Д.Батбаяр: Сумочдыг татах санал ирсэн

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

Д.Батбаяр: Сумочдыг татах санал ирсэн

УИХ-ын гишүүн, Монголын Сумо бөхийн холбооны ерөнхийлөгч Кёкүшюзан Д.Батбаяраас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

-Японы нөхцөл байдал ямар байгаа талаар танд хамгийн сүүлд ямар мэдээлэл ирж байна. Түүнтэй холбоотойгоор Монгол-Японы хоорондын харилцаа, авч хэрэгжүүлэх арга хэмжээнд хувьсал өөрчлөлт ажиглагдаж байна уу?

-Нөхцөл байдал өөрчлөгдсөн зүйл багатай байна. Япончууд өөрсдөө бүх төрлийн тусламж авах­гүй гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ энэ нь баян тансаг гэдэг утгаараа биш, гамшигт өртсөн хүмүүсийн итгэл сэтгэлтэй холбоотой. Монголоос Япон руу нилээдгүй тусламж очсон. Тэнд буй Монголчуудыг авчрах ажил хэвийн явж байгаа. Гэвч тэндээс ирэх сонирхолгүй хүн олон байна. Манай Сонгино­хайрхан дүүргээс нилээд хүн явсан даа. Тэднийг татаж авчрах гэхээр ирэх сонирхолгүй байгаагаа хэлж байгаа.

-Сумо бөхийн холбооны ерөн­хийлөгчийн хувьд таны амыг харж буй хүн олон байгаа?

-Сумочдын асуудал нилээд яриг­даж байгаа. Эндээс ч гэсэн сумоч­доо татаж авах нь зүйтэй гэх саналууд гарч байна. Гэхдээ одоохондоо байдлыг жаахан харз­ная гэх байр суурьтай л бай­гаа. Сумочдын маань гэр бүлийнхэн “Сумогийн холбооны ерөнхийлөгч өө, тэнд байгаа хүүх­дүүдээ авмаар байна” гэж хү­сэлт тавьсан. Түүнчлэн энэ нь ердийн нэг оюутнуудын тухай биш мэргэжлийн сумотой холбоотой тул тийм амар зүйл биш. Бид нэг тогооноос хамт хоол идэж байсан атлаа зовсон үед нь зугтаагаад явчхаж болохгүй байх,  ер нь хүнлэг байхтай холбоотой зүйл ч бий. Гэвч хамгийн хүчтэй газар хөдлөлтөөс хойш дахиад 200 гаруй удаа газар хөдөлсөн, дахиад илүү хүчтэй газар хөдөлж магадгүй, дөрвөн атомын цахилгаан станцын үйл ажиллагаа зогсож, хорт цацраг алдагдаж буй нөхцөл байсаар байгааг тоохгүй байж болохгүй. 

-Тэгэхээр одоогоор хүмүүсээ татаж чадахгүй гэсэн үг үү?

-Цацрагийн хэмжээ нь гэхдээ онц байдал зарлахаар хортой нөх­цөлд хүрээгүй байна. Ийм үед бид байдлыг дахиад харья. Эвгүйдэхээр бол хүүхдүүдээ авахад бэлэн байх нь зүйтэй гэж хүлээсэн байдалтай л байна. Засгийн газар, Тэргүүн шадар сайд болон шадар сайд, Эрүүл мэндийн С.Ламбаа сайдтай зөвлөлдөж байж хүүхдүүдээ авах тухай албан ёсны бичиг өгөхгүй бол манай хүүхдүүдийг явуулахад “хэцүү” шүү дээ. Сумо бөхийн холбоо ч гэсэн тийм үзэл бодолтой байгаа. Ер нь өнөөгийн яг энэ үед авахад арай тохиромжгүй байна.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж