Ч.Сангарагчаагийн шүүх хурал үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

Ч.Сангарагчаагийн шүүх хурал үргэлжилнэ

Чингэлтэй дүүргийн шүүхийн танхимд АТГ-ын дарга Ч.Сангарагчаа нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр 10.00 цагаас эхлэж оройн 21.40 цагт завсарлав. Шүүх хурлын дараа Ч.Сангарагчаа Чингэлтэй дүүргийн гурван цагдаагийн албан хаагч, энгийн хувцастай хоёр эрэгтэй нийт таван хүнээр хүрээлүүлэн их л сүр дуулиантай гарч одов. Сонин хэвлэл, телевизийн зураглаач, гэрэл зурагчдыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн гурван албан хаагч  Ч.Сангарагчаагаас холдуулан түлхэснээр зураг авах боломж олгосонгүй.  Зарим хөндлөнгийн хүний яриагаар Ч.Сангарагчаа  шүүхийн танхимд  шүүгдэгч бус  тус шүүхийн удирдлага шиг  байсан нь  бусдыг эгдүүцэхэд хүргэсэн бололтой. Шүүх хурлын дараа нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Ё.Сагсайгаас  зарим нэг асуултад хариулт авах гэсэн боловч ” Шүүх хурлын эцсийн шийдвэр гараагүй.  Ч.Сангарагчаад холбогдох хэргийг маргааш / өнөөдөр/ 9.30 цагаас үргэжлүүлэн хэлэлцэнэ. Төрийн нууцад хамаарах хэргийг хэлэлцэж буй учраас мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариулт өгсөн юм. Шүүгдэгч Ч.Сангарагчаа нарын дөрвөн хүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87,1 буюу төрийн нууц задруулсан, 111.2 буюу хүний нэр төрд халдаж гүйтгэсэн ,133.1 буюу гүйцэтгэх ажиллагааны тухай хууль  тогтоомж зөрчсөн, 263.2 буюу төрийн албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашиглах, 273.2 буюу төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан  гэх зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэснийг Чингэлтэй дүүргийн шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж байгаа юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж