Нөхцөл байдлыг шүүмжлэгч нар тэр орны үйл явдал нь Америкийн аюулгүй байдал ба сонирхолд “ер бусын ноцтой” аюул учруулж байна гэсэн Обамагийн үгнээс эхлээд Барууны оролцоог үгүйсгэсэн олон тооны саналыг гарган хэлж байлаа. АНУ-ын жинхэнэ ашиг сонирхолд нийцэхгүй жишээг үүнээс өөрөөр олохгүй гэхээр бодит хэрэг энэ болсон биз. Ливи гэдэг нь өөрийн хүрээнээс хальсан хэмжээнд улс төрийн эсвэл стратегийн сулхан нөлөөг ч үзүүлж чадахааргүй жижиг орон билээ. Этгээд ааш араншинтай ч гэсэн Каддафи аль эрт өөрийн террорист дуулиан ба боловсроогүй цөмийн амбицаас татгалзсан нэгэн юм. Хэдийгээр нефтийн олборлолтоороо дунд зэргийн орон ч гэсэн тэндхийн тогтворгүй байдал нь дэлхийн нефтийн зах зээлд даруухан нөлөөг үзүүлж байв. АНУ-ын толгойлсон цэргийн загалмайлсан аяныг зөвтгөх стратегийн ба эдийн засгийн үндэслэл үнэндээ байхгүй аж.
Болгоомжтой бодлогын талыг баригчид хүртэл агаарын орон зайд нь нислэгийн хязгаарлалттай бүс тогтоож агаараас хийх хатуу цохилтын талаар тооцохгүй байсан ч энэ байлдаан урт хугацааных байх болно гэж анхааруулж байгаа. Мөн Америкийн шинэ дайн тэнгэрийн хаяанд харагдаж утаа суунаглуулж эхэлснийг эсэргүүцэгсэд АНУ өөрийн мөрөн дээр Ирак, Афганистан мэтийн нутаг дэвсгэрт цэргийн болон санхүүгийн асар их ачаа үүрч буйг хэлж байна. Холбооны хэрэгжүүлж буй төсвийн 1,5 их наядын цоорхойтой америк үндэстэн бас нэг хэрэггүй “сонголтын дайн” явуулахад мөнгө зарах шинэ аргыг хайж төвдсөнгүй.
Ливийн хэрэгт хутгалдан оролцох нь АНУ ба түүний холбоотнуудад үл анзаарагдахаар урхитай юм. Үймээн гаргагчдын нэрийн өмнөөс ийнхүү “сайн санааны” хэрэгт хутгалдаж байгаа нь энэ улсад, мөн арабын ертөнцөд Вашингтон нь Ливийн бослогыг өөрийн сонирхолд ашиглаж байна гэх сэжиг төрүүлж магадгүй юм. Мусульман хүмүүсийн дунд Америкийн нэр хүнд муутайг тооцоод үзэхэд тийм сэжиг төрөх нь лавтай бөгөөд түүнд итгэж байгаа нь ойлгомжтой. Нислэгийн хориотой бүс байгуулах асуудлыг Арабын лигийн орнууд дэмжиж байгаа нь тэр сэжгийг зөөлрүүлэх боловч бүрэн арилгахгүй. Үнэн хэрэгтээ “арабын гудамжинд” Арабын лигийн орнуудад төлөөлөлтэй олон дэглэмүүдийг Вашингтоны гар хөл гэж үздэг. Түрэмгийллийн эхлэлийн дараа Америкийн имперализм, Европын неоколонизм гэсэн хаягаар шүүмжлэл ирэхийг удаан хүлээх шаардалагагүй бололтой. Барууны улс орнууд энэ аян дайнд гутлаараа хуурай газар гишгэхгүй гэсэн өөрийн үүргээ биелүүлсэн боловч эдгээр шүүмжлэлээс зугатаж чадахгүй нь тодорхой.
Эцэст нь АНУ ба тэдний холбоотнууд Ливийн улс төр ба демографын бамбалзууртай минийн талбайд орж байна. Барууны хэвлэл мэдээлэл, улстөрчид босогчдын талаар өөрийн дарангуйлагчаасаа эх орноо чөлөөлөх гэсэн зоригтнууд гэх төдийн өнгөц ойлгомжтой байна. Гэтэл хэрэг явдлын илүү чухал элементүүд бий. Ливи бол өөрөө Европын колоничлогч орнуудын бий болгосон улс төрийн нэг эмзэг хиймэл бүтээмж юм. Хоорондоо таарамжгүй гурван мужаас Итали нь өөрийн Ливийн колонийг бүтээсэн билээ. Тэдгээр нь зүүн хэсгийн Киренаика (Бенгази ба Тобрук хотуудын орчин), баруун хэсгийн Триполитаниа (колонийн нийслэл болсон Триполийн орчим) ба хүн ам сийрэг нэг их чухалд орохгүй өмнө зүгийн Фессен гурван муж юм.
Киренаика ба Триполитанид оршин суудаг янз бүрийн омгийнхон хоорондоо нийтлэг зүйл байхгүйд асуудлын гол нь оршино. Тэдний хооронд дайсагнал бишгүй л гарч байлаа. Гэсэн хэдий ч дэлхийн II дайнд ялагч холбоотнууд дайны дараа Ливийг Италиас авч хяналтаа тогтоохдоо тэр тогтворгүй нэгдлийг батжуулахын оронд хэвээр үлдээсэн юм.
Энэ асуудал зөвхөн түүхэн сонирхол биш. Киренаика ба Триполитаниа хоёрын хоорондын эрс ялгаа нь Ливи тусгаар тогтнолоо авсны дараа ч үлдэж өнөөг хүртэл хадгалагдаж иржээ. Каддафийн дэглэмийн эсрэг өнөөгийн бослого Ливийн зүүн хэсэгт нь эхэлж босогчид Бенгази ба Киренаикагийн бусад хотуудыг хамгийн түрүүнд эзлэн авсны учир энд байгаа. Дэглэмийн эсрэг өмнөх хөдөлгөөнүүд ч мөн л тэндээс эхэлж байв. Каддафи бол Триполитаниас гаралтай урт хугацааны хувьд баруун хэсгийн омгуудаас хамааралтай байсан бөгөөд түүний засаглал нь тэр мужийнхнаас бүрэлдсэн аюулгүйн албанд тулгуурлан тогтож байна. Жагсагчид ба дайчид зүүн хэсгийг амархан хяналтдаа авсан бол тэд Триполитанид нэвтрээд амархан бүдэрч байлаа.
Босогчдын төлөвлөгөө тодорхойгүй ч, гэхдээ хоёр үндсэн боломж нь түрэмгийллийг эхэлсэн АНУ ба холбоотнуудын хувьд адилхан ноцтой асуудлыг үүсгэж байгаа. Боломжийн нэг хувилбар нь босогчдын лидерүүд Триполитанийнхантай байраа солин байж Ливийн бүрэн бүтэн байдлыг хадгалах юм. Нэг үгээр хэлбэл Каддафийн дэглэмийг ялан дийлэх нь “тооцоо бодох” цагийг авчрах аж. Нөгөө боломж нь тэд улс орныг хоёр хуваан Киренаикаг тусгаар тогтносон улс болгох. Тийм зорилгын “түүхэн жүжиг” ч байдаг аж. Ливийн ван байсан Идрис дэлхийн хоёрдугаар дайны дараа АНУ ба холбоотнуудад хэлэхдээ тэр зөвхөн Киренаикаг захирах хүсэлтэйгээ хэлж байв. Хэтэрхий том нэгдлийг хянахаар оролдох нь аюултай тогтворгүй байдлыг гаргана хэмээн Идрис үзэж байжээ.
Бушийн засаг захиргааны удирдлага Иракийн суннит арабууд, шийтүүд ба курдуудын зөрөлдөөний мөн чанарыг дутуу үнэлсэн билээ.. Тэр алдаа нь Вашингтоны толгойн өвчинг нэмэгдүүлсэн юм. Обамагийн засаг захиргаа нь ийм алдааг Ливид давтахад бэлэн байна. Каддафийг унагахад нь Киренаикийн босогчдод тусалснаар Триполитаниин ард түмний дургүйцлийг төрүүлэх нь лавтай. Хэрэв босогчид улс орноо хуваавал дэлхийн мусульманчууд Барууны орнуудад дургүйцэж эхэлнэ. Босогчид Ливийн бүрэн бүтэн байдлыг хадгалсан ч триполитаничууд захирагдах болсондоо Вашингтоныг муулах нь ойлгомжтой. Ямар ч тохиолдолд АНУ ба түүний холбоотнууд шинэ дайсантай болох аюултай байдалд оржээ. Энэ л Америкт хэрэгтэй байгаа тэр зүйл нь мөн юм байх даа ?!
Эх сурвалж: Another War of Choice