Гүржийн жүдочид Монголд ирлээ

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Гүржийн жүдочид Монголд ирлээ

Өнгөрөгч сард Монголд Франц, Тунисын шигшээ багийн жүдочид ирж, хамтарсан бэлтгэл хийгээд буцсан бол өчигдөр Гүржийн шилдэг жүдочид манай улсад хөл тавилаа. Монголд хамтарсан бэлтгэл хийсэн франц жүдочид нутагтаа очоод УАШТ-дээ барилдан, Европын АШТ-д оролцох бүрэлдэхүүнээ тодруулсан бол Тунисын бүсгүйчүүд Африкийн АШТ-д оролцож, бүх жинд финалд шалгаран, гурван алтан медаль хүртжээ. Тунис жүдочдын өндөр амжилтад манай тамирчидтай хийсэн бэлтгэлийн үр шим их байгаа нь дамжиггүй.

Тэгвэл энэ сарын сүүлчээр ОХУ-ын Челябинскэд зохиогдох Европын АШТ-ий өмнөх гол бэлтгэлээ хангахаар Гүржийн жүдочид Монголд иржээ. Манай бөхчүүдийн хувьд ч Узбекистаны Ташкентэд болох Азийн АШТ-ий бэлтгэлийн шийдвэрлэх үе нь энэ байх юм. Улаанбаатарт газардсан Гүржийн шигшээ багийн бүрэлдэхүүнд олимп, дэлхийн аварга, тивийн медальтнууд олноор багтжээ. Тэдгээрийн амжилтыг жингийн дарааллаар дэлгэрэнгүй танилцуулъя. Гүржээс эрэгтэйчүүдийн жин бүрт хоёр тамирчин илгээжээ. Монгол-Гүржийн шигшээ багийн жүдочдын хамтарсан бэлтгэл энэ сарын 18 хүртэл үргэлжлэх ба эхний бэлтгэл өнөөдөр (IV.9) 16.00 цагаас болно.
 

60 кг

Амиран Папинашвили

1988 оны зургадугаар сарын 17-нд төрсөн. Их дуулга, Гранпри, Дэлхийн цомын цувралаас 3 алт, 2 мөнгө, 7 хүрэл медаль хүртээд байна. IJF-ийн чансаанд жиндээ 806 оноотойгоор 6-рт бичигдэж буй.

Беткил Шуквани

1988 оны наймдугаар сарын 30-нд төрсөн. Европын өсвөр үеийн АШТ-ий мөнгө (2004), Европын залуучуудын АШТ-ий хүрэл (2006), Европын АШТ-ий мөнгөн (2011) медальтай. Их дуулга, Гранпри, Дэлхийн цомын цувралаас 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртээд байгаа. Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд дэлхийд 13-рт (552 оноо) эрэмбэлэгдэж байна.

66 кг

Лаша Шавдатуашвили

1992 оны нэгдүгээр сарын 31-нд төрсөн. Европын залуучуудын аварга (2011), дэлхийн залуучуудын АШТ-ий хүрэл (2011) медальтай. 66 кг-д 240 оноотойгоор 40-рт бичигдэж байна.

Шалва Кардава

1989 оны зургадугаар сарын 20-нд төрсөн. Дэлхийн цомоос 1 алтан медаль хүртсэн. 176 оноотойгоор жиндээ 48-рт бичигдэж байгаа.

73 кг

Нугзар Таталашвили

1990 оны гуравдугаар сарын 20-нд төрсөн. Европын залуучуудын АШТ-ий хүрэл медальтай (2009). Дэлхийн цомоос нэг алт, хоёр хүрэл медаль авсан. Одоо дэлхийн чансаанд 360 оноогоор 25-рт бичигдэж байна.

Зебеда Рехвиашвили

1991 оны хоёрдугаар сарын 16-нд төрсөн. Европын өсвөр үеийн аварга (2007). Дэлхийн залуучуудын АШТ-ий хүрэл медальт (2010). Дэлхийн цомын 1 хүрэл медальтай. Дэлхийн чансаанд 72 оноотойгоор 85-рт бичигдэж байна.

81 кг

Автандил Чрикишвили

1991 оны тавдугаар сарын 18-нд төрсөн. Залуучуудын Европын болон дэлхийн аварга (2010). Дэлхийн цомын цувралаас 3 алт, 1 хүрэл медаль хүртсэн. Дэлхийн чансаанд 416 оноотойгоор 23-рт бичигдэж байгаа.

Леван Циклаури

1985 оны аравдугаар сарын 15-нд төрсөн. 2009 оны Европын АШТ-ий хүрэл медальтай. Их дуулга, Гранпри, Дэлхийн цомын цувралаас 2 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртээд байгаа. IJF-ийн чансаанд 302 оноотойгоор 37-рт эрэмбэтэй буй.

90 кг

Зураб Звиадаури

1981 оны долдугаар сарын 2-нд төрсөн. Афины олимпийн аварга, ДАШТ-ий хошой мөнгөн медальтай (2001, 2003). Залуучуудын дэлхийн аварга (2000). Их дуулга, Гранпри, Дэлхийн цомын цувралаас 7 алт, 7 хүрэл медаль авсан. Хэсэг хугацаанд завсарласны эцэст саяхнаас дахин барилдаж эхэлсэн тэрээр жиндээ 64 оноотойгоор 87-рт бичигдэж байна.

Варлам Липартелиани

1989 оны хоёрдугаар сарын 27-нд төрсөн. Европын залуучуудын хошой аварга (2007, 2008). Залуучуудын дэлхийн аварга (2008). Европын АШТ-ий мөнгө (2009, 2010), хүрэл (2011) медальт. 2010 оны ДАШТ-ий 5-р байрын шагналтай. Их дуулга, Гранпри, Дэлхийн цомын цувралаас 7 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртээд байна. Дэлхийн чансаанд 896 оноотойгоор 8-рт бичигдэж байгаа.


-100 кг

Леван Жоржолиани

1988 оны нэгдүгээр сарын 20-нд төрсөн. Европын 23 хүртэлх насныхны АШТ-ий хүрэл (2005), 2010 оны Мастерсын хүрэл, Европын АШТ-ий мөнгөн медальтай (2011). ДАШТ-д V (2007), VII (2011), олимпийн наадамд V  байрт (2008) тус тус шалгарч байв. Их дуулга, Гранпри, Дэлхийн цомын цувралаас 4 алт, 1 мөнгө, 8 хүрэл медаль хүртээд байна. Жиндээ 644 оноогоор 13-рт бичигдэж байгаа.

Нодар Метревели

1987 оны нэгдүгээр сарын 13-нд төрсөн. 2006 оны Европын залуучуудын аварга. Дэлхийн цомоос 2 хүрэл медаль хүртсэн. Одоо жиндээ 44 оноотой 74-рт эрэмбэлэгдэж буй.


+100 кг

Адам Окруашвили

1989 оны нэгдүгээр сарын 1-нд төрсөн. Европын өсвөр үеийн АШТ-ий мөнгө (2004), залуучуудын АШТ-ий хүрэл (2005), Дэлхийн оюутны Универсиад наадмын хүрэл (2007) медальтай. Их дуулга, Гранпри, Дэлхийн цомын цувралаас 2 алт, 5 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн. Одоо дэлхийн чансаанд 472 оноогоор 19-рт бичигдэж байна.

Звиади Ханжалиашвили

1983 оны нэгдүгээр сарын 5-нд төрсөн. Европын залуучуудын аварга (2002), Европын АШТ-ий хүрэл медальт (2006). Гранпри, Дэлхийн цомын тэмцээнүүдээс 5 алт, 2 мөнгө, 9 хүрэл медаль хүртсэн. Жиндээ 330 оноогоор 26-рт жагсаж байгаа.
 
Эдгээр тамирчдыг Австрийн иргэн, олимпийн хошой аварга (1984, 1988), дэлхийн аварга (1985), Европын АШТ-ий 1 алт, 3 мөнгө, 4 хүрэл медальт Питер Сайзенбахер, хөнгөн болон дунд жинд олимпийн наадмаас хүрэл (2000), ДАШТ-ээс 1 мөнгө (1995), хошой хүрэл (1993, 1997) медаль хүртэж, залуучуудын дэлхийн аварга (1994) болж явсан Георгий Вазагашвили болон Давид Боркизули, Зураб Кахабришвили нарын хүмүүс удирдан иржээ гэж Монголын жүдо бөхийн холбооноос мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж