Ц.Нямдоржийг шалгуулах хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

Ц.Нямдоржийг шалгуулах хэрэгтэй гэв

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Д.Сүхбаатар, гишүүн Т.Хасбаатар, М.Ичинноров, Ц.Энхцэнгэл, Р.Бурмаа, Р.Батсайхан нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд Авлигын эсрэг хуульд орсон нэмэлт өөрчлөлтүүд болоод ирэх тавдугаар сарын 1-нээс хүчин  төгөлдөр болох Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуультай холбоотойгоор мэдээлэл хийсэн юм. Энэ хуулийн хүрээнд Олон нийтийн зөвлөлд олон нийтийн анхааралд байгаа авлигын шинжтэй гомдол мэдээлэл олноор иржээ. Тухайлбал, Налайх дүүрэг, Увс, Өвөрхангай аймгийн Засаг дарга нарын  хэргийг хэрэгсэхгүй болгох, хэрэг үүсгэхээс татгалзах оролдлого гарч байгаа тухай иргэдийн мэдээлэл ирсэн гэнэ.

Түүнчлэн АТГ, прокурорын хооронд үл ойлголцол оршиж, нэг нь нөгөөгийнхөө шийдвэрийг үгүйсгэх, зөрчилдөх байдал гарч байгааг шүүмжилж байлаа. Тиймээс нэгнийхээ шийдвэрийг үгүйсгэсэн тэднээс тайлбар гаргуулж, шаардлага хүргүүлэхээ мэдэгдлээ. Тухайлбал, УИХ-ыг гишүүн Х.Баттулгын гаргасан өргөдлийн дагуу АТГ-аас үүсгэсэн эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурор  хэрэгсэхгүй болгосон нь   дээрх гажуудлыг нотолж байна гэв.  Ажилдаа хариуцлагагүй хандсан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Цоодолсэнгээ, Нийслэлийн прокурор Б.Бат-Орших нарыг олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалж чадаагүй учир албан тушаалаа өгөх ёстой гэв.

АТГ жирийн иргэдийн гомдол саналыг баримт нотолгоотой нь хүлээн авдаг хэдий ч тодорхой тайлбар, үндэслэлгүй хэрэг үүсгэхээс татгалздаг жишиг тогтсныг ч нуусангүй.

Энэ мэтээр АТГ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байгааг  УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн  байрны асуудлаар олон нийтэд ил болсон хэмээж байлаа.  Олон нийтийн зөвлөлийн гишүүн  Р.Батсайхан “Ц.Нямдорж сайдын жилийн орлого 10 сая, 80 сая төгрөгийн үнэтэй нэг байртай  гэж хөрөнгө орлогоо мэдүүлсэн. Гэтэл түрээсийн гээд байгаа байрных нь сарын төлбөр 10 сая төгрөг. Өөрийнх нь хэлснээр тэр байрандаа үнэгүй амьдардаг гэсэн. Хүний байранд үнэгүй амьдардаг юм бол ямар нэг  ашиг сонирхол, авлига  байхыг үгүйсгэхгүй. Тэгсэн мөртлөө би олон байртай  гэж  ярьсан. Тэр хүн энэ мэт  хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн зүйл ярихын оронд хуулийн байгууллагаар шалгуулж,  шүүхээр шийдүүлэх ёстой. Гэтэл Хууль зүйн яамыг толгойлж байгаа хүн “Би шүүхдэж доошоо орохгүй” гэх утгатай юм зүйл ярьж байгааг  юу гэж ойлгох вэ”  гэсэн юм. Тэд  ганц  Ц.Нямдорж сайдыг  буруутгах талаас бус энэ мэт жишээ байгааг дурдсанаа  учирлаж байв.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж