Байгалийн гамшгийн уршгаар Японы ДНБ-ий өсөлт буурна, гэхдээ энэ бууралт тур зуурын байх төлөвтэй бөгөөд сэргээн босголт өрнөж эхлэхэд өсөлтийн хурд 2011 оны дунд үеэд ердийн хэмжээндээ ойртож ирэх байх гэж өнөөдөр нийтэлсэн Зүүн Ази, Номхон далайн эдийн засгийн тоймдоо Дэлхийн Банк тэмдэглэжээ. Хэдийгээр бүрэн үнэлгээ хийхэд хэтэрхий эрт байгаа ч Японы өнгөрсөн түүхээс харвал сэргээн байгуулалтын ажил яваандаа эрчимжих ба Зүүн Азийн хөгжиж буй эдийн засгуудад түүний үзүүлэх үр нөлөө богино хугацааны ба хязгаарлагдмал байх болов уу.
Газар хөдлөлт, цунами Японыг нирвэснээс хойш Дэлхийн Банк шинэ судалгаа хийж, бүс нутагт гарах үр дагаварын урьдчилсан дүн шинжилгээ хийсэн ба түүндээ худалдаа, санхүүгийн талыг голлон анхаарсан ажээ. Дүн шинжилгээнд Японы цөмийн реакторуудтай холбоотой тодорхой бус байдал, бэрхшээлийг тэмдэглэсэн байна. “Зүүн Азид Япон чухал байр суурь эзэлдэг учир энэхүү эмгэнэлт үйл явдлын өрнөлийг бүс нутаг мэдрэх нь дамжиггүй. Гэвч гарах хор хохирлыг зөв тодорхой үнэлэхэд хэтэрхий эрт байна” гэж Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн тэргүүн эдийн засагч Викрам Неру хэлэв. "Энэхүү гамшиг Зүүн Азид голдуу богино хугацааны үр нөлөө үзүүлнэ гэж бид одоогийн байдлаар хүлээж байна. Ойрын ирээдүйд гарах хамгийн том үр нөлөө нь худалдаа, санхүүгийн салбарт байх болно. Сэргээн босголтын ажил эрчимжих тусам өсөлт хурдасна гэж бид үзэж байна" тэрбээр нэмж хэлсэн юм.