Бүлгүүдэд байр сууриа ойртуулахыг сануулав

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

Бүлгүүдэд байр сууриа ойртуулахыг сануулав

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтын холбогдох хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн Цэцийн 2012 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн боловч санал хурааж чадалгүйгээр завсарласан юм. Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт, байнгын хороодын санал, дүгнэлтүүдтэй холбогдуулан УИХ дахь хоёр намын гишүүдийн хооронд байр суурийн маргаан үүсээд байв. 

Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг өмнө нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаанаараа хэлэлцээд хүлээн авах нь зөв гэж үзсэн бол Хууль зүйн байнгын хорооны гишүүд Цэцийн шийдвэр хууль бус хэмээн хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан юм. Мөн МАН-ын бүлгийнхэн Цэцийн шийдвэрийг хүлээн авна гэсэн ч АН-ын бүлгийнхэн эсрэг байр суурьтай байгаа юм.

АН-ын бүлгийн голдуу гишүүд цэц буруу шийдвэр гаргалаа, УИХ-ын хууль тогтоох эрх мэдэлд халдаж байна, улс төрийн захиалга биелүүлдэг байгууллага боллоо гэх зэргээр ширүүхэн шүүмжилж байв. Ингээд гишүүд саналаа хэлж дууссаны дараа АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг санал хураалтыг 15.00 цаг хүртэл хойшлуулж өгөхийг УИХ-ын даргаас хүссэн юм.

“Хэрэв санал хураах үед МАН-ын бүлэг олонхийн суудлаараа Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрнө гэж тооцоолж байгаа бол бид Цэцийн шийдвэрээс улбаалан УИХ-ын сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах асуудалд оролцохгүй. МАН-ын бүлэг асуудлыг дангаараа авч явах болно шүү” гэдгийг ч тэрбээр хэлсэн юм. УИХ-ын дарга ч чуулганы үдээс хойшхи хуралдаанаар санал хураахаа мэдэгдээд хуралдааныг завсарлуулсан.

Чуулганы үдээс хойших  хуралдаан эхлэхэд АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэх асуудлаар  явуулах санал хураалтыг баасан гаригийн үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан хүртэл  хойшлуулах санал гаргаж буйгаа дуулгав. 

Энэ саналтай холбогдуулан УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “УИХ-ын сонгууль хаяанд ирсэн энэ үед асуудалд бид нухацтай хандах хэрэгтэй. Гишүүд бие биетэйгээ мэтгэлцээд, талцах байдлаар асуудалд хандах нь буруу. Улстөржсөн маягтайгаар асуудлыг шийднэ гэвэл олигтой үр дүн гарахгүй нь ойлгомжтой тул бид үүнээс гарах дараагийн үр дагаврыг ч бас бодолцох ёстой. Хариуцлага гэж бий. Гишүүн бүр хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй. Хоёр бүлгийн хатуу байр суурь надад таалагдахгүй байна. Ийм байвал амжилтад хүрэхгүй. Тэгэхээр нэлээд сайн бодъё. УИХ дахь хоёр бүлэг байр сууриа  ойртуул, одоо бол  дэндүү хол байна. Танайх  ингэвэл, манайх тэгэх болно  гэсэн байдлаар асуудалд хандах нь  онцгүй юм. Хамгийн чухал нь дараагийн гарах үр дагаврыг  бид бодолцох ёстой” гээд чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлууллаа. Мөн маргааш өглөө хүртэл хоёр бүлэг асуудлыг нягтлан болгоож, сайтар тунгаах боломж олгож буйг ч УИХ-ын дарга нэмж хэлсэн юм.

УИХ-ын дарга хоёр намын бүлэгт ийм боломж олгосон нь асуудлыг хэт улстөржихөөс  сэргийлж, хожмын сөрөг үр дагаврыг зөөллөхөд чиглэсэн, гарц олоход дөхөм болгосон алхам боллоо гэж хэлж болох юм.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж