“Шонхор суваг” телевиз хэдийгээр дөрөвдүгээр сарын 13-нд нээлтээ хийх товтой байсан ч шууд эфирээ дөрөвдүгээр сарын 12-нд үзэгчдэдээ хүргэсэн гэж хэлж болох юм. Учир нь тэр өдөр Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах гэж байна гэх мэдээллийн дагуу “Шонхор суваг” телевизийн шуурхай мэдээллийн алба үйл явдал болж буй газарт очиж, мэдээллийг шууд дамжуулсан. Ингэснээрээ сэтгүүлчийн ажлын онцлогоос хамаарч албан бусаарнээлтээ хийсэн хэмээн ойлгож болно. Тус телевизийн нээлтийн ёслолыг нээж “Шонхор суваг” телевизийн ерөнхий захирал Л.Мөнхбаясгалан, үүсгэн байгуулагч Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан нар тууз хайчлав. Энэ үеэр тус телевизийн ерөнхий захирал Л.Мөнхбаясгалан “Шонхор суваг” телевиз нээлтээ хийж байна. Мэдээж бусад телевизүүд бидний өмнө шангаа татсан туршлагатай. Тэгэхээр манай телевиз Монголын сэтгүүл зүйд отгон телевиз болж байна. Бидний бусдаас ялгарах онцлог бол тоочихгүй тоймлоно. Удахгүй цацагдах ярилцлага, мэдээ, нэвтрүүлгийг тойм хэлбэрээр явуулах юм. Дэлхий даяар шуурхай мэдээ маш хурдтай байгаа. Монголд ч мөн сайн байна. Тиймээс бидний ялгарах нэг зүйл нь зөвхөн тоймлож анализ хийх явдал. Миний бодлоор дэлхийн сэтгүүл зүй яг энэ чиглэл рүү явж байгаа гэж ойлгож байна” гэлээ. Харин Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан тус телевизийн хамт олонд амжилт хүссэн юм.
“Тойчихгүй тоймлоно” гэсэн уриатай “Улс төрийн тойм” сонин, “Шонхор суваг” телевиз, удахгүй гарах “IPOST.mn” сайт нийлээд хэвлэл, мэдээллийн салбарын отгон медиа групп болж байгаа юм. Тус медиа группийн ард хэн нэгэн улстөрч, бизнесмэн байхгүй, гагцхүү сэтгүүлч эзэнтэй гэдгээрээ бусдаас ялгарч буй. “Шонхор суваг” телевизийн нээлтийн ажиллагааны үеэр Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид “Монголын сэтгүүл зүй нэгэн шинэ телевизээр бүл нэмж байгаад Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгчийн хувьд туйлын баяртай байна. Шинэ телевиз гэдэг бол шинэ боломж, мэдээллийн шинэ суваг, сэтгүүл зүйн шинэ өнгө төрх байдаг учраас маш талархалтай хандаж байна. Хуучин тогтсон уламжлалыг эвдэхээс илүүтэйгээр цоо шинээр ажиллах нь илүү амархан бөгөөд дэвшилттэй байдаг. Тийм ч учраас “Шонхор суваг” телевизийн үйл ажиллагаа шилдэг, хамгийн сайн телевиз байх үүд хаалга нээлттэй гэж хэлмээр байна. Ингээд танай хамт олонд амжилт хүсье” хэмээсэн юм. Мөн Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн захирал М.Наранбаатар хэлэхдээ “Шинээр телевиз нээж байгаад баяртай байна. Танай захиралтай яриад сууж байхад техникийн хувьд боломжийн шийдлүүд хийжээ. Телевиз гэхээр кино, спорт зэрэг хулгайн зүйл нэлээд байдаг. Энэ бүхнээс татгалзаж эдийн засаг, улс төрийн мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулна гэдэг нь үндсэндээ телевизийн хөгжлийн голдирол зөв тийшээгээ явж байна гэж ойлгож байна.“MNC” мэдээллийн телевиз хэд хоногийн өмнө байгуулагдсан. Одоо танай телевиз нээлтээ хийлээ. Тэгэхээр зөв хандлага, орон зай руу явж байгаа болов уу. Зөвхөн телевиз гэлтгүй сайт ажиллуулахад “Улс төрийн тойм”сонины маш туршлагатай баг байгаа нь Монголын сэтгүүл зүйн хөгжилд маш том орон зай болж байна. Сониныхон телевиз рүү орно гэдэг онцлогтой харагдах байх. Иймээс та бүхний уран бүтээл, цаашдын ажилд амжилт хүсье” гэв.
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн салбарт телевиз олноор мэндлэх болсон. Энэ бүгдээс ялгарч, үзэгчдэдээ илүү мэдээлэл өгөхийн тулд “Тоочихгүй тоймлоно” уриатайгаар “Шонхор суваг” телевизийнхэн ажиллаж байна. Ийн ажиллахын тулд чадварлаг боловсон хүчин хэрэгтэй. Тиймээс “С1” телевизийн мэдээний албаны даргаар ажиллаж байсан Ө.Отгонбаатар “Шонхор суваг” телевизийн ерөнхий редактороор ажиллаж байгаа юм. Ерөнхий продюсерээр Д.Сангибат, Инженер, техникийн албаны даргаар Б.Өлзий-Учрал нар ажиллаж байна. Нээлтийн ёслолын үеэр “Шонхор суваг” телевизийн ерөнхий редактор Ө.Отгонбаатар “Шонхор суваг” телевиз албан ёсоор нээлтээ хийлээ. Зөвхөн “Шонхор суваг” телевиз биш “Улс төрийн тойм” сонин, “IPOST.mn” сайт нийлээд сэтгүүлч эзэнтэй медиа групп болж байгааг албан ёсоор зарлаж байгаа юм. “Шонхор суваг” телевизийн бусдаас ялгарах мэдээ мэдээллийн онцлог юу вэ гэхээр хажуудаа “Улс төрийн тойм” сонин байгаад оршино. Энэ сонин бол ерөнхийдөө улс төрийн чиглэлээр дагнан бичдэг. Тиймээс бид “Улс төрийн тойм” сонины тоймчдын баг, мөн залуу боловсон хүчинтэй хамтраад дээрх чиглэлээр мэдээ мэдээллийг хүргэх болно. Ингэхдээ хараат бус сэтгүүл зүйн зарчмыг баримтлан ажиллана. Бидний уриа бол “Тоочихгүй тоймлоно” гэсэн юм. “Улс төрийн тойм” сонин, “Шонхор суваг” телевиз, “IPOST.mn” сайт мэдээллийн алтан гурвалжин үүсгэн ажиллаж эхэллээ. Тэд мэдээллийг түргэн шуурхай, үнэн бодитой, тэнцвэртэйгээр уншигч, үзэгчдэд тоймлон хүргэх юм.
"Улс төрийн тойм" сонин