Өнөөдрийн байдлаар тус компанийн хувьчлалд оролцох, болж өгвөл хувьчлаад авах гадаадын болон тэр тусмаа онцлон хэлэхэд дотоодын сонирхогч этгээдүүд нэг биш дахиад онцлоход нэлээн хэд байгаа юм байна. Гэвч Монголд авиа компанийн менежментийг хийх хэмжээний компани бараг байхгүйтэй адил гэж энэ салбарын мэргэжилтнүүд онцолж байна.
Олон улсад танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн авиа компаниудыг аваад үзэхэд ч тэдгээрийн жишиг нь янз бүр, “энэ нь төгс загвар” гээд онцолчих боломж байдаггүй аж. Тэгэхээр энэ салбарт бизнес явуулах, бие даах, брэнд болох зэрэг нь тийм ч амар зүйл биш гэдэг ойлгомжтой.
Үе үе сенсаац болж дэгддэг МИАТ компанийн үйл ажиллагааны алдаа, доголдлын дараа Засгийн газрын төвшинд асуудлыг ярилцаж, эцсийн дүндээ “менежментийн баг” ажиллуулах шийдвэр дээр буудаг. Хамгийн сүүлд ч мөн л ийм шийдвэр дээр бууж, Засгийн газар тогтоол гаргасан нь хүчин төгөлдөр хэвээрээ. Гэвч хэзээ, хэнд, хэрхэн яаж гэдэг гаргалгаа нь амаргүй учраас ямар нэг алхам хийгээгүй өнөөдрийг хүрч байна.
Өнөөдрийн байдлаар МИАТ компанийн нэрийг биш зөвхөн логог нь солих шийдвэр гарч, ажил хэрэг болоод явж буй аж. Харин ямар нэг менежментийн өөрчлөлтийн талаар санаж, сэдсэн тодорхой зүйл байхгүйг албаны эх сурвалж өгүүлж байна. ТӨХ-ны дарга Д.Сугараас МИАТ компанийн хувьчлалын талаар өнөөдөр баримталж байгаа байр суурийг тодруулахад “Хувьчлах гэсэн хүн алга” гэсэн товч бөгөөд тодорхой хариуг өгч байна.
Төмөр замыг удирдах газар, Иргэний нисэхийн ерөнхий газар зэрэг Засгийн газрын агентлагууд товчоор хэлэхэд төрийн явуулдаг бизнесийн үйл ажиллагааг удирдан чиглүүлдэг байгууллагууд юм. УИХ-ын төвшинд эдгээр агентлагын үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг нэг бус удаа дэвшүүлэн тавьж байсан. Төмөр замын бодлого болон нисэх тээврийн бодлого, чиглэлээ Засгийн газрын агентлагууд нь хэрэгжүүлж, харин үйл ажиллагааг нь цэвэр бизнесийн байгууллагад өгч, зааг ялгааг нь гаргах хэрэгтэй гэсэн “онол” маягийн зүйлийг парламентын төвшинд ярьдаг. Гэхдээ энэ нь мөн л МИАТ, төмөр зам, үнэ цэнтэй аж ахуйн нэгжийн хувьчлалтай холбоотойгоор хөндөгдөж байсан сэдэв. Ямар ч байсан өнөөдрийн байдлаар үнэ цэнтэй аж ахуйн нэгжүүдийг өмчилж буй ТӨХ МИАТ-ийн хувьчлалын талаар бодсон зүйлгүй бололтой. Харин тус компанийг хувьчилж авах сонирхоо бүхий тал ил, далдаар асуудлыг хурцатгаж, шийдэл гаргах эрх бүхий субъектэд шахалт үзүүлэхээр оролдож байж мэдэх юм гэсэн сэрдлэгэ албаны хүмүүст байна.
З.БОРГИЛМАА