П.Баасан ламыг хордуулсан гэв

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

П.Баасан ламыг хордуулсан гэв

Талийгаач Д.Баасан ламын эхнэр З.Алтанцэцэг, хамтран зүтгэж  байсан нөхөд нь сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд Д.Баасан ламын үхэл нь зохион  байгуулалттай, улс төрийн шинж чанартай аллага  байсан хэмээн мэдэгдсэн юм. Түүний эхнэрийн хэлснээр Д.Баасанлам өвчний улмаас бус хордож нас барсан гэж үзжээ. Талийгаачийн 49 хоног нь өчигдөр дууссан байна. Тиймээс 50 дахь хоног дээр нь мэдээлэл хийж буйгаа тайлбарлалаа. Хурлын үеэр түүний эхнэр З.Алтанцэцэгээс зарим асуултад хариулт авлаа.

-Талийгаачийн эрүүл мэндийн байдал ямар байсан бэ?
-Ямар ч архаг хууч өвчингүй. Эрүүл саруул байсан хүн шүү дээ. Ардчилал, эрх чөлөө, шударга ёсны төлөө тэмцэж явсан  ханиа зуурдаар алдлаа.
-Задлан шинжилгээнд оруулсан биз дээ. Хор өгсөн гэдгийг нотлох ямар баримт байна вэ?
-Хань маань суугаагаараа нас барсан. Бие нь гэнэт муудаад  эмнэлгийн тусламж дуудахад цусны эргэлт нь зогссон байсан хэрнээ зүрх  нь цохилж байсан. Задлан шинжилгээнд оруулахад хүчтэй хордолт, нойр булчирхайн цус харвалт гэж гарсан юм. Харин сүүлд нь  ганцхан зүрх нь зогссон гэх оноштой болсон байна лээ.
-Хордсон байх ямар нэг шинж тэмдэг ажиглагдсан уу. Та  нас барах үед нь хамт байсан юм уу?
-Би тухайн үед өөр газар байсан. Талийгаач маань гэртээ, хоёр хүүхэдтэйгээ байсан юм. Нас барсны дараа гарын хурууны бүх хумс нь хар болсон. Бас нүүрэн дээр нь хуруугаар чанга дарсан мэт толбонууд гарч ирсэн.  Үүнийг оршуулгад оролцсон 200-300 хүн гэрчилнэ. Ямар ч өвчин хуучгүй хүн гэнэт нас барсан нь хүн болгоны гайхшралыг төрүүлж байна. Яах аргагүй хордуулсан  байхаас өөр аргагүй.
-Тийм хороор хордуулсан гэх таамаг бий юу?
-Бид үүнийг шалгуулж тогтоох болно. Олон баримт бий. Ямар ч гэсэн үнэргүй, амтгүй, ургамлын гаралтай хор болов уу гэж таамаглаж байна. Энэ нь бухимдах, стрессд орох үед хүчтэй илэрдэг байх магадлалтай. Талийгаач маань 25-наас хойш нэг л тайван бус байсан. Хор гэдэг аажмаар ирдэг зүйл юм байна. Эртнээс зохион байгуулалттай хийсэн хэлмэгдүүлэлт гэж үзэж байгаа.
 -Та 20 гаруй жил дарамт шахалтад амьдарсан гэлээ. Чухам хаанаас ямар дарамт үзүүлсэн юм?
-Миний ханийг амьд сэрүүн байхад оюун санаа, ажил хөдөлмөрөөр нь хавчин шахаж байсан. Улс төрийн тэмцэл хийгээд хүссэн зорилгодоо хүрснийхээ дараа улс төрөөс ангид байх гээд Гандантэгчинлэн хийддээ очсон юм. Гэтэл Хамба лам Чойжамц ганданд суух эрхгүй болгож хөөж тууж байсан удаатай. Үүний дараа “Чойжин ламын сум музей”-г сэргээх гэж хүчин зүтгэж явсан. Харин Чойжин ламын сүм музей БСШУЯ-ны харьяанд шилжсэн учир “Гэсэр” сүмийг өгсөн юм. Гэтэл бас л хавчин гадуурхаж “Гэсэр” сүмийг дээрэмдэж авсан. Миний хань энэ бүхнийг тэвчиж сүмийнхээ хашаанд алга дарамхан газар гэрээ бариад суусан ч бас л хөөж туугаад, өдөр бүр зохион  байгуулалттай хулгай оруулж байсан шүү дээ. Сүүлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тангараг өргөх ёслолд уригдаад явсан  хойгуур нь манай гэрийг тойруулаад төмөр хаалт хийсэн байсан. Бид үүний зургийг авч баталгаажуулсан байгаа. Эцэстээ оюун санаа, бүх зүйлээр нь хэлмэгдүүлээд дийлэхгүй болохоороо хор өгч алдаг юм байна.
-Талийгаачийн үхэлд МАХН-ыг буруут­гах ямар үндэслэл байна вэ?
-Миний нөхрийн үхэл Монголын алдарт хувьсгалт намыг байгуулсан нөхдөд ямар хэрэгтэй байсан юм бэ гэж асуумаар байна. Энэ индрийг ашиглаад УИХ-ын гишүүн Ц,Шинэбаяр, Н.Удвал нараас МАН гэх нэрийг хэрхэн хамгаалж, хадгалж ирснийг яагаад ойлгохгүй байгаа юм бэ? гэж  бас асууя. Талийгаачийг элдвээр хэлж, улс төр хийж байгаа нь монгол хүнд байж боломгүй, ёс суртахуунгүй үйлдэл бус уу. Нас бараад 49 хоног ч дуусаагүй байхад “Эх орон, улс үндэстнээ аврах нэгдсэн хөдөлгөөний гишүүн Д.Нинж, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал нарын хүмүүүс “Eagle” телевизээр ярилцлага өгч ясыг нь өндөлзүүлж байсан нь үхлийн шалтгаанд бас нэг эргэлзээ төрүүллээ гэсэн юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж