АН-ын бүлэг саналаа хамгаална

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг саналаа хамгаална

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа хэд, хэдэн асуудлыг авч хэлэлцсэний дотор Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай Үндсэн хуулийн цэцийн маргааны тухай авч хэлэлцсэн байна.

Үндсэн хуулийн цэц нь дунд суудлын хуралдаанаа өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд хийж, УИХ-ын сонгуулийн 26 тойрогт 48 мандатын төлөө нэр дэвшигчдээс тус тусын тойрогтоо ялагдал хүлээсэн боловч тэдгээрээс 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож болохоор хуульчилсан нь Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчиж  байна гэж үзсэн юм. Харин тус бүлгийн гишүүд “УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх шатанд Ардчилсан намын бүлгээс ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, холимог тогтолцооны 28 нь ард түмнээрээ босгоо тогтоолгоод, хувиараа эрэмбэлэгдээд гараад ирэх боломж нөхцлийг хангасан илүү оновчтой хувилбар гэж үзэн, санал гарган ийм заалт оруулсан  тул эл асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх шатанд өмнөх байр сууриа хамгаалах шийдэлд хүрсэн байна. Тиймээс тус бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Монгол Улсын Үндсэн хуульд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ хэрэгжүүлнэ гэсэн заалт байдаг. Үндсэн хуулийн цэцээс гаргасан хүчингүй болгосон шийдвэрүүдийг аваад үзвэл Цэц өнөөдөр сонгуулийн ямар тогтолцоо, бодлого явах юм бэ гэдгийг шууд зааж байгаа. УИХ цэцийн шийдвэрийг хүлээж авсан нөхцөлд хуульд ямар өөрчлөлтүүд хийж, ямар зүйл заалтуудыг хүчингүй болгох ажлаа УИХ хийдэг. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг харвал УИХ-ын өмнөөс дэндүү санаа зовж бүх асуудлуудыг хийж дуусгасан байна. Энэ нь эргээд Үндсэн хуулийн хамгийн суурь зарчим, хууль тогтоох эрх мэдэл рүү Монол Улсын Үндсэн хуулийн цэц дэндүү халдаж байгаагийн илрэл гэж харахаас аргагүй байна” гэж мэдэгдсэн юм.

Тус бүлгээр хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл байжээ. УИХ дахь Ардчилсан намын бүлэг нь ирэх зургадугаар сард болох УИХ-ын сонгуультай хамтатган Орон нутгийн сонгуулийг зохион байгуулах ёстой гэсэн байр суурийг баримталж буй. Тиймээс ч ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах үеэр Монгол Улсын Ерөнхий сайдад хандан дээрх хоёр сонгуулийг хамтад нь зохион байгуулах бэлтгэлийг хангах чиглэлээр ажиллах ёстой гэсэн мэдэгдэл хүргэсэн. Мэдэгдэл хүргэснээс хойш багагүй хугацаа өнгөрсөн бөгөөд маргааш УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах үед энэ асуудлын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонсох нь зүйтэй юм гэж бүлэг үзжээ. Шаардлагатай гэж үзвэл бүлэг ээлжит бус хуралдаан хийх гэнэ.

 Мөн бүлгээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд “Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, дэмжсэн байна.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Баттулга нэр бүхий албан тушаалтнуудыг Тавантолгойн орд газартай холбогдуулан Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өгч, Эрүүгийн хэрэг үүсгэхээр болоод байсан ч нийслэлийн Прокурорын газраас түүнийг нь хэрэгсэхгүй болгосонтой холбоотойгоор бүлэгтээ мэдээлэл хийжээ. Энэ асуудлын хүрээнд бүлгийн зүгээс ажлын хэсэг байгуулагдан ажилласан байсан бөгөөд дүгнэлтээ танилцуулсан юм байна. УИХ-ын гишүүн Х.Баттулга хэлэхдээ “Нийслэлийн Прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгосон явдал нь Монголын ард түмнийг доромжилсон хэрэг явдал боллоо. Албан тушаалтнуудыг Авлигатай тэмцэх газарт өгснөөс хойш гүтгэлгийн чанартай маш олон нийтлэл, нэвтрүүлгийг цацаж байна. Гэхдээ түүнээс ч долоон дор үйлдэл нь Авлигатай тэмцэх газраас хэрэгт Эрүү үүсгэчихээд байхад нийслэлийн Прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгосон явдал нь хамгийн том доромжлол” гэлээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж