Захуудад ЭМД-ын үйлчилгээ үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.13-нд нийтлэгдсэн

Захуудад ЭМД-ын үйлчилгээ үзүүлнэ

Нийгмийн даатгалын ерөнхий газраас өнөөдөр 12.00 цагт “Нарантуул” болон “Хархорин” захад ард иргэдэд ЭМД-ийн дэвтэр нээж өгч, эрүүл мэндийн анхан шатны үзлэг болон витаминжуулалтад үнэ төлбөргүй хамруулах арга хэмжээ зохион байгуулахаар болжээ. Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хувьд тогтсон орлогогүй, ачаалал ихтэй ажилладаг учраас нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалдаа төдийлөн хамрагдаж чадахгүй хоцорч, нийгмийн халамжийн гадуур үлдэх сөрөг дагавар байгаа учир тэдний идэвхийг сэргээж, даатгалын ач тусыг сурталчлан таниулах үүднээс энэхүү өдөрлөгийг газар дээр нь зохион байгуулж байгаа юм байна.

Монгол Улсад нийгмийн даатгалын салбар үүсч хөгжсөний 70 жилийн ой энэ сарын 28-нд болох гэж буйтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн даатгалын ерөнхий газар энэ оныг “Даатгуулагч таны төлөө” жил болгон зарласан. Энэ хүрээнд ард иргэдэд зориулж, долоо хоногийн аян зохион байгуулж байгаагийн нэг нь  “Эрүүл мэндийн даатгалтантай” аян юм. Уг аяныг НДЕГ-ын Эрүүл мэндийн даатгалын хяналт санхүүжилтын газраас дөрөвдүгээр сарын 9-15-ныг хүртэл орон даяар буюу нийгмийн даатгалын хэлтсүүд, харьяа нэгдсэн эмнэлэг, эмийн сангууд, нийслэлийн их дээд сургууль, худалдааны төвүүдэд зохион байгуулах юм байна. Энэ хүрээнд  өнөөдөр хүн амын олноор төвлөрдөг  газарт ЭМД-ийн даатгалын тухай мэдээлэл, үйлчилгээ үзүүлэх  ажээ.

Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн хувьд эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээ нь тухайн иргэний татварын албанд гаргасан орлогын мэдүүлгийг үндэслэн сарын орлогын 1 хувиар тооцон төлнө. Харин тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн сарын 670 төгрөг, жилийн 8040 төгрөгийг төлж эрүүл мэндийн даатгалд хамрагдах ажээ.  Ингэснээр даатгуулагчдад амбулаторийн, оношлогоо шинжилгээ, хэвтэн эмчлүүлэх, рашаан сувиллын тусламж, үйлчилгээ авах боломж бүрдэхээс гадна тусламж үйлчилгээнийх нь зардлыг тухайн эрүүл мэндийн байгуулагад нь эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг юм байна.

  Эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаараа даатгуулагч:

-339 нэр төрлийн эмийг 5-94 хувийн хөнгөлөлттэй үнээр авах,

-1 удаа амбулатрийн эмчид үзүүлэхэд, үзлэгийн төлбөрт 10500 төгрөгийг, өвчний учир оношлогоо шинжилгээ хийлгэхэд сардаа 36000 төгрөгийн хөнгөлөлт эдлэх,

-Хэвтэн эмчлүүлэхэд 116 400–643 000 төгрөг хүртэлх зардлыг тус тус эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн эмнэлэгт төлдөг ажээ.

2011 оны байдлаар Нийгмийн даатгалын байгууллага нь хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, тодорхой ажил хөдөмөр эрхлээгүй 363,4 мянган иргэдийг эрүүл мэндийн даатгалд хамруулан ажилласан байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж