Гараандаа гарсан хөтөлбөр бариандаа хэзээ очих бол

Хуучирсан мэдээ: 2012.04.16-нд нийтлэгдсэн

Гараандаа гарсан хөтөлбөр бариандаа хэзээ очих бол

Өнгөрсөн  долоо хоногийн  хувьд иргэдэд хамгийн хэрэгтэй онцлог мэдээ нь Засгийн газраас хэрэгжүүлж буй “100 мянган” айлын орон сууц хөтөлбөрийн хүрээн жилийн зургаан хувийн хүүтэй зээлийг иргэд эхнээсээ авч  эхэллээ гэх мэдээлэл байлаа. Экс ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчилсан дуулиан, шуугианы  завсраар бүдгэрсэн болохоос биш байртай болохыг мөрөөдөж буй бага, дунд орлоготой иргэдийн хувьд хамгийн чухал сэдэв шүү дээ.  Томчуудын уралцаан, хэрүүл, шуугианд хэтэрхий улстөржиж, хэн нэгнийг шүүн тунгаах, буруушаан хэлэлцэхээс илүү барилгачдын зөвлөлгөөний үеэр байрны үнийг 1,1 сая төгрөгөөс хэтрүүлэхгүйгээр барихаар болсон явдал Монголын мянга мянган иргэдийн хувьд хүлээж хүсч байсан зүйл биш гэж үү.

Орох орон оочих аягатай байна гэдэг хувь хүний тусгаар тогтнол. Тиймдээ ч эхлээд биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад улсаа зас гэдэг биз дээ. Зөвлөгөөний үеэр Ерөнхий сайдын  “Монгол хүн эрүүл, боловсролтой байж орлого олж, бүтээлч амьдрахад зайлшгүй шаардлагатай нэг материаллаг хөрөнгө бол орон сууц юм” гэж хэлсэн нь хаа очиж туйлын үнэн үг байсан шүү. 

“Зуун мянган айлын орон сууц” хөтөлбөр, зургаан хувийн хүүтэй зээлийг олонх нь “худлаа, шоу” хэмээн бодсон хэрнээ л байртай, орон сууцтай болох иргэдийн хүсэл нийгэмд багагүй хүлээлт үүсгэчихсэн шүү дээ. Даанч, иргэдийн хүлээлт, эрэлт хэрэгцээг барилгын компаниуд овжноор ашиглаад байгаа болохоос  уг нь энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тийм ч их хүндрэлтэй биш юм билээ. Мөнгө улаан, нүд цагаан гэдэг ч гэлээ утаагүй Улаанбаатарын төлөө, бага дунд орлоготой иргэдийг байржуулахын төлөө барилгын компаниуд жаахан ч гэсэн хүнлэг сэтгэл л гаргачихвал болчих юм шиг санагдсан.  Тэдэнд  мөнгөгүй, хүнд хэцүү үе тохиож л явсан, цаашдаа ч тохиолдохгүй гэх баталгаагүй.  Хүнд хэцүү бэрх  үед нь тэдэнд төр дэм, дэмжлэг үзүүлсэн, хариуд нь харин тэд үнийн өсөлтөөр өнөөдөр “бэлэг” барьж байна. Орон сууцны үнэ сарын дотор л бараг 200-300 мянган төгрөгөөр нэмэгдчихээд байгаа. Өнгөрөгч баасан гаригт болсон барилгынхны зөвлөгөөний үеэр иргэдэд орон сууцны хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэнтэй холбогдон энэ оны гуравдугаар сарын байдлаар “100 мянган айлын орон сууц” төслийн хүрээнд баригдаж ашиглалтад орж байгаа болон захиалга авч байгаа орон сууцны барилгын 1м2 талбайн худалдан борлуулах дундаж үнэ 1.570.8 мянган төгрөг болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 292.5 мянган төгрөгөөр буюу 22.9 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг албаны хүмүүс ч хэлсэн.  Орон сууцны үнийг судлаж үзэхэд барилгын компаниуд нь зах зээлд дэх эрэлтийн өсөлтийг далимдуулан бодит бусаар үнээ хөөсрөлттэй тогтоодог нь “баригдаж”. Уг нь бол барилгын нэгж талбайн төсөвт өртөг, барилга угсралтын ажлын үнийн индексийн дагуу орон сууцны барилгын  нэг метр квадрат  талбайн өртгийг тооцоход дээд тал нь 1,193 сая төгрөгөөр үнэлэгдэх ёстой гэсэн.  Энэ мөнгөөр орон сууцаа зарлаа гэхэд барилгын компаниудад 20-30 хувийг ашиг унах гэсэн шүү.  Хэрвээ барилгын компаниуд хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл орон сууцныхаа үнийг 1,1 сая төгрөгөөс бууруулах хэрэгтэй болох нь. Харин хөтөлбөрт хамрагдахгүй гэвэл төрөөс үзүүлж буй элдвийн хөнгөлөлтөөс холуур өнгөрөх бололтой. Гэхдээ энэ бол сүрдүүлэг биш байх л даа.

Мэдээж, Монгол Улс чөлөөт, ардчилсан, зах зээлийн эдийн засагтай. Хэн хэдээр байшингаа зарах нь тэдний хэрэг. Тэр утгаараа компаниудын барьсан барилгын үнийг Засгийн газар хүчээр бууруулж чадахгүй. Гэхдээ хэнийг хэрхэн дэмжих, яаж дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх бүрэн эрх бий. 

Засгийн газар “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан орон сууцны барилга, хотхон, хороолол, түүний дэд бүтцийг төлөвлөх, барих, гэр хорооллын газрыг чөлөөлөх ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагч болон төсөлд хамрагдсан аж ахуйн нэгж, иргэдэд бага хүүтэй, урт хугацаатай орон сууцны зээл, санхүүжилтийг олгосон банк, санхүүгийн байгууллагыг татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах, мөн аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэсэн ажил, үйлчилгээ, үйлдвэрлэсэн бараа, импортолсон материал, техник, тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх,орон сууцны хотхон, хорооллын инженер /цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус, холбоо/-ийн хангамжийн түгээх гол шугам сүлжээг төлөвлөх, барих ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагч нарт улсын төсвөөс тухайн ажлын санхүүжилтийг буцаан олгох механизмыг хэрэгжүүлнэ гэдгээ барилгынхны зөвлөгөөн дээр ил тод зарлана лээ. Төрийн туслалцааг хүртээд, татварын хөнгөлөлтөд хамрагдах уу, эсвэл байрны үнийг зах зээлийн ханшаар бус хөөсрөлтэй, хөөрөгдөлтэй тогтоож, дангаараа зүтгээд хол явах уу үгүй юу гэдгээ барилгын компаниуд шийдвэрлэх хэрэгтэй болжээ. Төслийн  хүрээнд орон сууцны цогцолбор хорооллуудыг барих, гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх зорилгоор  эхний ээлжинд Баянголын ам, Буянт-Ухаа, Яармаг, МҮОНРТ-ийн орчмын орон сууцны хороолол, 7, 14-р хорооллын цахилгаан, цэвэр, бохир ус, дулаан хангамжийн шугам сүлжээ, барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэхэд зориулан нийт 408.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг Хөгжлийн банкнаас гаргахаар боллоо. Итгэл, эргэлзээ дагуулсан эрэлт хэрэгцээгээр эрхбаригчид шоудаад өнгөрчихгүй бол энэ хөтөлбөр хэрэгжиж магадгүй нь гэх гэрэл хонгилын үзүүрт гялсхийлээ.  Ямар ч байсан гараандаа гарсан хөтөлбөр бариандаа очих хугацаа нь 2016 он. Энэ хүртэл эдийн засаг хямралгүй, улс төр тогтвортой байвал иргэдийн байртай болох мөрөөдөл биелэгдэж магадгүй нь.  Дандаа л ус цацаж байхаар нэг удаа ч гэсэн сайнаар, сайхнаар хүлээж авьч. Амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг болохоор тэр.

Ж.Нямсүрэн


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж