Спортынхон ийм л хүмүүс

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

Спортынхон ийм л хүмүүс

Өчигдөр гавьяатын тэмдэг энгэртээ гялалзуулсан М.Бундмаа руу баяр
хүргэхээр үдийн алдад утас цохилоо. М.Бундмаа маань гэтэл “Олимп” бааз
руу бэлтгэлдээ явж байна гэв. Жүдогийн шигшээгийнхэн Орхон аймагт
байрладаг “Олимп” баазад бэлтгэлд гараад хэд хонож байгаа юм. Төрийн том
шагнал, спортын гавьяат тамирчин болсон хүн чинь эндээ ганц хоног
саатаж, амрах юм болов уу гэтэл өнөөх маань гавьяатын тэмдэг, цагдаагийн
дүрэмт хувцсаа бушуухан тайлж үлдээчихээд бэлтгэл рүү гээ яараад
явчихжээ.

Спортынхноор яагаад бахархмаар байдаг гээч. Ийм л болохоор нь…

Ото ах /МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан. Спортынхон
түүнийг ингэж дотночилдог/ тамирчдын ийм шургуу зан характерын тухай их
гоё зүйлс ярьдаг юм. Афины олимпийн дараа жил буюу 2005 оны нэгдүгээр
сарын 1-ний өглөө хамаг амьтан шинэ жил тэмдэглээд амарч байхад
Х.Цагаанбаатар ганцаархнаа Спортын ордонд бэлтгэлээ хийх гээд хар үүрээр
шахуу зааландаа ирчихсэн байсан гэдэг.

Өчигдөр бас нэг гоё мэдээ сонссон. Эверестийн оргилд амь биеэ үл хайрлан
хүрсэн уулчин Г.Өсөхбаяр Австрали руу замд гарахаар болсноо дуулгав. Уг
нь Өсөхөө саяхан л энэ жил элдэв авиралт бодохгүйгээр хэсэг ч гэсэн
амраад авъя гэж ярьж байсан юм. Гэхдээ Өсөхөөг авиралт хийнэ гэхийг
сонсоод сэтгэл сэргэмээр болов. Австрали тивийн ноён оргил Карстенз
Пирамидад, Өмнөд Америкийн Аконкагуагийн оргил, Антарктик тивийн Винсон
Массиф…Энэ гурван оргилд хүрэхгүй бол хэзээ ч санаа нь амрахгүй
“уулын” Өсөхийгөө 100 хувь дэмжиж байна. Дэлхийн дээвэр Эверест, хойд
Америкийн ноён оргил Маккенли, Африк тивийн ноён оргил Климанжаро, Европ
тивийн ноён оргил Эльбруст очиж болсон юм чинь хүссэн ууландаа хүрэх л
хэрэгтэй.

Ялж, тэмцэж, давшиж л байхгүй бол санаа нь амардаггүй та нараараа ямар их бахархдаг гээч.

Б.Баясах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж