Тийм ч учраас утааг арилгана, утаагүй түлш үйлдвэрлэнэ, зуух өгнө гэх мэт төр засаг үүнд ихээхэн анхаарах болсон. "Утаа"-нд гэх нэрний доор хаягласан мөнгө ч энэ төрлийн бүхий л үйл хэрэгт юүлэгддэг. Даанч энэ их төсөв мөнгөний үр дүн нүдэнд даанч харагдахгүй байна гэдгийг нийслэлийн иргэд жилийн жилд халагладаг болсоор удаж байна.
Нөгөө талаас үүнтэй зэрэгцэн дахин нэг асуудал босч ирсэн нь хөрсний бохирдол юм. Хөрсний бохирдол утаа шиг ил байдаггүй болохоор иргэд ч төдийлөн энэ талын мэдлэг дутуу байдаг нь ажиглагддаг. Энэ нь дараах иргэний яриагаар батлагдах биз ээ.
Тэрбээр "Манайх Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг. Ахыг нь Г.Энхболд гэдэг. Манай дүүрэг хамгийн их хүн амтай дүүрэгт багтдаг. Ихэвчлэн хөдөө орон нутгийнхан энэ дүүрэгт бий. Гэр хороолол их учраас гудамжинд замбараагүй асгасан угаадас, хогноос эхлээд асуудал их. Хавар, зун, намаржин асгасан муу ус нь өвөлдөө хөлдөнө. Бэртэж гэмтэх ч аюул бий болгодог. Хавар дулааны урь орохоор хашаа байшингийн булан эргээд л угаадас, элдэв янзын хог хаягдлын үнэр хамар сэтлэм үнэртдэг" гэв.
Энэ бол дан ганц тус дүүрэгт үүссэн бэрхшээл биш ээ. Үүнээс ч сэтгэл зовмоор асуудалтай дүүргүүд байна. Энэ байдал ихэвчлэн хотын захын гэр хорооллынхны нүдэнд ил, чихэнд дасал болчихжээ гэдгийг онцлох нь зүйтэй болов уу.
Ийнхүү гялгар уут хийсдэг улирал эхэллээ. Энэ бол жинхэнэ "аюул". Үүнээс өнөөх агаар, хөрсний бохирдол бий болно. Энэ талаар мэргэжлийн хүнээс тодруулахад "Бид хэдийнэ эрүүл орчинд амьдрахаа болиод удаж байна. Учир нь энд олон шалтгаан бий. Наад зах нь гэр хорооллынхны нүхэн жорлонгийн асуудал. Нэг газраа он удаан жил амьдарснаас шалтгаалан айлууд хашаан дотроо газар сэлгэн жорлон байгуулдаг. Дээрээс нь угаадас элдэв хог хаягдал нэмэгдэнэ. Тэгтэл энэ бүгд нь эргээд, хөрс рүүгээ нэвчээд одоо нийслэлд эрүүл хөрс гэж үгүй болсон" гэв.
Мөн "Ядаж байхад яр" гэгчээр үүн дээр нийслэлийн төвд байдаг олон цэвэрлэх байгууламжуудын ачаалал хэрээс хэтэрч байгаагаас үүдэн, дамжуулах хоолой муудаж байгааг ч тэрбээр хэлсэн. Гэтэл энд төвлөрдөг нийслэлийнхний өтгөн шингэнээс эхлээд элдэв хог хаягдал эргээд газрын гүн рүү нэвчиж эхэлснийг нэн түрүүнд анхааралдаа авах нь чухал байна.
Хэдийгээр салбарын сайд нь цэвэрлэх байгууламж, хогийн цэг гэх мэттэй газар дээр нь очиж танилцдаг ч үүний эсрэг хийж байгаа ажил нь үр дүнгүй байгааг шүүмжилье. Мөн жилийн жилд гэр хорооллыг халдваргүйжүүлэх нэрийн дор айлуудад хашааных нь тоогоор ундааны сав ч дүүрхээргүй хэмжээтэй шингэн хлормен тараадаг. Их бага нь байг гэхэд эргээд ядаж хэрэглэсэн үгүйг нь хянахгүй орхидог нь өнөөх ажлаа дуусгадаггүй сул тал нь.
Нийслэлд автомашины угаалгын газар шиг элбэг ажлын байр өнөөдөр алга. Энэ газрууд ч мөн хөрсний бохирдолт, замын чанарт ихээхэн муугаар нөлөөлж байгааг дуулгая. Учир нь хэдэн зуун мянгаар бий болдог нийслэлийн хар зам ч энэ мэт насжилтгүй болдог нь үүнтэй холбоотой. Төв зам дагуу үйл ажиллагаа явуулдаг задгай угаалгын газрууд их бий. Өөрийнх нь мэдлийн талбайнаас ус нь хэтэрч асгарснаас зам талбай ихээхэн сүйдэж, элдвийн бодис, хөөстэй усанд дэвтсэн хөрс бохирдох аюулд хэдийнэ өртжээ. Нийслэлд эрүүл хөрс байна уу салбарын сайд аа.
"Нийгмийн толь" сонин