БНАСАУ цөмийн зэвсгийн туршилт хийж магадгүй

Хуучирсан мэдээ: 2012.04.10-нд нийтлэгдсэн

БНАСАУ цөмийн зэвсгийн туршилт хийж магадгүй

Хойд Солонгос түүхэндээ гурав дахь удаагийнх болох цөмийн газар доорхи туршилтыг хийхээр бэлтгэж байгаа тухай Өмнөд Солонгосын Yonhap агентлаг тагнуулын мэдээнээс үндэслэн дамжуулжээ.
Хиймэл дагуулын зурагтай мэдээллийг Өмнөд Солонгосын тагнуулын албаны эх сурвалж уг агентлагт өгчээ. Сансраас авсан зурагт БНАСАУ өмнө нь цөмийн туршилт явуулж байсан туршилтын талбайг үзүүлсэн байна. Тэнд бас нэг цөмийн туршилт хийх бэлтгэл ажил хийгдэж байгаа бололтой. Тухайлбал, энэ хавьд ихээхэн элс, шороо овоолсноос шинэ хонгил хийж байгаа нь харагдаж байна.
"Хойд Солонгос нутгийнхаа хойд Хамген-Пукто муж дахь Пангири (Punggye-ri) районд цөмийн гурав дахь туршилтынхаа бэлтгэл ажлыг нууцаар хийж байна " хэмээн нэрээ нууцалсан эх сурвалж уг агентлагт мэдээлжээ.
Хойд Солонгос 2006 ба 2009 онд газар дор цөмийн туршилт хийсэнд олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс эсэргүүцэл илэрхийлж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл цөмийн салбарт үйл ажиллагаа явуулахаа зогсоохыг Пхеньянаас шаардсан юм.
Урьдчилсан дүгнэлтээр БНАСАУ дөрөвдүгээр сарын дундуур хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөөд байгаа бөгөөд  үүний эсрэг олон улсын хориг арга хэмжээ авсан ч цөмийн туршилтаа хийх бололтой. Өмнө нь Япон дахь Хойд Солонгосын дуу хоолой болсон "Чосон Синбо" сонинд нийтлэгдсэн нийтлэлд цөмийн туршилт хийнэ гэсэн далд утга илэрхийлсэн гэж Өмнөд Солонгосын  шинжээчид дүгнэж байсан юм.
Уг сонинд гаргасан “Өдөөн хатгалгад өгөх хатуу хариу” гэсэн нэртэй материалд “АНУ 2009 оны дөрөвдүгээр сарын дараа болсон үйлдлээ давтаж байна” гэж бичсэн. Тэр үед Хойд Солонгосын пуужингийн туршилт болон хиймэл дагуул хөөргөх оролдлогын хийсэн учир НҮБ Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээ авч байсан юм. "Өөрийгөө хамгаалах хариу арга хэмжээ болгон 2009 оны тавдугаар сард БНАСАУ цөмийн бөмбөгийн хоёр дахь туршилтаа хийсэн билээ” хэмээн сонины нийтлэлд онцолсон байв.
Энэ мэдэгдлийг Өмнөд Солонгосын шинжээчид БНАСАУ-ын зүгээс цөмийн зэвсгийн туршилт хийнэ гэсэн хоёрдмол санааг гаргаж байна хэмээн дүгнэв. Сануулахад, энэ сарын дундуур Хойд Солонгос дэлхий орчмын тойрог замд хиймэл дагуул хөөргөнө гэж мэдэгдсэн нь олон улсын зүгээс ихээхэн дургүйцлийг дэгдээсэн. Хиймэл дагуул хөөргөх халхавчийн дор баллистик пуужингийн туршилт хийж байна гэх сэжигтэй энэ үйлдэл нь НҮБ-ын гишүүн орнуудын заавал биелүүлэх үүргийг зөрчсөн болно хэмээн хамтын нийгэмлэг үзсэн юм. Харин Хойд Солонгос бүх улс гүрэн сансар судлалын ажил хийх эрхтэй гэж сануулж байгаа.
Тухайн үед АНУ хиймэл дагуулын нислэг хийх юм бол Вашингтоноос хүмүүнлэгийн тусламж болгон өгч байсан 240 мянган тонн хүнсний тусламжаа зогсооход хүргэнэ гэсэн сануулга өгч байсан. Пуужинг хөөргөсний дараа зарим орны зүгээс Хойд Солонгост хориг арга хэмжээ авч магадгүй байна.
БНАСАУ-ыг үндэслэгч Ким Ир Сенийн төрсний 100 жилийн ойд зориулан дөрөвдүгээр сарын 12-16-ны хооронд хиймэл дагуул хөөргөх гэж байгаа аж.


Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж