УИХ-ын дарга мэндчилгээ дэвшүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга мэндчилгээ дэвшүүллээ

Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл казах түмний Наурызын уламжлалт их баярыг тохиолдуулан нийт казах иргэддээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

     УИХ-ын дарга мэндчилгээндээ, Казах түмэн маань Наурызын баярыг өдөр, шөнө тэнцэж наран наашилсны, урин цаг эхэлж, ногоон буян дэлгэрч байгалийн үр шим дэлгэрсний, амьтай бүхэн хөдөлж, шимтэй бүхэн ивлэсэн улирал гийсний баяр хэмээн бэлэгшээн тэмдэглэдэг ээ. Наурызын баяраар ахан дүүс, хотол олноороо учран золгож, ахмад буурлуудаа хүндэтгэх ялдамд ахмадууд нь үр хүүхэд, залуустаа эрхэм сургаалиа хайрлан хүртээж, үдэж буй оныхоо ажил үйлс, ололт амжилтаа шүүн хэлэлцдэг үнэхээр сайхан уламжлалтай билээ.

     Монгол эх орноо цэцэглүүлэн хөгжүүлэх, батлан хамгаалах, урлаг соёлыг хөгжүүлэхэд казах түмний оруулсан хувь нэмэр их бөгөөд Та бүхний дундаас төрөн гарсан үе үеийн төр, нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэн мэргэд, хөдөлмөр бүтээлийн сайчууд үлэмжхэн үүрэг гүйцэтгэж ирснийг баярын энэ өдөр тэмдэглэхэд таатай байна. Ардын уламжлалт үйлдвэрлэл, соёл, зан заншлын баялаг туршлага дээрээ түшиглэн орчин үеийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн цаашид хөгжүүлэх нь улс орны ирээдүйн хөгжил дэвшилд нэн чухал юм хэмээсэн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж