэдээж бидэнд хийж байгаа судалгаанууд бий. Алт, зэс молибден, вольфрам зэрэг ашигт малтмалын судалгаа хийгддэг. Харин газрын ховор элементийг сэдэвчилсэн судалгаанд оруулах ёстой. Мөн нефтийн олборлолттой холбоотой судалгааг түлхүү хийх хэрэгтэй.     
   
Дэлхийн улс орнуудын  шинжлэх ухааны түвшинд харьцуулж үзэхэд манай геологчид   тэргүүнд явдаг. Геологчид  ажлын дадлага, чадварын хувьд хоцрогдоогүй, харин Монгол улсын геологийн судалгааны хувьд бид дэлхийн дунджаас хамаагүй доор яваа. Бидэнд судлах баялаг маш их байна. Хэчнээн Оюутолгой, Тавантолгой хаана байгааг хэн ч мэдэхгүй.
 
Геологчдын хувьд боловсрол, чадвараараа дэлхийн түвшинд нэлээд дээгүүрт байдаг гэлээ. Гэхдээ анхаарах ёстой зүйлүүд бий байх?

Чадварын хувьд ямар байна вэ гэдгийг харах  хэрэгтэй. Үүнийг саяхан болсон Геологи хайгуулын хурлаар нэлээд ярилцлаа.  Масс гэдэг талаас нь харвал геологчдын чадвар дундаас доош түвшинд байгаа. Тэр тусмаа гадаадын компаниудад ажиллаж байгаа геологчдын хувьд өсч дэвжих боломж хомс байдаг нь харагдсан. Зөвхөн бидний хэлж сурснаар “суурин ажил”, одооны ойлголтоор “бичиг цаас”-ны буюу механик ажил дээр л хүмүүс ажиллаж байна.

Гэтэл геологийн шинжлэх ухаан бол ихээхэн онцлогтой. Сэтгэж ажиллах ёстой. Геологич хүн өөрийн бодол санаанд ажлынхаа үр дүнг тунгаагаад, геологийн шинжлэх ухаандаа тулгуурлаад, газрын гүнд байгаа ашигт малтмалыг тоо хэмжээ, чанар, байрлалыг төсөөлөх байдлаар бий болгож байдаг. Тэрнээс биш геологчид “далдыг хардаг Далай лам” биш. Энэ чадвараа хөгжүүлэх тал дээр нэлээд анхаарах ёстой.

Дараагийн анхаарах нэг том асуудал бол геологийн ажлын чанар. “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдэг. Амин хувиа бодсон, арчаагүй, мэргэжлийн ёс зүйгүй хүмүүсийн үйлдэл  салбарын нэр хүндэд муугаар нөлөөлж байна. Үүнийг системтэйгээр цэгцэлье. Бас нэг зүйл гэвэл гадны стандарт гэхээсээ Монгол улс уул уурхайн салбартаа өөрийн гэсэн стандарттай болох ёстой.

Өөрийн стандарттай болсноор  мянга мянган геологчдын цаашдын амьдралын баталгааг хамгаалж, хадгалж үлдэж байгаа юм. Энэ асуудлыг цэгцэллээ. Үүнийг дахиж сөхөхгүй. Гэхдээ бид гадаадын стандартыг муу гэж байгаа юм биш ээ. Стандарт болгон өөрийн зорилготой. Харин бид бол үйлдвэрлэлийн зорилгоо л барина. Зөвхөн хөрөнгө мөнгө санхүүгийн зорилго барьж ажиллахгүй. Үйлдвэрлэлийн зорилго барьдаг ийм стандартаа түлхүү оруулна.

Хамтарч ажиллаж байгаа, үүнд зөвлөгөө өгсөн байгууллагаас эхний төсөл ирсэн. Яаралтай үзэж танилцаад, дөрөвдүгээр сарын сүүл гэхэд бид өөрсдийн хувилбараа явуулна. Долдугаар сар гэхэд Монгол улс олон улсын түвшинд өөрсдийн стандарттай болох ажил бүрэн хэрэгжих юм. Ийм том том асуудлыг “Геологи-хайгуул”-ын хурлаар олон талаас нь ярьж хэлэлцлээ. Хурлаар сайн зүйлээ ярилгүй яахав, нөгөө талаасаа болж бүтэхгүйгээ ул суурьтай хэлэлцлээ.

Канад, Австрали зэрэг улсад геологийн судалгааны нүсэр бүтэц, зохион байгуулалттай багууд ажилладаг.  Манайд энэ талын том баг ажилладаггүй ч ЭБЭХЯ-ны дэргэд Геологийн албыг шинэчлэн байгуулахаар болсон.  Ийм албатай болсноор ямар өөрчлөлт гарах вэ?

Геологийн албаны хувьд байр суурь хоёр янз байгаа. Яам нэгэнт Сайдын зөвлөл, Техникийн зөвлөлөөр хэлэлцээд шийдвэрээ гаргалаа.  Би бол хэрэгжүүлэгч агентлагийг хариуцаж байгаа хүн. Гэхдээ геологч хүний хувьд   энэ байгууллага цаашид яаж санхүүжих  вэ гэдэгт санаа их зовж байгаа. Өмнө нь, Нүүрсний агентлаг гэж маш том агентлаг байсан. Сүүлдээ энэ агентлагаас найм есхөн хүн үлдэж, Эрчим хүчний газрын нэг байрны буланд байрлах болсон.

Санхүүжилт, үйл ажиллагааг нь бүрэн шийдвэрлээд, нийгэмд тогтсон ойлголт өгч чадаагүй үед ийм алхам хийвэл Геологийн алба Нүүрсний албаны хувь заяаг давтах вий дээ.

Би нэг болсон явдал ярья. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам  байгуулагдахад   тэнд манай геологчид  байрлаж байв. Тухайн үед геологчид энд юү хийдэг юм бэ гэж асуухад “Хөдөө явдаг юм” гэж билээ. Ийм л хошин гэмээр явдал болж байсан. Яваандаа тийм зүйл болохгүй биз.

Геологчид бол шууд утгаараа мөнгө зардаг хүмүүс. Логикийн хувьд ойлгох юм бол энэ хүмүүсийн зарсан мөнгөний  үр ашиг хэдэн жилийн дараа гарч ирдэг. Тавантолгой ордыг гэхэд 1970-1980-аад онд илрүүлсэн.

Тэгвэл бид гучин жилийн дараа үр ашгийг нь хүртэх гээд сууж байна.  Эрдэнэтийн ордыг 1960-аад онд геологчид л олсон. Энэ уурхай биднийг 40 гаруй жил тэжээж байна.

Өнөөдрийн эдийн засгийн шууд утгаараа, мөнгө олдог зардаг талаасаа бол  геологи бол цэвэр зарлагын ажил.  Шинэ УИХ гарч ирүүтээ “Энэ юун алба бэ. Хэрэггүй” гээд устгах вий дээ. Геологийн албыг устгадаггүй болгодог, нийгмээрээ төгс ойлгодог системд аваачаагүй үед арай эртэдсэн алхам хийчихэв үү гэж  би бодож байгаа.

Нэгэнт Геологийн албатай болсны дараа  Уул уурхайн алба, Нүүрсний алба, Кадастрын алба байгуулагдах байх. Яваандаа  Ашигт малтмалын газрыг татан буулгах болов уу.

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

Үргэлжлэлийг Mongolian Mining Journal-ийн ¹004 
дугаараас уншина уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж