-Олон нийтээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, эсэх асуудлаар санал авах хугацаа дууслаа. Ирүүлсэн саналуудыг нэгтгэсэн үү?
-УИХ-ын даргын захирамжаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлаар Ажлын хэсэг байгуулагдсаны дагуу нийт аймаг, дүүргүүдийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлуудад албан бичиг явуулж санал авах ажлыг зохион байгуулсан. Санал авах хугацаа гуравдугаар сарын 15-нд дууссан. Одоогийн байдлаар цахим хуудсаар болон нийслэлийн дүүргүүдээс саналууд ирчихсэн байна. Харин аймгуудын саналууд хараахан нэгтгэгдэн ирээгүй байна. Ажлын хэсэг дараагийн долоо хоногт энэхүү саналуудыг нэгтгэн хэлэлцэх болно.
-Хичнээн санал ирсэн байна?
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлаар Улаанбаатар хотоос нийт 10770 санал ирсэн. Эдгээрээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэх 2011 санал, өөрчлөлт оруулах шаардлагатай гэх 8765 санал орж ирсэн. Байнгын хороо яг одоогийн байдлаар эдгээр саналыг ангилан Үндсэн хуулийн аль зүйл заалт, аль бүлгүүд дээр өөрчлөлт, нэмэлт хийх саналууд голчлон ирсэн байгааг тодорхойлон бүлэглэж байна. Бичгээр ирсэн саналуудаас гадна УИХ-ын www.parliament.mn цахим хуудсаар мөн санал авлаа. Тус хуудсаар 114 хүн саналаа ирүүлсэн ба үүнээс 124 санал гарсан.
Саналыг тусад нь ангилахдаа УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байх нь зүйтэй эсэх, парламент хоёр танхимтай байх нь зөв эсэх, орон нутаг засаг захиргааны нэгжид өөрчлөлт оруулах эсэх гэх мэтээр нэг асуудлаар ирүүлсэн саналуудыг нэгтгэн бүлэглэж байна.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ямар саналууд олон дахин давтагдаж байна?
-Ирүүлсэн саналуудыг харвал Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн саналууд давамгайлж байна. Тухайлбал, Үндсэн хуульд заавал тусгагдсан байх шаардлагатай гэх зүйлст хотын талаар зохицуулалтыг нэрлэсэн байна. Мөн УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүн байх нь буруу гэх саналууд олон давтагдлаа. УИХ нь хоёр танхимтай байж тус тусдаа хэлэлцүүлгүүд болж байх нь зүйтэй гэх санал мөн олон гарсан. Түүнчлэн Үндсэн хуультай холбогдолгүй заалтууд ч цөөнгүй орж ирлээ. Ерөнхийд нь авч үзвэл төр засгийн үйл ажиллагаа, нээлттэй ил тод байх зүйтэй гэх санал нилээдгүй байна.
Б.МАНДАХ