Ёс суртахууны лекц уншлаа

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Ёс суртахууны лекц уншлаа

Өвөрхангай аймаг дахь зүүний хүчний холбоо иргэд, дэмжигчдэдээ оюуны өндөр боловсрол эзэмшүүлж, ёс суртахууны доройтлоос ангижруулах эрхэм зорилгынхоо анхны алхамыг хийж Монголын бурхан шашинтны төв Гандан тэгчинлэн хийдийн тэргүүн их хамба, гавж Д.Чойжамцаар “Монгол хүний хөгжил, ёс суртахуун” сэдэвт лекц уншиж, олон нийтэд хүргэлээ.

Төрийн албан хаагчдад болон нийт Арвайхээрчүүдэд зориулан тавьсан уг лекцээр Их Хамба Бурханы шашин Монголд хэрхэн үүссэн хийгээд Өвөрхангай аймаг нь бурханы шашны түүхэн өв соёл бүхий нутаг болохыг дурьдлаа. “Бурхан шажныг мандуулагч зул” хэмээн алдаршсан Өндөр гэгээн Занабазар, Ламын гэгээн Лувсандандар жанцан, зая бандида Лувсанпэрэнлэй гурав Өвөрхангай аймагт мэндэлсэн билээ. Мөн бурханы шажны гурав дахь мандан бадралын 300 жилд Ламын гэгээний долоон дүрийн дөрөв нь, Бандида Ламтаны таван дүр тавуулаа Өврийн сайхан хангайд маань мэндэлцгээсэн нь үнэхээр сонин
 тохиол гэж хэлж болох.

Их Хамба Д.Чойжамц лекцийн үеэр “өнгөрсөн, одоо, ирээдүйг алган дээрээ тавьсан мэт мэддэг бодгалийг бурхан хэмээнэ” гэж тодорхойлоод бид бурханд залбирч, сургаалийг нь дагаж чадваас аврагдаж диваажинд очих болно. Үгүй бол тамд унана” гэлээ. Бурханы сургаалыг дагаж сайн явах нь хэн хүний чадах зүйл бөгөөд хэл, бие, сэтгэл гурваа захирч чадваас бүх зүйл амар амгалан байх жамтай болохыг ч дэлгэрэнгүй дурьдав. Түүнчлэн бурханд итгэхээс гадна хуврагуудад итгэх ёстой. Жинхэнэ хувраг нь та биднийг аварч чадахуйц хутагт хувилгаад юм” хэмээсэн.

 Д.Чойжамц нь 1951 онд Төв аймгийн Бүрэн суманд төрсөн бөгөөд 1984-1990 онд Монголын бурхан шашинтны төвийн Дэд хамба, 1991-1992 онд Да ламын, 1992 оноос өнөөг хүртэл хийдийн тэргүүн, Их хамбын албыг хашиж байгаа юм. Тэрбээр гэвш, гавж зэрэг мяндаг цолтой ба  Азийн Буддистуудын Энх тайвны бага хурлын  Ерөнхийлөгч, Монголын Хүүхдийн төлөө үндэсний төвийн гишүүн аж.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж