Тавантолгой ”ТҮЦ”-ний л мөнгө

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

Тавантолгой ”ТҮЦ”-ний л мөнгө

”ГОЛДМАН САКС”, ДОЙЧЕ БАНКНЫ ХУВЬД ТАВАНТОЛГОЙ ”ТҮЦ”-НИЙ Л МӨНГӨ


УИХ-ын гишүүн З.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ардчилсан намын дүрмийн өөрчлөлт бэлэн болсон уу?

-Дууссан. Гүйцэтгэх зөвлөлөөр хэлэлцүүлэхээр хүлээж байна. Үүний дараа намын нийт гишүүдээр хэлэлцүүлнэ. Энэ зунжингаа л юм болох болов уу, олон гишүүнтэй учраас.

-Намын дүрэм батлагдаагүй байхад ротацийг яагаад цуцалсан юм бэ? Намын Их хурал, нийт гишүүд энэ дүрмийг дэмжээ ч үү, үгүй ч үү?

-Харин ч дүрэм батлагдаагүй учраас ротацийг цуцлах шаардлага гарч байгаа шүү дээ. Шинэ дүрмийг намын Их хурал, гишүүд дэмжих байх гэж бодож байна. Ротацийг бид 11 жил явууллаа. Ротациас хүлээж байсан сайн үр дүн мэдээж байгаа. Гэхдээ энэ хугацаанд манай ҮЗХ-ны гишүүдийн 1/3 нь хэзээ ч солигдож байгаагүй. Хуучин улсууд нь буцаад ороод ирдэг учраас үсрээд жилд 10 хувь нь л шинэчлэгдэж байна. Ротациар шинэ хүн гаргаж ирээд, намын боловсон хүчнийг шинэчлээд явна гэсэн нь худлаа болж таарлаа. Ротацитай байснаараа Ардчилсан нам сайн болдог бол болохоор боллоо. Гэтэл тийм үр дүн гарахгүй байна.

-Ротацид оруулдаг 1/3 чинь угаасаа тухайн жилд татвараа төлөөгүй, намтайгаа ажиллаагүй хэсгийг, хойноос нь хасдаг биз дээ?

-ҮЗХ-ны гишүүдэд оноо өгч, хамгийн бага оноотой хэсгийг нь хасдаг боловч буцаад дэвшээд ороод ирэхээр нь дахиад сонгочихож байгаа байхгүй юу. Нэр дэвших эрхийг нь хасдаг дүрэм байхгүй. Хэлбэрийн хувьд бол дотроо сонгууль явуулдаг, ардчилалтай мэт харагдавч агуулга нь үндсэндээ байхгүй болсон. 11 жилийн турш ротаци явуулсны үр дүнд сайн юм бага авчирч, саар үр дагавар нь их байгаа учраас больж байна. Шинэ дүрмээр бол бүх шатны намын удирдах байгууллагын нийт гишүүдийн 70 хувь нь ард түмнээс сонгогдсон, мандат авсан нөхдүүд байх юм. Шууд суудал нэртэй, ротацид орохгүй.

-ҮЗХ-ны гишүүдийн тоо хэд байх юм?

-Одоогоор тэд гэж хэлж чадахгүй, багцаа тоо л хэлж байгаа. Яагаад гэвэл сонгууль болгоны дараа Ардчилсан намын бүх шатны удирдах байгууллага солигдоно. Шууд сонгогдсон гишүүд дахиж сонгогдохгүй, ротацид орохгүй гэсэн үг. Ард түмэн саналаа өгөөд, “Чи энэ дөрвөн жилд ийм амлалтаа хэрэгжүүл ээ” гээд УИХ ч байна уу, аймаг, сумын ИТХ, багийн Засаг даргад сонгочихсон байхад намын удирдах байгууллагаас хасч байсан тохиолдол гарлаа шүү дээ. Я.Батсуурийг Дорноговь аймгийн ҮЗХ-ноос хассан, Х.Тэмүүжинг Баянголоос хассан. Энэ мэт логикийн зөрчлүүд гараад байгаа юм.

-Аймаг, дүүргийн намыг нэг хэсэг хүн ах дүүгээрээ, хамаатан саднаараа өмчилж, эсвэл мөнгөөр худалдаж аваад намын дотоод сонгуулийг явуулдаг болсон гэх. Гэтэл энэ нь ротациас болсон гэхээсээ илүү гишүүдийн ёс суртахуун, төлөвшилтэй холбоотой юм биш үү?

-Дүрэм нь өөрөө тухайн шатны намын байгууллагыг амьд, өрсөлдөөнтэй байлгадаг нөхцлийг бүрдүүлж өгч чадахгүй байна. Хэдэн хүн ороод л хаалгаа хаачихдаг. Жинхэнэ оролцох ёстой сонгуульдаа маш муу, дотоодынхоо сонгуульд болохоор маш сайн оролцоод байдаг. 11 жил ҮЗХ-ны гишүүн явсан хүн байна шүү дээ, тэгсэн мөртлөө УИХ, орон нутгийн сонгуульд болохоор байнга унадаг. Ийм хүн Ардчилсан намд хэрэгтэй юү? Ардчилсан намд УИХ, орон нутгийн сонгуульд амжилт үзүүлж, Ардчилсан намд суудал авчирах хүмүүс л хэрэгтэй. Тиймээс бид ҮЗХ-ны шууд суудлаа 2/3 буюу 70 хувь гээд байгаа юм. Үлдсэн 30 хувь УИХ, орон нутгийн сонгуульд өрсөлдөх дургүй, гэхдээ Ардчилсан намыг дэмждэг хүмүүс, хандивлагчдад байх юм. Ардчилсан намын үндсэн бодлого ард түмнээс мандат авсан тэр хүмүүсээр дамжин хэрэгжиж, харин бусад нь мөнгөө өгөөд, дэмжээд явна гэсэн үг. Ийм л схем шинэ дүрмээр гарч ирж байна.

2012 онд орон нутгийн сонгууль УИХ-тайгаа хамт явах учраас Ардчилсан нам УИХ, бүх шатны ИТХ, багийн Засаг даргад нийт 11000 гаруй хүнийг нэр дэвшүүлнэ. Энэ 11000-ын чинь ядаж 6000 нь сонгогдож байж засгийн эрхийг авах нь байна. УИХ, орон нутагт нийлээд. Одоо ч гэсэн орон нутгийн эрх мэдлийн 1/3 нь Ардчилсан намаас сонгогдсон гишүүд. Тэр олон хүнээс л Ардчилсан намын ҮЗХ болон аймаг, сум, дүүрэг гээд шат шатны намын удирдах байгууллагыг сонгоно. Ардчилсан намын удирдах байгууллагад орохын тулд чи аль нэг шатны сонгуульд ялсан байх хэрэгтэй. Тэгвэл чиний суудал дөрвөн жил байна гэсэн үг.

-Тэгвэл тэр 11000 мянган хүнийг яаж, хэн нэр дэвшүүлэх юм?

-Дөрвөн жил тутамд, сонгуулиас 3-4 сарын өмнө Ардчилсан нам дотроо сонгууль явуулна, бүх гишүүдийн дунд. Тэр гишүүд Ардчилсан намаас нэр дэвших хүмүүсийг гаргаж ирнэ. АНУ-д бол хоёр том намын дотоод сонгуулийг Сонгуулийн ерөнхий хороо нь явуулж өгдөг. Техник хэрэгсэл, санал хураах ажиллагаа, бүртгэл хамаг юмыг нь. Түүн шиг УИХ-д суудалтай намуудын дотоод сонгуулийг СЕХ хийж өгдөг хуулийн өөрчлөлтийг бас хамтад нь хийнэ. Сонгуулийн тухай хуулийн нэг хэсэг, эсвэл намуудын тухай хуульд. Яагаад гэвэл УИХ, орон нутгийн сонгуулийг нэг өдөр явуулдаг хууль гарсан учраас нам тус бүр 11000 хүнийг нэр дэвшүүлэх болж байгаа. Энэ олон хүний сонгуулийг маргаангүй явуулахын тулд СЕХ-ны одоо авах гэж байгаа санал тоолдог машин, бүртгэлийн компьютерийг ашиглахаас өөр аргагүй. Үүний тулд хуулиар үүрэг өгөхгүй бол энэ байгууллага ажиллахгүй. УИХ-д суудалтай намууд төрийн үйл ажиллагааг удирдах эрхээ ард түмнээс авсан гэдэг утгаараа тэр машин техник, компьютерийг ашиглах эрхтэй.

-Тэгвэл үүний тулд УИХ-д байгаа бусад намуудтай бас тохиролцоонд хүрэх хэрэгтэй биш үү?

-Бүх намууд дотооддоо сонгууль явуулах үүргийг хуульчилж өгөхгүй ёстой. Нэг нам нь дотооддоо сонгууль явуулдаг, нөгөө нь дээшээ харж байгаад өгсөн анкетийг нь СЕХ-нд аваачаад өгдөг байж болохгүй. Сонгуулийн хууль маргаантай байгаа, гол маргаж байгаа юм нь сонгуулийн системийн асуудал. Системэс гадна маргахгүй байгаа зүйлүүдээ бол одоо тохироод хуульчлаад явахаас өөр аргагүй. Сонгуулийн сурталчилгаа, санал хураах үйл ажиллагааг яаж явуулах вэ, сонгуулийн зардал, нэр дэвшигчид, намуудын үйл ажиллагаа яаж явах гээд хэдэн мянган хүний бүтэн сарын үйл ажиллагааны тухай хууль болох нь байна. Тэгээд явж явж нэг өдөр, нэг цагт нам болгоноос нэр дэвшсэн 11000 орчим хүмүүс ард түмнээс сонгогдоно. 11000 суудлын төлөө 20-30 мянган хүн өрсөлдөх нь байна.

-Гэхдээ намын дүрмийн энэ өөрчлөлтийг хийхдээ ирэх сонгуулийг пропорциональ буюу хувь тэнцүүлсэн системээр явуулна гэж төсөөлж хийсэн биз дээ?

-Ядаж 26:50-гаар явуулна гэж бодож хийсэн.

-Гэтэл сая Сонгуулийн хуулийн ажлын хэсгийн дарга Су.Батболд “Сонгууль ойртох тусам системийн өөрчлөлт худлаа болж байна шүү, эргээд мажоритари луугаа явж магадгүй” гэж хэлсэн?

-Тэр бол МАН-ын хүсэл. Манай намын гишүүд бол бүтэн пропорционалиар биш гэхэд ядаж 26:50-иар явах ёстой гэж байгаа. 26:50-иар явахгүй бол эмэгтэйчүүдийн жендерийн тухай асуудлыг мартах хэрэгтэй. Өнгөрсөн сонгуулиар хамгийн олон эмэгтэйчүүдийг Ардчилсан нам нэр дэвшүүлсэн. Хариуд нь МАХН эрэгтэй нэр дэвшигчдээ тэр тойрог дээр нь байршуулсан. Тэгээд хэн ялсан нь тодорхой, одоо та нар УИХ-ын хүйсийн харьцааг харж байгаа. Мажоритари сонгуулийн үед жендерийн асуудлыг хийж болдоггүй гэдгийг өнгөрсөн сонгууль харууллаа. Хийж болох нэг арга байгаа юм, бүх нам нэг тойрог дээр дан эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх. Гэтэл нөгөө сонгогчийн эрх яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Яахаараа манай тойрог дандаа эмэгтэй хүн сонгодог юм, яахаараа эрэгтэй хүн сонгохыг хуулиар хязгаарлаж байгаа юм гэдэг асуудал зайлшгүй гарна. Үндсэн хуулийн Цэц “нээрээ тийм байна” гээд л тэр хуулийг хүчингүй болгочихно. Тэгэхээр пропорциональ юм уу, пропорционалийн элемент орсон сонгууль явуулахын ач холбогдол нь жендер гэж би харж байна.

Хоёрдугаарт гадаадад байгаа монголчууд сонгуульд оролцох эрхтэй болно. 26:50-иар хууль батлагдсан тохиолдолд тэр хүмүүс 50 хувийг сонгодог сонгуульд нь оролцох боломжтой болно. Өөрийнхөө үндсэн хаяг дээр байхгүй учраас хорооны Засаг дарга, дүүргийн болон хотын ИТХ, УИХ-ын гишүүдийг сонгох сонгуульд оролцож чадахгүй, нам дугуйлдаг сонгуульд л оролцож болж байгаа юм. Ардчилсан намыг дугуйлах уу, МАН-ыг дугуйлах уу гэдэг дээр бол өөрсдийнхөө амьдарч байгаа газраас үл шалтгаалаад оролцох боломжтой. Пропорциональ сонгуулийн нэг онцлог тэр шүү дээ, улс нэг тойрог болдог учир хэн хаана амьдарч байгаа нь сонин биш. УИХ шиг 26:50-ийгаа орон нутаг дээр буулгаад холимог сонгууль явуулдаг хуультай болохыг ч Ардчилсан нам дэмжиж байгаа. Тэгвэл гадаадад байгаа монголчууд орон нутгийн сонгуулийн намын нэрээр санал авдаг хэсэгт бас саналаа өгч болно гэсэн үг. Пропорциональ байхын ядаж хоёр шалтгаан нь тэр. Цаашлаад жалга довны депутат биш, улс орны нийтлэг эрх ашгийг дээгүүр тавьдаг, хөрөнгө мөнгө бага зарцуулдаг, 76 хүнийг рекламдаж явах шаардлагагүй болно. 26 хүн өөр өөрийнхөө тойрог дээр ажиллаад, үлдсэн 50 хүний нэр саналын хуудсанд байхгүй учраас бие даасан сурталчилгаа хийхгүй, хариуцлагыг нам өөрөө хүлээнэ гэсэн үг.

-Гэвч тэр 50 хүний нэрсийг яаж гаргах юм бэ? Намын даргыг тойрсон хэсэг, эсвэл хэн их мөнгө хандивласан нь гараад ирнэ л гэж харагдаад байгаа шүү дээ?

-Намуудын дотоод сонгуулийн яагаад сонгуулиас өмнө явуулах гээд байгаа юм бэ. Тэр 50 хүнийг яаж эрэмбэлэх вэ гэдэг дээр зайлшгүй маргаан гарч ирнэ. Тэр маргааныг намынхаа дотоод сонгуулиар хагалах юм. Гэх мэтчилэн пропорциональ сонгуулийн давуу тал өчнөөн байна. МАН “пропорциональ сонгууль байхгүй” гэж хэлж байгаа нь өөрөө жендер байхгүй, гадаадад байгаа монголчууд сонгууль өгөх асуудал байхгүй л гэж хэлж байна гэсэн үг. Яагаад гэвэл эмэгтэйчүүдийн квотыг нөгөө намын нэрээр өгөх 50 дотор л оруулна шүү дээ. 26:50-ийг эсэргүүцэж байгаа нь зүгээр нэг сонгуулийг системийг эсэргүүцэж байгаа хэрэг биш, ерөөсөө сүүлийн хэдэн жил явсан сонгуулийн реформыг хэрэггүй гэж хэлж байгаа л хэрэг.

-Гэвч яг эсэргүүцэж байгаа нь хэн юм бэ? Уг нь энэ өөрчлөлт хэрэгтэй, гэхдээ явахааргүй болчихлоо гэдэг. Су.Батболд гишүүн ч гэсэн тэгж хэлсэн. “Сонгууль ойртох тусам намууд явуулахгүй нь ээ” гэж?

-Намууд гэж хавтгайруулж болохгүй. Манай намын байр суурь хэвээрээ. Жижиг 76-г авахгүй, том 26-гаар явуулахгүй гэхээр 26:50 л үлдэж байна шүү дээ.

-Тэгвэл сонгуулийн хуулиар санал хураалт явуулахад нам намаараа ялгарах юм байна, тийм үү?

-Ялгарахаас өөр аргагүй. Тэгж байж ард түмэн хэн сонгуулийн реформын төлөө байгаа, 2012 оны сонгуулийн дараа дахиад долдугаар сарын 1 болж, хүн буудахгүйн төлөө байгааг харах ёстой. МАН бол яг хуучнаараа байя гэж байна, тэгвэл түүнийгээ ил тод, кнопоороо илэрхийлэх ёстой. Тэгэхгүй, хэн юу хариуцаж байгаа нь мэдэгдэхгүй дүлэгнээд байж болохгүй. Тийм учраас хаврын чуулган эхлэхэд хамгийн эхний асуудал сонгуулийн хууль байна гэж бид үзэж байгаа.

-Эмэгтэйчүүдийн квотыг тэгвэл ҮЗХ-д хэдээр хийж байгаа юм?

-Яг тогтсон хувь гаргаагүй, хэлэлцүүлгийн явцад тодорхой болно. Тодорхой хугацаа заагаад тэр хугацаанд эмэгтэйчүүдээ нэр дэвшүүлэхгүй бол эрэгтэй суудал болгохоор дүрэмд оруулсан. Тэгэхгүй бол нэр дэвших эмэгтэй байхгүй байхад хүчээр хүн дэвшүүлээд унагадаг тохиолдол олон гарсан шүү дээ, квот шилждэггүй байхад. Тиймээс Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл дүрмийн өөрчлөлтийн ажлын хэсгийн дэд даргаар ажиллаж байгаа.

-Сонгуульд ялсан хүн л намын удирдах байгууллагад ээлжгүй дөрвөн жил сууна гэдэг чинь Ардчилсан намын толгой хэсэг болж байгаа нөхдүүдийг л албан тушаалд нь мөнхөлсөн хэрэг биш үү?

-Үгүй, харин ч эсрэгээрээ. Энэ хүмүүсийг ард түмэн сонгохгүй бол удирдахгүй гэсэн үг. Ард түмэн сонговол удирдана. Үндсэндээ Ардчилсан намын нийт гишүүдэд эрхийг нь өгөөд ард түмний сонгуулиар орж мандатаа авсан хүн Ардчилсан намыг удирдахаас бус хэн нэгэн даргыг мөнхлөх асуудал байхгүй. Дөрвөн жил тутам Ардчилсан намын сонгуулийн амжилтаас хамаарч Ардчилсан намын удирдлагыг сонгоно. Ард түмэн Ардчилсан намын удирдлагыг сонгож байна гэсэн үг. Бүр анхны 2000 оны “оргиналь” дүрмээрээ явна гэсэн үг. Тэр үед бүх намын гишүүд сонгуульд оролцдог байлаа шүү дээ. Тэр үед бидэнд санал тоолдог машин, бүртгэлийн компьютер энэ тэр байгаагүй. Одоо бол хамаагүй боловсронгуй болж байна л даа.
-Тэгэхээр сонгуулийн хуулийн өөрчлөлтийг эхэлж хийх үү, танай намын дүрэм түрүүлж шинэчлэгдэх үү?

-Дүрэм бол явдгаараа явна. Сонгуулийн хуулийн өөрчлөлт бол наадмаас өмнө хийгдэх ёстой. Зөвхөн манай намын дүрмээс хамаарах биш, бүх намуудад ижил шаардлага тавих гээд байна. Дотооддоо сонгууль явуулж хүмүүсээ гаргаж бай, тэр ажилд чинь СЕХ тусална аа гэж. Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг түрүүлж хийгээд дараа нь намын дүрэм гарна гэсэн үг.

-Хэрвээ хуульд өөрчлөлт оруулахгүй бол яах вэ?

-Өөрчлөх ёстой, өөрчлөхөөс өөр аргагүй. Яагаад гэхээр одоо бид системээрээ маргаад дөрөн жил суудаг цаггүй болчихлоо. Сонгуулийн хуулиа өөрчилнө гээд амлачихсан. Долдугаар сарын 1-нд таван хүн буудаж алсны дараа хамгийн түрүүнд тохирсон зүйл бол дараагийн сонгууль маргаангүй болох ёстой, маргаангүй явуулахын тулд хуулиа өөрчлөх ёстой гэсэн шүү дээ. Одоо бол мөнгө тараасаар байгаад гарч ирж болдог хуультай байгаа. Шинэ хуулиар мөнгө тараасан нөхдүүд нэр дэвшигчдийн жагсаалтаас хасагддаг байх, СЕХ хараат бусаар ажиллах ёстой. Өнгөрсөн сонгуулиар бол мөнгө тараасныг нь мэдсээр байж СЕХ хасч чадахгүй байлаа шүү дээ. Хамгийн гол нь сонгогчийн өгсөн санал парламентад тусгалаа олдог байх ёстой, ганц парламент ч биш, бүх шатанд. Сонгуулийн хамгийн сайн систем гэж юуг хэлэх вэ гэхээр “Сонгогчдын өгсөн санал яг тэр хэвээрээ парламентад тусч байх ёстой” гэсэн ганцхан зарчим л байдаг шүү дээ. 2000 онд Ардчилсан нам навс ялагдсан гэдэг. Гэтэл МАХН-аас бусад намууд нийлээд 49 хувийн санал авсан. Мажоритари тогтолцооны онцлогоос болоод жаахан илүү нь санал авсан нь бүх суудлыг авдаг, үлдсэн 49 хувь нь тооцогддоггүй. Мажоритарийн энэ алдааг л засахын тулд пропорциональ елемент оруулах гээд байгаа. 51 хувийн санал 51 хувийн суудал болж, 49 хувийн санал 49 хувийн суудал болж гарах ёстой. Гэхдээ пропорциональд ч бас дутагдалтай тал байгаа. 100 хувь пропорциональ сонгууль явуулья гэвэл хүн харагдахгүй, зөвхөн нам л дугуйлна. Манайхан чинь хүнээ харж, барьж үзэж байж сонгох гэдэг. Ардчилсан намын сонгосон хувилбар бол хүнээ ч барьж үздэг нэг мандаттай 26 тойрог, сонгогчдын саналыг парламентад зөв тусгадаг пропорционалийг хамтад нь аваад холимог системээр явья гэж байна. Сонгогч болгон нэг хүн, нэг намыг дугуйлна.

-Сүүлийн үед бас нэг шуугиан дэгдээд байгаа. Тавантолгойд IPO хийхээр манайхны шалгаруулсан хоёр банкны асуудал. Германы Дойче банк Өмнөд Солонгосын зах зээлээс хууль бусаар ашиг олсон, АНУ-ын Голдман Сакс-ын урирдлагууд нууцын зэрэглэлд хамаарах материал худалдсан гэх мэт. Энэ мэдээллийг шалгаж нягтлах ёстой юу? Засгийн газар, ТӨХ болохоор тайлбар хийхгүй гэсэн…

-2008 онд дэлхийн санхүүгийн хямрал болоход Америкийн хамгийн том гурван банкны нэг болох Lehman broders банк дампуурсан. Тэгэхээр ямар ч зүйлд эрсдэл тодорхой хэмжээгээр байдаг гэсэн үг. Голдман Сакс ч бас том гурвын нэг нь. Тийм учраас Голдман Сакс, Дойче банкны хувьд манай Тавантолгой бол ТҮЦ-ний л мөнгө. Банкуудын зорилго бол тухайн төсөлд хөрөнгө оруулж эзэн суух биш, хувьцааг нь хямд байхад аваад үнэ хүрэхээр нь зарчихаад явах. Өөрөөр хэлбэл portpolio хөрөнгө оруулагчид байхгүй юу. Компанийн хувьцааг хоёр янзаар эзэмшиж болдог. Нэг нь тухайн компанийн хөрөнгө оруулагч буюу эзэн болоод үйл ажиллагаанд нь оролцоод явах. Нөгөө нь хувьцааг хямд байхад нь аваад үнэ хүрэхээр нь зарах. Үйл ажиллагаа нь эхлэх үед эрсдэл хүлээгээд эхний хувьцааг худалдаж авах буюу underwriting хийдэг. Тэдний хувьд компанийн үйл ажиллагаа сонин биш, үнэ өсөх л чухал.

-Манайд ямар жишээ байна?

-“MCS” компани олон улсын бирж дээр хувьцаагаа гаргасан. Тэгэхэд Голдман Сакс underwriting хийж, хувьцааг нь худалдаж авсан шүү дээ. Хувьцаа гаргахаас нь өмнө “Тэдэн төгрөгөөр авна” гэсэн баталгааг нь гаргасан гэсэн үг. Тийм баталгаагүйгээр хувьцаагаа гаргаад хувьцаа нь зарагдахгүй бол үнэ нь уначихна. Ямар ч байсан зээл авснаас л хамаагүй дээр, ядахдаа хүү төлөхгүй. Монголын компаниудын худалдаж авч байгаа 10 хувь Голдман Сакс, Дойче банкны авч байгаа 30 хувийн хувьцаа бол эрсдлээ өөрөө хүлээгээд хийж байгаа хөрөнгө оруулалт. Үнэ нь өсөхгүй бол өөрсдөө л алдагдал хүлээнэ. Үүний дэргэд Засгийн газрын эзэмжиж байгаа 50 хувь, иргэдэд тараах 10 хувийн хувьцаа бол ямар ч эрсдэлгүй хувьцаа, худалдаж аваагүй учраас. Магадгүй, Голдман Сакс, Дойче банк өнөөдөр 4-5 тэрбум долларын хувьцаа гаргалаа гэхэд Тавантолгойг ашиглаад эхэлсний дараа үнэ нь өсөөд найман тэрбум ам.доллараар зарчихаад явж ч болно шүү дээ. Энэ л тэдний бизнес. Одоо иргэдэд өгч байгаа хувьцаа ч мөн адил. Тэгэхээр хоёр банкны хувьд манайх голж шилэх асуудал байхгүй. Ганцхан Засгийн газар энэ танин мэдэхүйн зүйлүүдээ яагаад ярихгүй байгааг л би гайхаж байна.

-Иргэдийн хувьцааг худалдах, бэлэглэх, өвлүүлэхгүй, зөвхөн ноогдол ашиг л авах эрхтэйгээр өгч байгаа шүү дээ?

-Тэр чинь зөвхөн Тавантолгойн үйл ажиллагаа эхлээд, хувьцааны үнэ өсөх хүртэл шүү дээ. Голдмэн сакс хувьцаагаа зарах хүртэл гэсэн үг. Үнэ өсөөд, үйл ажиллагаа нь жигдрээд ирсний дараа бол арилжаалах боломжтой. Үүнийг журмаар зохицуулаад өгчих юм.

-Тавантолгой, Ухаа худгаас Гашуун сухайт руу тавих автозамыг энэ жил барьж дуусах ёстой, тийм үү?

-Тийм ээ.

-Энэ замыг бариулах гэж хамгийн их шахсан хүн нь та. Энэ замыг барих нь тухайлбал, “MCS” компани, “Энержи ресурс”-эд хэр ашигтай юм?

-Шороон замаар нүүрсийг тээвэрлэх нь байгаль экологид нөлөөлж, говийн тэр эмзэг хөрс хүн амьдахын аргагүй болгоод, тоос нь 20-30 км-ийн цаанаас харагддаг, дандаа осол гардаг, аймшигтай зүйлүүд олон байгаа шүү дээ. Тиймээс зам тавь гэдэг шаардлагыг тавьсан, замаа тавьж байгаа. Тэгэхээр энэ олон замбараагүй явдаг машинууд цэгцлэгдэх байх. Нүүрсээ зөөж болно, гэхдээ хүмүүсийг хохироохгүй байх ёстой. Замтай байхаас өөр аргагүй.

-Зам тавиулах саналыг хаанаас анх гаргасан юм бэ? УИХ, Засгийн газраас уу, эсвэл “MCS”-ээс үү?

-Газар дээр нь очиж үзсэн хүн бүр л зам тавихаас өөр аргагүй гэж хэлж байгаа шүү дээ. Одоо болтол зам ашиглалтад ороогүй байна гэдэг харамсалтай л байна.
 
-Тэгвэл зам тавихын тулд тухайн компани Засгийн газрыг ч юм уу, аль нэг сайдыг авлигадах шаардлага бий юу?

-Яах юм, угаасаа зам тавих нь компанийн үүрэг байхгүй юу. Үгүй бол нүүрсээ зөөхөө л боль гэсэн үг.

-Саяхан хоёр сэтгүүлч БОАЖ-ын сайд “МCS” компанид Тавантолгой, Ухаа худгаас Гашуун сухайтын чиглэлд авто зам тавих зөвшөөрөл олгосныхоо төлөө авлига авсан гэж мэдэгдэж, АТГ-т өгч байгаагаа зарласан учраас асуугаад байна л даа.

-/инээгээд/ Харин тийм, Л.Гансүхийг л яриад байна лээ л дээ. Угаасаа компани зам тавих үүрэгтэй, байгаль орчныхон замаа барихыг шаардах үүрэгтэй. Түүнээс биш зам барихын тулд авлига өгнө гэдэг бол логикийн хувьд буруу л даа. Зам барья гээд тендерт өрсөлдөж байгаа компанид давуу эрх олгосон бол авлига авсан гэж хардаж болно. Гэтэл “Зам барихгүй ээ” гээд сууж байгаа компанийг “замаа барь” гэж шаардаж байгаад бариулахаар юуных нь авлига байх вэ дээ.

-Төсвийн хөрөнгөөр барьдаг замын тендертэй эндүүрээд байгаа юм болов уу л гэж харсан?

-Энэ бол компани өөрөө нүүрсээ зөөхийн тулд өөрийнхөө хөрөнгөөр барьж байгаа зам. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьдаг, тендэр зарладаг зам биш, тусгай хэрэгцээний зам байхгүй юу. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймаг, орон нутгийн замыг л барьж байгаа шүү дээ. 

-Ямар өртгөөр босч байгаа юм бэ?

-Нэг км-ыг нь 500 мянган ам.доллараар барьж байгаа, энэ чинь Улаанбаатараас Өмнгөговь руу явдаг зам биш. 120-130 тоннын даацтай машин явахад зориулагдсан замыг тусгай технологиор барьдаг учраас 500 мянган ам.доллараас өндөр л гарна. Улаанбаатар-Өмнөговийн замыг бол 300 мянган ам.доллараар тавьж байгаа шүү дээ. 30-40 тоннын даацтай машин явдаг, 12 метрийн өргөнтэй зам. Гэхдээ газар орны байдал, ус намагтай юу, хайргаа хаанаас зөөж байна гэх мэтээс шалтгаална. 300 мянган ам.доллар гэдэг бол багцаалсан үнэ.

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж