Стефан Цвейгийн “Танихгүй эмэгтэйн захидал” зохиолоос сэдэвлэн найруулагч Н.Наранбаатарын бүтээсэн “Үл таних эмэгтэй” кино нийслэлийн театруудаар гарч эхлээд байгаа. 1922 онд хэвлэгдсэн уг тууж дэлхийн утга зохиолын сан хөмрөгийн шилдэг бүтээлүүдийн жагсаалтад бичигддэг бөгөөд өнөөг хүртэл уг зохиолоос сэдэвлэн дөрвөн кино хийжээ. Эхнийх нь 1948 онд бүтээсэн, АНУ-ын найруулагч Ховард Кохын кино. 1992 онд Конгрессийн номын сангаас үүний урлаг, түүх, гоо зүйн үнэ цэнийг нь үнэлэн үндэсний шилдэг киноны жагсаалтад оруулсан байна.
Харин дараа нь 2001 онд Францын найруулагч, 2004 онд Хятадын найруулагч тус тус өөрсдийн хувилбараар кино болгон туурвисан. Нулимс дуслуулан уншмаар уянгын энэ зохиолоор хийсэн дэлгэцийн отгон бүтээл нь Монголын найруулагч Н.Наранбаатарынх. Манай хойд хөршид 1975 онд “Танихгүй эмэгтэйн захидал” дуурь болон тайзнаас эгшиглэж байжээ.