Бүртгэлээс 72 компани хасагдахад бэлэн байна

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

Бүртгэлээс 72 компани хасагдахад бэлэн байна

Хөрөнгийн биржийн вэб сайтаас үзэхэд тэнд бүртгэлтэй 330 орчим компани байдаг. Гэхдээ өдөр тутмын арилжаанд тэдгээрээс ердөө 10 орчим хувь нь л оролцдог. Тэгвэл бүр огт үйл ажиллагаа явуулдаггүй компаниуд ч жагсаалтад байсаар л …
Харин Монголын хөрөнгийн бирж /МХБ/ лангуун дээрх чанартай, чанаргүй бараандаа clear хийж эхэлсэн байна. Биржид бүртгэлтэй байж арилжаанд оролцдоггүй, үйл ажиллагаа явуулдаггүй олон компани байдгийг ийн цэгцлэх болж. Монголын хөрөнгийн захыг хөгжүүлж, олон улсын жишигт нийцүүлэхээр удтал ярьсны эцэст энэ асуудал ажил хэрэг болж байна.
Монголын хөрөнгийн бирж “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ыг үндэслэн жил бүр үнэт цаасны шалгуурыг тогтоодог. Шалгуурт тэнцэхгүй үнэт цаас гаргагч компанийг Санхүүгийн зохицуулах хороотой хамтран бүртгэлээс хасах хүртэл арга хэмжээ авах журамтай юм байна. Үүний дагуу 2009, 2010 оны жилийн эцсийн үзүүлэлтэд тулгуурлан МХБ-д бүртгэлтэй хувьцаат компаниудын үнэт цаасны шалгуурыг гаргажээ. Шалгруурын дагуу үнэт цаас гаргагчийн хууль, журам гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийг судалж дүгнэхэд ихэнх нь тэнцээгүй байна. Тодруулбал, МХБ-д бүртгэлтэй нийт 336 хувьцаат компанийн  86 хувь буюу 288 ХК нь сүүлийн хоёр жил дараалан үнэт цаасны бүртгэлийн шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаагүй гэсэн дүн авчээ. Ялангуяа эхний ээлжинд нэр бүхий 72 компанийн үнэт цаасны арилжааг зогсоох, Хөрөнгийн биржийн бүртгэлээс хасах асуудлыг Санхүүгийн зохицуулах хороогоор шийдвэрлүүлэх гэнэ. Үүнд “Авто зам Архангай”, “Хүнс Архангай”, “Ингэттолгой”, “Сав шим” зэрэг хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжаанд төдийлөн оролцдоггүй компаниуд багтсан байна. Түүнчлэн жагсаалтад “Увс хүнс”, “Алтан тариа”, “Алмааз” зэрэг арилжаанд оролцдог компаниуд ч байна. Юутай ч Хөрөнгийн бирж өөрийн тавьсан шаардлагыг хангахгүй байгаа компаниудыг бүртгэлээс хасах болсноо өөрийн вэб сайтдаа мэдээлж, дээрх компаниудын эрх бүхий албан тушаалтан, гүйцэтгэх удирдлага болон том хувьцаа эзэмшигчдийг энэ сарын 24-ний дотор зохих тайлбар материалыг ирүүлэхийг мэдэгдээд байна.
Ингээд МХБ-д бүртгэлтэй ч хуулийн өмнө хүлээсэн үүрэг, хөрөнгийн биржтэй байгуулсан гэрээгээ биелүүлдэггүй компаниудын үнэт цаасыг лангуунаас буулгах ажлыг тэд хийж эхлээд байна. Цаашид МХБ холбогдох журмын хэрэгжилтийг хангах, цаашид биржид бүртгэлтэй үнэт цаасыг чанаржуулах гэнэ.  
Хэрвээ компаниудыг бүртгэлээс хасвал тухайн компани олон нийтээс хөрөнгө босгох боломжоо алдах юм. Өөрөөр хэлбэл хаалттай компани буюу ХХК болно гэсэн үг ажээ. Албаны эх сурвалжийн өгүүлснээр Хөрөнгийн бирж листнээс компаниудаа хасах асуудлыг Санхүүгийн зохицуулах хороонд тавиагүй байна. Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компаниуд өөрийн хүсэлтээр компанийн хэлбэрээ өөрчлөх санал гаргасныг Санхүүгийн зохицуулах хороо шийдвэрлэж байснаас биш Хөрөнгийн биржийн саналаар жагсаалтаас хасах асуудал өмнө нь гарч байгаагүй юм байна. Тэгэхээр уг асуудлыг хэрхэн зохицуулах нь тодорхойгүй байна. Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох албаны хүн хэлснээр, бүртгэлтэй компаниудыг хасах асуудлыг Хөрөнгийн бирж өөрийнхөө журмаар зохицуулна гэсэн юм. Учир нь бүртгэлийн шалгуурыг өөрөө тогтоож, дагаж мөрдөх учиртай ажээ.
Энэ дашрамд нэмж дуулгахад, Санхүүгийн зохицуулах хороо Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй хэрнээ үйл ажиллагаа явуулдаггүй компаниудыг цэгцэлж 50 орчим компанийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэхэд бэлэн болгожээ. Тус хороо МХБ дээр бүртгэлтэй боловч эрсдэлтэй гэж үзсэн 167 компанийн үнэт цаасыг арилжааг 2007 онд зогсоосон байна. Эдгээрээс эхний ээлжинд дээрх 50 орчим компанийг хувьцаа эзэмшигчдийг хохироосон компанийн эд хөрөнгийг шамшигдуулсан байж магадгүй асуудлыг ийнхүү цагдаагийн байгууллагад шалгуулахаар болж байгаа аж. Харин бусад компанийн эзэн холбогдогч нар нь олдохгүй ор сураггүй болсон байгаа гэнэ.


Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж