Зүүний хүчний холбоо анхдугаар чуулганаа хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Зүүний хүчний холбоо анхдугаар чуулганаа хийлээ

Өвөрхангай аймаг дахь Зүүний хүчний холбоо анхдугаар чуулганаа “Хүний хөгжил – Эрүүл нийгэм” сэдвийн дор  зохион байгууллаа.  Чуулганаар Монголын Зүүний хүчний холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батбаяр, Өвөрхангай аймгийн Засаг дарга асан, МУ-аас ОХУ-д суугаа Элчин сайдын худалдааны зөвлөх Б.Эрдэнэбилэгт тэргүүтэй албаныхан хүрэлцэн ирсэн бөгөөд холбооны тэргүүлэгчид, гишүүд, дэмжигчид болох төрийн албаны удирдлага, ажилчид зэрэг 100 орчим хүн оролцлоо.

Монголын Зүүний хүчний холбоо нь эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг байгуулахын төлөө Монгол Улсын үндсэн хуулийг эрхэмлэн дээдлэгч, нийгэмд үйлчилдэг ажил хэрэгч, оюунлаг төрийн бус байгууллага бөгөөд  нийгмийн баримжаатай хөгжлийн үзэл санааг түгээн дэлгэрүүлнэ хэмээн зорилгоо тодорхойлжээ.  Өвөрхангай аймаг дахь зүүний хүчний холбоо  нь 2009 оны 4 сард анх байгуулагдаж, дарга, тэргүүлэгч зэрэг 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн ажээ.

Холбооны даргаар аймгийн ИТХ-ын дарга И.Доржсүрэн, дэд даргаар Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Э.Тэгшбаяр, Хүүхдийн төлөө хэлтсийн дарга С.Санчир, тэргүүлэгчдээр Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Нэмэхбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга А.Адъяа, БОАЖГ-ын дарга Г.Баясгалан,  Эрүүл мэндийн газрын дарга Ц.Анхтуяа,  БТСГ-ын дарга Ц.Очирбаатар,  ТАЗГ-ын дарга О.Пүрэвдорж, Арвайхээр сумын ЗДТГ-ын дарга В.Шоовдор, ШУТИС-ийн манай аймаг дахь Технологийн сургуулийн Ерөнхий санхүүч С.Хандсүрэн,  “Соёмбо” телевизийн захирал Ц.Цогтбаяр,  “Цэцэн харцага” ХХК-ний захирал П.Дуламдорж нарын хүмүүс

– Стратеги, зохион байгуулалт
– Сургалт мэдээллийн
– Гишүүд, дэмжигчдийн хүрээг өргөтгөх
– Санхүүгийн үйл ажиллагаа гэсэн дөрвөн чиглэлийн үүрэг хүлээн  ажилладаг байна.  Аливаа үйл ажиллагаандаа:

“Эрдэм боловсролтой Оюунлаг нийгэм
Эв нэгдэлтэй Хүчирхэг нийгэм
Ажил хөдөлмөртэй Бүтээлч нийгэм
Архи тамхигүй Эрүүл нийгмийн төлөө ажил хэрэгч, оюунлаг холбоо гэсэн  уриаг хэрэглэж хэрэгжүүлэх гэнэ.

Өвөрхангай аймаг дахь Зүүний хүчний холбооныхон анхдугаар чуулганаараа цаашдын үйл ажиллагаа,  баримтлах бодлого чиглэлээ тодорхойлов. Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга И.Доржсүрэн, Засаг дарга Д.Тогтохсүрэн, МЗХХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батбаяр, МУ-аас ОХУ-д суугаа Элчин сайдын худалдааны зөвлөх Б.Эрдэнэбилэгт нар үг хэлж, Зүүний хүчний холбоог үүсгэн байгуулах болсон шалтгаан, ажиллах арга замын талаар онцоллоо.
2009 онд төрийн албан хаагчдыг намын гишүүн байж болохгүй хэмээсэн хууль батлагдсаны дагуу олон төрийн албан хаагчид намын гишүүнээс түдгэлзсэн нь уг холбоог үүсэн байгуулах шалтгаан болсон аж.

Аймгийн ИТХ-ын дарга И.Доржсүрэн чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ “Манай хамгийн оюунлаг, боловсролтой хэсэг маань улс төрийн үйл ажиллагаа буюу нийгмийн зохион байгуулалтыг хангах явдлаас хуулиар хориглогдсон байгаа бөгөөд бид энэ тухай төрийнхөө хуулийг биелүүлж байгаа. Гэхдээ та бидний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, мэдээлэл авах хууль ёсны эрх маань нээлттэй байгаа билээ. Тийм ч учраас нийгмийн баримжаат үзлийг нийгэмд түгээн дэлгэрүүлэхийн төлөө үйл ажиллагаа явуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Нийгмийн оюунлаг, боловсролтой хэсгээс бүрдсэн Зүүний хүчний холбооныхон бол бусдыгаа ажил хөдөлмөртэй болоход нь, мэдээлэл олж авахад нь туслахын зэрэгцээ өөрсдийгөө хөгжүүлэхэд анхааран нийгэмдээ идэвхитэй, хариуцлагатай байхыг уриалан дуудъя” хэмээсэн бол  “Улсын хэмжээнд 30 гаруй мянган төрийн албан хаагч,  Өвөрхангай аймагт 2300 гаруй төрийн албан хаагч намаасаа түдгэлзсэн.  Харин тэдгээрийн эрх ашгийг хамгаалах, зохион байгуулалтанд оруулах, оюуны хүчийг нь ашиглах, ажиллуулахад ач холбогдол бүхий нэгэн холбоо байгуулагдсан нь Зүүний хүчний холбоо юм” хэмээн аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн тодорхойлсон бөгөөд цаашид тус холбооноос хийж хэрэгжүүлэх шаардлагатай хоёр зүйлийг онцлон илтгэлээ. Тухайлбал  “…хэдийгээр нийгмийн шинэчлэл хүчтэй явагдаж байгаа боловч оюун санааны өөрчлөлт шинэчлэлт төдийлөн хурд хүчгүй байгаа. Сэтгэлгээний ахиц дэвшил гарахгүй байснаар архидалт, ёс суртахууны доройтол, гэр бүл салалт ихсэж нийгмийг ядралд оруулж байна. Тиймээс төрийн албан хаагчид та бүхэн хүмүүсийн сэтгэлгээ, ухамсарыг өөрчилж, нийгмийг ариусган гэгээрүүлэхэд  хувь нэмрээ оруулж ажиллах шаардлагатай байна. Хоёрт Монгол улсын хамгийн тулгамдсан асуудал бол ажилгүйдэл.  Ажилгүйдлээ дагаад ядуурал, ядуурлаа дагаад нийгмийн ёс суртахууны доройтол илэрч байна. Тийм учраас иргэдийг ажилтай болгох, ажлын байранд зуучлах, мэргэшүүлэх,ажил олгогчдыг дэмжих чиглэлд онцгой анхаарч ажиллана уу!” гэсэн юм.

МЗХХ-ний ЕНБД Ц.Батбаяр хэлэхдээ “ Бид хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулах зорилготой ажилладаг. Төрийн албан хаагчдын оюунлаг хүчийг яаж ашиглах вэ, хааш нь чиглүүлэх вэ? гэдэгт голлон анхаарч ажиллана. Өөрөөр хэлвэл хүнээ хөгжүүлэх, хүнийхээ сайн сайханы төлөө ажиллах, хамтарч багаар ажиллах, жаргал зовлонг хуваалцах хүн ёсны амьдралыг татаж авчрах зорилготой юм.  Бүхнийг төр шийднэ гэдэг асуудлаас зайлсхийж, харин төрийг иргэншүүлэх хэрэгтэй” гэлээ.

Мөн аймгийн Засаг дарга асан, ОХУ дахь ЭС-ын худалдааны зөвлөх Б.Эрдэнэбилэгт “…сүүлийн 20 жилд Монголын хэтийн хөгжлийн бодлого хаягдаад зөвхөн улс төрийн намуудын сонгуулийн дөрвөн жилийн бодлого л явагдаад байна шүү дээ. “Алтан дээр сандайлсан гуйлгачин”-уудын амьдрал хэвээр үргэлжилж байна. Нийт иргэдийн 68 хувь нь ядууралд орчихсон тоон үзүүлэлт байна. Тэгэхээр улс төрийн намын тоглолтонд дэвшил байна уу? Төрийн албан хаагчид та бид нам бусчуудын хүрээнд нийгмийг давалгаалж авчрах ёстой хүмүүс” хэмээсэн. 

Зүүний хүчний холбоонд  “хамгийн оюунлаг бөгөөд хийх ажлаа мэддэг, гэрээ төвхнүүлсэн төрөө төвхнүүлэхэд бэлэн” хүмүүсийг хамруулах бөгөөд тэд оюун санаа, ёс суртахууны хувьд иргэдээ уриалан дагуулах ажээ.  Чуулганаар аймгийн ЗХХ-ны бодлого зорилтоо тодорхойллоо.
Бодлого зорилтын гол агуулга нь холбооны үйл ажиллагааг идэвхижүүлэн тогтмолжуулах, гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, төрөлх аймгийн ард иргэдийн хөгжлийг хангах, эрүүл иргэний нийгэмд идэвхитэй, сэтгэл хангалуун амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулахад чиглэгдэх юм байна.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж