Болзошгүй аюулд бэлэн байхаар боллоо

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

Болзошгүй аюулд бэлэн байхаар боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Шадар сайд М.Энхболд, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Нийслэлийн Засаг дарга Т.Мөнхбаяр, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаяр нар өчигдөр онц байдлын бэлэн байдал, учирч болох эрсдлийн талаар мэдээлэл өглөө.
Энэхүү уулзалт нь Японд учирсан гамшигт байдлаас сургамж авч өөрсдөө ийм гамшгийн өмнө хэр бэлтгэлтэй байгаагаа тодорхойлоход чухал талаар Ерөнхийлөгч онцолсон юм.
Уулзалтын эхэнд Японд явсан аврах баг хэрхэн ажиллаж буй тухай, Засгийн газраас ямар арга хэмжээ авч байгаа талаар Шадар сайд М.Энхболд танилцууллаа. Тэрээр “Монгол Улсын Засгийн газар Японд газар хөдөлснөөс хойш хоёр удаа хуралдаж, ард түмэндээ хандан япончуудад туслах хөдөлгөөн өрнүүлэх уриалга гаргасан. Уриалгын дагуу нилээд бодитой ажлууд хийж, мөнгө хөрөнгө хуримтлагдаад байна. Засгийн газрын хувьд нэг сая долларын тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн. Манай 697 байгууллага, 314 хувь  хүнээс нэг тэрбум найман зуун гучин сая орчим төгрөгийн хандив цуглаад байгаа. Нөөцөөс тав орчим тонн дулаан хөнжил голлосон барааг өөрийн зардлаар газар дээр нь хүргэж өгсөн.
Монголын иргэний агаарын тээврийнхэн өнгөрсөн хугацаанд долоон удаа нислэг үйлдэж, 1147 хүнийг эргүүлэн авчраад байна. Ирсэн зарим хүний ачаа тээшнээс бага зэрэг цацраг илэрсэн. Хүмүүсээс ямар нэг зүйл одоогоор илрээгүй байна. Цацраг илэрсэн ачаанд холбогдох арга хэмжээ авсан” гэв.  
Уг уулзалтад судлаач н.Сүхбаатар оролцон “Улаанбаатар хотын доогуур буй хоёр хагарлыг судалж байна. Хэрэв энэ хоёр холбоотой бол хүчтэй газар хөдлөх магадлалтай” гэдгийг ч анхааруулав.
Дээрх аюулын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр өмнө дөрвөн удаа хэлэлцсэн бөгөөд болзошгүй аюулын бэлэн байдлын талаар хотын дарга Т.Мөнхбаяр тайлбар хийлээ. Тэрээр “Бид нэгд хотын барилгуудыг паспортжуулах, бүртгэлжүүлэх ажлыг эхэлж байна. Хоёрт цаашид баригдах барилгуудад аюулгүй байдлын үнэлгээ өгч эхлэхээр тоног төхөөрөмжийн асуудлаа шийдээд байна. Мөн төмөр замын ачааг аюулгүй байдлын үүднээс  хотын хоёр захад буулгадаг болгох ажлыг хэрэгжүүлэхээр бэлтгэлээ хийж байна. Хотын далан байгуулах, засах ажлыг төсөвт хөрөнгийг нь суулгасан тул энэ хавартаа дуусгахаар ажиллаж байна” гэлээ.
Түүнчлэн “Улаанбаатар хотын газар хөдлөлтийн талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд байдлыг танилцуулсны   дараа зөвлөмж гарсан. Түүний дагуу авч хэрэгжүүлэх арга хэмжээ, урьдчилан сэргийлэх ажлыг тодорхойлох Шадар сайдаар ахлуулсан ажлын зөвлөл байгуулахаар Засгийн газар бэлтгэж байна. Дунд шатны хөтөлбөрийн хүрээнд Засгийн газар газар хөдлөлтийг тэсвэрлэхгүй орон сууцуудыг хэрхэх асуудлыг шийдэхээр ярилцаж байна” гэж Шадар сайд мөн нэмэлт тайлбар хийв.
Ерөнхийлөгч “Иргэдэд хоёр зүйл чухал хэрэгтэй байна. Нэгд иргэн бүр амьдарч буй байшингийнхаа хэдэн баллын газар хөдлөлт даахыг мэддэг байя. Барилга бүрт үнэлгээ хийгээд гадна нь түүнийг нь бичсэн ч болох юм. Хоёрт хүн бүр бэлтгэлтэй байх. Байрандаа тодорхой хэмжээний хүнс нөөцөлсөн, газар хөдөлбөл маш хурдан яаж зайлах, үр хүүхэддээ хэрхэн туслахаа, дээр нь хорогдох байраа мэддэг байх хэрэгтэй. Ер нь хамгийн зохимжтой хорогдох байр гэр юм шиг санагдана. Болбол айл бүр нэг хорогдох гэртээ байвал сайнсан. Наад зах нь ах дүү нарынхаа гэр хороолол дахь байрлалыг мэддэг байх нь чухал. Улаанбаатар хот хаашаа хаяа тэлэхийг тогтоож, тэндээ хорогдох байр байгуулбал ямар вэ. Гай хэлж ирдэггүй, хийсч ирдэг шүү дээ” гэх анхааруулгыг ч хэллээ.
Уг уулзалт, мэдээллийн үеэр барилга бүрт хэдэн баллын газар хөдлөлтийг тэсвэрлэх тухай тоог бичих, өндөр барилгуудад хэрэглэдэг нарийн холхивчтой технологийг нэвтрүүлэх, цементийн стандартыг бий болгох, хоргодох байрны хувьд сургуулиудын спорт заалыг сонгож стандарт тогтоох,  газар хөдлөх үед хүн бүрт гар утсаар түгшүүрийн дохио өгөх технологийг нэвтрүүлэх зэрэг саналууд гарсан байна.
Уулзалтын төгсгөлд  Ерөнхийлөгч хэвлэлийнхэнд хандаж ядаж сард нэг удаа ажил ямар түвшинд байгааг тодруулан мэдээлж байхыг хүслээ. Мөн яам, газар, Засгийн газраас байгуулж буй зөвлөл өөр өөрийн чиглэлээр ажлаа эрчимжүүлэхийн зэрэгцээ хийж буй зүйл нь уялдаа холбоотой байх шаардлагатайг анхаарууллаа.  

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж