Хөгжлийн банк зээлийн баталгаа гаргана

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банк зээлийн баталгаа гаргана

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийг баталсан юм. Энэ асуудалтай холбогдуулж, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны газрын дарга Г.Батхүрэлээс дараах асуултад хариулт авлаа.

-УИХ-ын намрын чуулганаар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг баталсан байтал Засгийн газраас энэ банкны дүрмийг баталлаа.  Энэ нь ямар учиртай юм?  
-УИХ-аас Монгол Улсын Хөгжлийн банкны тусгайлсан хууль батлаагүй байхад, Засгийн газраас энэ банкны дүрмийг батлаад, Төлөөлөн удирдах зөвлөлийг баталчихсан байсан юм. Засгийн газраас баталсан тогтоолд зааснаар Монгол Улсын Хөгжлийн банкны эрх үүрэг нь нэлээн хязгаарлагдмал хүрээнд байсан. Жишээ нь, арилжааны банкны дүрэмд өөрийн хөрөнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний зээлийг гаргана хэмээн хязгаарласан байдаг. Хөгжлийн банкинд тийм хязгаарлалт тавих боломжгүй. Маш урт хугацаанд үр ашгаа өгөх, том дэд бүтцийн төслийг санхүү­жүүлэх шаардлагатай боло­хоор.  Олон улсын Хөгжлийн банк байгуулан, амжилтад хүрсэн туршлагыг судлаад үзэхээр Хөгжлийн банк нь тусгайлсан хуулиар зохицуулагдаж байдаг. Тийм учраас тусгайлсан хуультай байх ёстой гэж үзээд УИХ-ын намрын чуулганы хаалтыг хийдэг өдөр Хөгжлийн банкны тухай хуулийг баталсан. Хууль батлагдангуут өмнө нь Засгийн газрын тогтоолоор баталсан Хөгжлийн банкны дүрмийг хуультай нийцүүлж, шинэчлэх шаардлагатай болсон. Тэрний дагуу өнгөрсөн долоо хоногт Хөгж­лийн банкны дүрмийг шинэч­лэн баталсан гэж ойлгож болно.

-Дүрэмд ямар өөрчлөлт оруулсан бэ?

-Гол нь арилжааны банкууд шиг хадгаламж татан төвлөрүүлэхгүй, жижиг зээл гаргахгүй, том хөтөлбөрийг санхүүжүүлэхэд Монгол Улсын Хөгжлийн банк зээл олгох юм гэдгийг тодотгож өгсөн л дөө.

-Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийг мөн батална гэсэн байсан. Төлөөлөн удирдах зөвлөлийг шинэчилнэ гэсэн үг үү?

-Өмнө нь хууль батлаагүй байхад Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн есөн гишүүний гурав нь хараат бус гишүүн байна гэж зааснаас биш, төлөөлөл нь хаанаас орж ирэх вэ гэдгийг тодорхой заагаагүй байсан. УИХ-аас хууль батлахдаа хараат бус гурван гишүүнийг Банкуудын холбоо, Монголбанкны төлөөлөл, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас тус бүр нэг гишүүн сонгоно гэж  заасан. Маргааш хуралдах Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар энэ асуудлыг авч хэлэлцэх юм.

-Хараат бус гишүүд тэгэхээр дээр нэр дурдсан байгууллагын удирдлага байна гэсэн үг үү, эсвэл үгүй юу?

-Тухайн байгууллагууд өөрсдөө мэдэж, хэнийг Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр томилох вэ гэдгээ шийднэ.

-Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн сангийн хөрөнгийг 2011 оны нэгдсэн төсөвт суулгаж өгсөн. Түүнийг нь ер нь юунд ашиглах юм бол гэсэн хүлээлт олон нийтийн дунд байна. Энэ талаар жаахан мэдээлэл өгөхгүй юу?

-Улсын төсөвт суулгасан Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн сангийн хөрөнгө 2011 оны төвшинд 16.4 тэрбум төгрөг юм. Хуульд зааснаар Монгол Улсын Хөгжлийн банк нь өөрийн хөрөнгөө 50 дахин нэмэгдүүлэхтэй тэнцэх хэмжээний зээлд батлан даалт гаргах эрхтэй. Нөгөө талдаа Хөгжлийн банкны тухайн жилд гаргах зээлийн баталгаа, батлан даалтын хэмжээг УИХ-аас баталж өгнө. Энэ хүрээнд УИХ Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуультай зэрэгцүүлээд тогтоол баталсан. Уг тогтоолын хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкинд 2011 онд гаргах зээлийн баталгааны дээд хэмжээг зааж өгсөн. Энэ нь Монгол Улсын ДНБ-ийн 23.3 хувьтай тэнцэх хэмжээний буюу 1.9 их наяд төгрөгийн зээлийн баталгаа гаргах боломжтой гэдгийг зааж өгсөн юм. Харин УИХ-ын 15 дугаар тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл нь Засгийн газраас баталгаа гаргаж, УИХ-аас жагсаалтыг нь баталсөн хөтөлбөр байна гэж заасан. Тодруулж хэлбэл, энэ хүрээнд Сайншандад байгуулах аж үйлдвэрийн цогцолбор, Төмөр замын тэвэрийн талаар төрөөс баримтлах бодлого, “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр,  УИХ-ын 2008 оны 44 дүгээр тогтоолоор баталсан эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр тавих дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлнэ гэж заасан л даа.

-Эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр тавих дэд бүтцийн хөтөлбөр гэдэгт юу багтаж байна вэ?

-Авто зам, эрчим хүчний шугам сүлжээ шинээр татах зэрэг дэд бүтцийн чиглэлийн төслүүд багтаж байгаа.

-Засгийн газраас өнгөрсөн лхагва гаригт Хөгжлийн банкинд зориулж 800 тэрбум төгрөгийн бонд гаргах шийдвэрийг гаргасан. Дараа нь Хөгжлийн банкны дүрмийг баталлаа. Хөгжлийн банкны ажил эхлэх боломжтой болж байна гэж ойлгож болох уу?

-Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаа олон улсын нээлттэй тендер зарлаж,  түүнийгээ дүгнээд явах бэлтгэл хангагдаад эхэлчихсэн гэж ойлгож болно. Ялангуяа одоогийн байгаа өөрийн хөрөнгө 16.4 тэрбум төгрөгийг 50 дахин нэмэгдүүлэхээр 830-аад тэрбум төгрөг гарч байгаа. Энэ хязгаарт 800 тэрбум төгрөг багтаж байгаа. Нөгөө талаас Засгийн газрын 14 дүгээр тогтоолоор батлан даалт гаргах лимитийг тогтоосон. Лимитийг  1.9 их наяд төгрөг гэж заасан. Үүнд 800 тэрбум төгрөгийн бонд багтаж байгаа. Яг энэ үүднээсээ үйл ажиллагаа эхлэхэд бүх бэлтгэлийг хангах хүрээнд хөрөнгийн эх үүсвэрийн хэмжээг хуульд заасны дагуу нэмэгдүүлсэн гэж ойлгож болно.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж