Түймрээс хамгаалах техник алга

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

Түймрээс хамгаалах техник алга

НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллага 1971 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын 21-нийг дэлхий нийтээр ой модоо хайрлах хамгаалах асуудлыг нийт иргэдийн анхааралд чиглүүлэх зорилгоор “Ойг хамгаалах өдөр” болгон тэмдэглэх болсон. Энэ өдрийн хүрээнд холбогдох салбараас ойн санг хамгаалах, нөхөн сэргээх, хортон шавьж устгал, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлуудыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар Ойн газрын дэд дарга Д.Болдмягмараас тодрууллаа.

-Манай улсын нийт ойн 80 гаруй хувь нь хортон шавьжинд идэгдсэн гэх судалгаа байдаг. Өнгөрсөн онд энэ ажилд улсаас анхаарч гурван тэрбум төгрөг төсөвлөсөн. Үр дүнгээ өгч чадсан уу?

-Хортон шавьжид идэгдсэн ойн сангийн 80 гаруй хувийн голомтыг устгасан. Өнгөрсөн жилүү­дэд 400 сая хүрэхтэй үгүйтэй хөрөнгөөр ойн хортон шавьж устгадаг байсан бол 2010 онд түүнээс хэдэн дахин их хэмжээний төсвөөр хортон шавьжны дийлэнх голомтыг устгалаа. Шууд өнөөдөр харагдах биш, тодорхой хугацаа шаардагдах болохоор үр дүнг нь одоо хэлэх эрт байна. Гэхдээ дийлэнх хувь нь эрүүлжсэн гэж хэлж болно.

-Жил бүрийн хавар ойн түйм­рийн асуудал яригддаг. Энэ жилийн анхны түймэр Хэнтий аймгийн Да­дал сумын нутагт ОХУ-аас дамжин орж ирлээ. Ой хээрийн түйм­рээс урьдчилан сэргийлэх, хохир­лыг тоо­цох дорви­той ажил хийж байна уу?

-Түймэр бол ойг хамгийн их сүйтгэж буй хүний хүчин зүйл. 2010 оны дөрөвдүгээр сард ОХУ, Тувагийн төлөөлөгчтэй хил орчмын түйм­рийн асуудлаар хэлэлцсэн. Яг энэ үеэр ОХУ-ын төлөөлөгчид танай улсаас манайх руу түймэр оруулсан гэх тайлбар тавьдаг. Гэхдээ үүнийг шүүх амархан. Сансрын хиймэл дагуулаар авсан зураглалаар хаанаас хэний нутаг дэвсгэр лүү орж ирсэн нь тодорхой байдаг. Хохирол тооцуулах талаар яригдах болохоор заавал шүүхэд хандах болдог. Шүүхээр хохирлоо тогтоох аргачлал урьд өмнө нь байгаагүй. Харин энэ онд бид хохирол тооцох аргачлалаа боловсруулсан. Энэ аргачлалаа ОХУ, Турк, Өвөр байгалийн хязгаарынханд хүргүүлж, танилцуулж, хүлээн зөвшөөрүүлбэл хохир­лыг тооцож эхэлнэ.

-Ойг хамгаалах, нөхөн сэргээхэд орон нутгийн иргэдийг татан орол­цуулах зорил­гоор ойн нөхөрлөл бай­гуулах, хуучны ойн ангиудыг сэргээх асуудал яригдаж байсан. Энэ ажил одоогоор ямар шатандаа яваа вэ?

-Ойг хамгаалах, модны хулгайн тээвэр, түймрээс сэргийлэхэд орон нутгийнхны оролцоо маш чухал. Энэ үүднээс ойн нөхөрлөлүүдийг орон нутагт байгуулах ажлыг нилээд сайн зохион байгууллаа. Тухайлбал, Сэлэнгэ аймагт ойгоо хамгаа­лах чиглэлээр бүрэн мэргэшсэн хэдэн хэдэн ойн нөхөрлөлүүд бий болсон. Булган, Хөвс­гөл аймгийн зарим нөхөрлөлүүд зөрүү, буруу ойлголтоос болж үйл ажиллагаа нь идэвхтэй бус байгаа нь ч нууц биш. Ер нь бид үүнд анхаарлаа чиглүүлж ажиллана. Улсын хэмжээнд одоогоор 17 ойн анги байгуулах ажил ид өрнөж байгаа. Эдгээр ойн ангиудыг тоног төхөөрөмжөөр хангах ажлыг энэ онд хийнэ. Ингэснээр ойн суул­гацыг дотоодоос хангах, ойн нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх, түймрээс урьдчилан сэргийлэх гээд олон асуудлыг шийдэх боломж бйүрдэх юм.

-Сүүлийн үед байгалийн гам­шиг хаа сайгүй нүүрлэх боллоо. Хил залгаа ОХУ-д л гэхэд 2010 он сүүлийн жилүүдэд тохиолдоогүй хуурайшилттай жил болсон. Мууг ёрлож байгаа юм биш. Иймэрхүү байгалийн гамшгийн үед их хэмжээний гал түймэр гарлаа гэхэд хамгаалах техник, тоног төхөөрөмжийн хүрэлцээ ямар байгаа вэ?

-Яг үнэндээ их хэмжээний галын аюулаас хамгаалах тех­ник, тоног төхөөрөмжийн хувьд манай улс хангалттай биш. Тиймээс орон нутагт байгуулж байгаа ойн ангиудыг мэргэжлийн тоног, төхөөрөмжтэй болгох, хамгийн наад зах нь трактор гэх зэргээр хангах тендерүүдийг зарлаад байна. Энэ ондоо багтаагаад техникээр бүрэн хангана.

-Жил бүрийн хавар, намарт мод тарих өдрийг зохион бай­гуулах болсон. Харин урга­­сан нь ховор байх шиг. Өнгөрсөн жил хичнээн мод тарьсан, түүнээс хэдэн хувь нь амьдралтай байгаа вэ?

-1.7 мянган мод өнгөрсөн онд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд тарьсан. Санаанд хүрээгүй, үр дүн муутай зүйлүүд их гарсан. Удахгүй мод тарьсан газруудад тооллого хийнэ. Энэ онд мод тарих өдрөөс урьтаж иргэн, аж ахуйн нэгжүүдээс хаана, хичнээн хэмжээний ямар мод суулгах талаар мэдээлэл авч, боловсруулан тухайн газрын хөрсөнд ургах боломжтой эсэх талаар судалгаа гаргахаар төлөвлөж байгаа.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж