
1. Нийгмийн үзүүлэлт
Улсын хэмжээнд 2012 оны эхний улиралд 17661 эх амаржиж, өмнөх оны мөн үеийнхээс 1835 эх буюу 11.6 хувь, төрсөн хүүхдийн тоо (амьд төрөлтөөр) 17737 болж, 1856 хүүхэд буюу 11.7 хувиар өссөн байна. Нэг хүртэлх насандаа 294 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 9 хүүхэд буюу 3.2 хувиар нэмэгдэж, 1-5 хүртэлх насны 59 хүүхэд эндэж өмнөх оны мөн үеийнхээс 2 хүүхэд буюу 3.3 хувиар буурчээ.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2012 оны 3 дугаар сарын эцэст 50.1 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 9.3 мян.хүнээр буюу 22.8 хувиар өсчээ.
Нийгмийн даатгалд 2012 оны эхний улиралд 487.5 мян.хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 306.7 мянга буюу 62.9 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагынх, 180.8 мянга буюу 37.1 хувь нь төсөвт байгууллагынх байгаа бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс нийт шимтгэл төлөгч, даатгуулагчдын тоо 63.3 мянга буюу 14.9 хувь, үүнээс аж ахуйн нэгж, байгууллагынх 54.3 мянга буюу 21.5 хувь, төсөвт байгууллагынх 9.0 мянга буюу 5.2 хувиар нэмэгджээ.
"Хүний хөгжил" сангаас 2012 оны эхний улиралд 180.6 тэрбум төгрөгийг давхардсан тоогоор 2.6 сая иргэнд олгосны 2.5 сая буюу 98.9 хувь нь 21.0 мян.төг, 2.9 мянга буюу 0.2 хувь нь 70.0 мян.төг, 137.8 мянга буюу 0.9 хувь нь 10.0 мян.төг бэлнээр авсан иргэд байна.
Халдварт өвчнөөр 2012 оны эхний улиралд 10996 хүн өвчилж, өмнөх оны мөн үеийнхээс 1137 хүн буюу 11.5 хувиар нэмэгдэхэд вирүст хепатитээр 422 хүн буюу 13.0 хувь, салхин цэцгээр 143 хүн буюу 14.1 хувиар буурсан хэдий ч гахайн хавдраар өвчлөгчдийн тоо 1467 хүн буюу 5.0 дахин, тэмбүүгээр 156 хүн буюу 16.0 хувиар нэмэгдсэнээс голлон шалтгаалсан ажээ.
Улсын хэмжээнд 2012 оны эхний улиралд 5788 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 697 хэргээр буюу 13.7 хувиар өсчээ. Өмнөх оны мөн үеийнхээс нийт гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг (547), тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг (74), хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг (73), байгаль хамгаалах журмын эсрэг (57) зэрэг гэмт хэрэг өссөн нь голлон нөлөөлсөн гэнэ. Бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас 2012 оны эхний улиралд 1909 хүн гэмтэж, 354 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 35 буюу 1.9 хувь, нас барсан хүний тоо 8 буюу 2.3 хувиар өссөн байна.
2. Макро эдийн засгийн үзүүлэлт
Хэрэглээний үнийн улсын индекс (ХҮУИ) 2012 оны 3 дугаар сард өмнөх сарынхаас 2.2 хувь, оны эхнээс 7.6 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 15.3 хувиар өслөө. Ерөнхий индекс өмнөх сарынхаас өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн дүн 6.7 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Mөнгөний нийлүүлэлт (M2) 2012 оны 3 дугаар сарын эцэст 6114.8 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 122.8 тэрбум төг буюу 2.0 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 1159.7 тэрбум төг буюу 23.4 хувиар өссөн байна.
Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2012 оны 3 дугаар сарын эцэст 648.5 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 25.3 тэрбум төг буюу 3.8 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 117.3 тэрбум төг буюу 22.1 хувиар өсчээ.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2012 оны 3 дугаар сарын эцэст 5781.5 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 75.3 тэрбум төг буюу 1.3 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 2050.7 тэрбум төг буюу 55.0 хувиар өсчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2012 оны 3 дугаар сарын эцэст 61.4 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 0.2 тэрбум төг буюу 0.3 хувиар өсч, өмнөх оны мөн үеийнхээс 19.1 тэрбум төг буюу 23.7 хувиар буурчээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2012 оны 3 дугаар сарын эцэст 320.2 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 3.1 тэрбум төг буюу 1.0 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 51.9 тэрбум төг буюу 13.9 хувиар буурсан байна.
Үнэт цаасны арилжаа 2012 оны 3 дугаар сард 21 өдөр явагдаж, 3.0 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэж, 4.5 сая ш үнэт цаас арилжигдсан байна. Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2012 оны эхний улиралд 1048.8 тэрбум төг, нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн дүн 1104.8 тэрбум төг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 56.0 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.
Нэгдсэн төсвийн урсгал орлого 1045.3 тэрбум төг, урсгал зардал 862.5 тэрбум төг болж, тэнцвэржүүлсэн урсгал тэнцэл 182.8 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна.
Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 136.7 тэрбум төг буюу 17.1 хувиар өсөхөд бусад татварын орлого 4.7 тэрбум төг буюу 2.7 хувиар буурсан хэдий ч дотоодын бараа, үйлчилгээний татварын орлого 79.0 тэрбум төг буюу 30.3 хувь, нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 36.7 тэрбум төг буюу 38.1 хувь, орлогын албан татварын орлого 14.3 тэрбум төг буюу 6.9 хувь, гадаад худалдааны татварын орлого 10.4 тэрбум төг буюу 17.0 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Татварын бус орлого өмнөх оны мөн үеийнхээс 5.8 тэрбум төг буюу 5.7 хувиар өсөхөд төсөвт газрын өөрийн орлого 5.3 тэрбум төг буюу 9.1 хувь, хувьцааны ногдол ашгийн орлого 4.8 тэрбум төг буюу 32.1 хувиар буурсан хэдий ч бусад нэр заагдаагүй орлого 7.6 тэрбум төг буюу 2.3 дахин, газрын тосны орлого 4.3 тэрбум төг буюу 61.2 хувь, хүү, торгуулийн орлого 2.4 тэрбум төг буюу 30.2 хувь, навигацын орлого 1.4 тэрбум буюу 16.2 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн юм байна.
Улсын нэгдсэн төсвийн зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2012 оны эхний улиралд 1104.8 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 283.3 тэрбум төг буюу 34.5 хувиар өсөхөд хөрөнгийн зардал 144.3 тэрбум төг буюу 3.0 дахин, бараа, үйлчилгээний зардал 77.5 тэрбум төг буюу 25.1 хувь, татаас, шилжүүлгийн зардал 37.9 тэрбум төг буюу 9.1 хувь, эргэж төлөгдөх цэвэр зээл 16.4 тэрбум төг буюу 3.0 дахин, зээлийн үйлчилгээний төлбөр 7.4 тэрбум төг буюу 55.3 хувиар өссөн нь нөлөөлжээ.
Хөрөнгийн зардалд 2012 оны эхний улиралд 217.8 тэрбум төг зарцуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс 144.3 тэрбум төг буюу 3.0 дахин өсчээ. Хөрөнгийн зардлын өсөлтөд дотоодын эх үүсвэрээс хийгдсэн хөрөнгийн зардал 135.9 тэрбум төг буюу 2.9 дахин, гадаад эх үүсвэрээс хийгдсэн хөрөнгийн зардал 8.4 тэрбум төг буюу 5.0 дахин нэмэгдсэн нь нөлөөлсөн аж.
Монгол улс 2012 оны эхний улиралд дэлхийн 113 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2341.7 сая ам.долл, үүнээс экспорт 883.8 сая ам.долл, импорт 1457.9 сая ам.долларт хүрчээ.
Гадаад худалдааны тэнцэл 2011 оны 3 дугаар сард 145.9 сая ам.долларын алдагдалтай гарсан бол 2012 оны 3 дугаар сард 164.7 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 18.8 сая ам.долл буюу 12.9 хувиар өссөн аж. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 511.7 сая ам.долл буюу 28.0 хувь, үүний дотор импортын хэмжээ 370.1 сая ам.долл буюу 34.0 хувь, экспортын хэмжээ 141.7 сая ам.долл буюу 19.1 хувиар өсчээ.
Экспортын 98.0 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэл, нэхмэл бүтээгдэхүүн, авто ба агаарын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги эзэлж байна.
3. Эдийн засгийн салбарын үзүүлэлт
Том малын зүй бус хорогдол 2012 оны эхний улиралд улсын хэмжээнд 123.0 мян.толгойд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 134.9 мян.толгой буюу 52.3 хувиар буурсан байна. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр авч үзвэл адуу 5.9 мянга, үхэр 11.8 мянга, тэмээ 0.2 мянга, хонь 45.5 мянга, ямаа 59.6 мянга байна.
Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр 2012 оны эхний улиралд 460.6 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 37.7 тэрбум төг буюу 8.9 хувиар өслөө. Энэхүү өсөлтөд зэсийн баяжмал, металл агуулгаараа, молибдений баяжмал, металл агуулгаараа, нүүрс, цайрын баяжмал, газрын тос зэрэг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.4-65.2 хувь, спирт, архи, нарийн боов, шингэн сүү, зүсмэл материал, металл бэлдэц, хивс, талх, шар айраг, амтат ус, ундаа, өлөн гэдэс, бетон дэр, шавардлагын зуурмаг, шахмал түлш, цахилгаан утас, төмөр бетон зэрэг боловсруулах аж үйлдвэрийн салбарын үндсэн нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 3.8 хувиас 8.0 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Төмөр замын тээврээр 2012 оны эхний улиралд 4945.6 мян.т ачаа, давхардсан тоогоор 914.9 мян.зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 919.8 мян.т буюу 22.8 хувь, зорчигчдын тоо 61.2 мян.хүн буюу 7.2 хувиар өсчээ. Тээсэн ачаа, зорчигчдын тоо өссөнөөс төмөр замын тээврийн салбарын орлого 2012 оны эхний улиралд 100.3 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 26.0 тэрбум төг буюу 35.1 хувиар өсчээ. Агаарын тээврээр 2012 оны эхний улиралд 876.9 т ачаа, давхардсан тоогоор 147.1 мян.зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 472.7 т буюу 2.2 дахин, зорчигчдын тоо 46.4 мян.хүн буюу 46.0 хувиар өсчээ. Тээсэн ачаа, зорчигчдын тоо өссөнөөр агаарын тээврийн салбарын орлого 2012 оны эхний улиралд 33.6 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 7.4 тэрбум төг буюу 28.2 хувиар өссөн байна. Ус, цаг уурын хүрээлэнгийн мэдээгээр хамгийн их хур тунадас 2012 оны 3 дугаар сард Өвөрхангай аймгийн Богд суманд (13.8 мм) орсон байна. Энэ оны 3 дугаар сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Баруунхараа суманд хамгийн их температур 20 хэм, Завхан аймгийн Цэцэн-Уул суманд хамгийн бага температур -42 хэм байлаа. Салхины хурд Баянхонгор аймгийн Шинэжинст суманд 28 м/с хүрчээ.
Азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж 2012 оны 3 дугаар сард Улаанбаатар хотын 13-р хороолол орчимд 31 удаа, Хархорин захын орчимд 16 удаа, 1-р хороолол орчимд 6 удаа, 32-ын тойрог, Офицеруудын ордон орчимд тус бүр 1 удаа, хүхэрлэг хийн хоногийн дундаж агууламж Баруун дөрвөн зам орчимд 29 удаа, 13-р хороолол орчимд 26 удаа, 32-ын тойрог орчимд 25 удаа, 1-р хороолол, Хархорин захын орчимд тус бүр 23 удаа, Мишээл экспо төвийн орчимд 12 удаа, Офицеруудын ордон орчимд 9 удаа, 10 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж Хархорин захын орчимд 31 удаа, 13-р хороолол орчимд 30 удаа, Баруун дөрвөн зам орчимд 29 удаа, 32-ын тойрог орчимд 25 удаа, 2.5 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж Баруун дөрвөн зам орчимд 26 удаа, нүүрстөрөгчийн дутуу ислийн хоногийн дундаж агууламж Мишээл экспо төвийн орчимд 1 удаа агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэм хэмжээнээс давсан аж.
Аюулт үзэгдэл, осол 2012 оны эхний улиралд 1014 удаа гарсны улмаас 40 хүн амь насаа алдаж, 0.7 мян.толгой мал, амьтан хорогджээ. Энэ оны эхний улиралд объектын түймэр 946 удаа, бичил уурхай, нурангины осол, химийн хорт бодистой холбоотой ослын дуудлага тус бүр 9 удаа, мал, тэжээвэр амьтны галзуу өвчин 5 удаа гол, нуурын усанд унасан осол 4 удаа бүртгэгджээ. Аюулт үзэгдэл, ослын улмаас 2012 оны эхний улиралд 2.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Нэг сарын хугацаанд инфляци 2,2 хувь болтлоо өссөн тухай МҮСТХ-ны Макро эдийн засгийн статистикийн газрын дарга Б.Бадамцэцэгээс тодрууллаа.
-Энэ сарын инфляцийн үзүүлэлт өмнөх сарынхаас өссөн шалтгааныг хүнсний барааний үнийн өсөлттэй холбоотой гэсэн?
-Өнөөдрийн байдлаар гадаадын олон улсын инфляци нь сараар тооцоход 0,5-аас доош хувьтай байна. Тэгэхэд манайд сарын инфляци 2,2 хувь буюу дөрөв гарам дахин өндөр байгаа юм. Энэ нь хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгддэг инфляци ямар түвшинд байгааг харуулж байна. Улсын хэмжээнд инфляци 2,2 хувьтай байхад нийслэлд инфляци 2,5 хувьтай байна. Нийслэлд 329 нэрийн барааны 93 бараа нь хүнсний бараа бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр нэг сарын дотор эдгээр бараа бүтээгдэхүүний 56 нь үнэ өссөн байдлаар өөрчлөлт орсон. Тиймээс инфляцид нөлөөлсөн бүтээгдэхүүн бол хүнсний, тэр дундаа махан бүтээгдэхүүн эзэлж байна. Зөвхөн мах төдийгүй хүнсний нэрийн бараануудын үнэ нэмэгдсэн.
-Махны үнийн өсөлтийг ер нь нийлүүлэлттэй холбон тайлбарлаад байгаа?
-Статистикийн үзүүлэлтээр махны нийлүүлэлт өмнөх жилүүдээс буураагүй байгаа юм. Үндсэндээ махны үйлдвэрлэлт болон махны экспорт хэвийн байгаа.
-Энэхүү инфляцийн үзүүлэлтийг хэрхэн гаргадаг юм бэ?
-Энэ оноос эхлээд Үндэсний статистикийн хороо шинэчилсэн сагсаар хэрэглээний үнийн улсын, нийслэлийн, аймгуудын индексийг судалгаагаар гаргаж эхэлсэн. Хэрэглээний үнийн сагсанд, нийслэлийн хувьд, 329 нэр төрлийн бараагаар сагс бүрдүүлж байна. Үүн дотор хүн амын өргөн хэрэглэдэг 93 бараагаар сагс бүрдүүлж, тодорхой цэг, хугацаа, давтамжтайгаар судалгаагаа хийсний дүнд инфляцийг тооцон гаргаж ирдэг.