“Шинэ Мубарак” гарч ирж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

“Шинэ Мубарак” гарч ирж болзошгүй

Египетийн хамгийн нөлөө бүхий улс төрийн хүчин “Лалын ахан дүүс” байгууллага тус улсын ерөнхийлөгчийн сонгууль луйвар болж магадгүй гэж анхааруулжээ. Египетийн ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн зөвлөхүүд ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн нь улс төрийн хүчний хоорондох сөргөлдөөн дахин гарахыг зөгнөж байгаа аж. Лалын ахан дүүс байгууллагын стратегич, санхүүч Хайрат аль-Шатир “Шинэ Мубарак гарч ирвэл дахин хувьсгал болно” гэж мэдэгджээ. Түүний мэдэгдэл Египетийн ерөнхийлөгчийн сонгууль Лалынхан, ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн дэглэмийн цэргийнхэн болон хүчнийхэн, шинээр гарч ирж буй улс төрийн хүчний хоорондох тэмцэл болон хувирч болохыг харуулж байгаа юм. Гэвч сонгуульд аль нь ялахыг таамаглахад эрт байна. “Лалын ахан дүүс” байгууллага ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй гэж мэдэгдсэн нь өрнөдийнхөн болон либералистуудаас зай барьсан, нөлөө ихтэй мэт харагдахгүй байх арга нь гэж ажиглагчид бичиж байна. Лалын ахан дүүс байгууллага, эрх баригч цэргийнхэний хооронд  хамтран нэр дэвшигчийг томилох яриа хэлэлцээр байдаг гэнэ. Лалын ахан дүүс байгууллагын нэрлэснээр “Шинэ Мубарак” гээд байгаа хүн нь өнгөрсөн баасан гаригт сонгуульд нэрээ дэвшүүлсэн Омар Сулейман гэнэ. Омар Сулейман нь Египетийн ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн дэглэмийн үед Тагнуулын газрын дарга байсан аж.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж