М.Ганзориг Хөдөлмөрийн баатар боллоо

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

М.Ганзориг Хөдөлмөрийн баатар боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол цэргийн өдөр, Монгол Улсад шинэ үеийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой, Монгол хүн сансарт ниссэний 30 жилийн ой, Казах түмний Наурыз баярыг тохиолдуулан зарлиг гаргаж боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, спорт, дэд бүтцийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд өнөөдөр Монгол Улсын цол олгож, одон медалиар хүртээв.

Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийг амжилттай хэрэгжүүлэхэд болон Монгол Улсад сансар судлал, газар зүйн мэдээллийн хүрээлэнг үүсгэн байгуулж хөгжүүлэхэд оруулсан онцгой хувь нэмэрийг нь өндрөөр үнэлж, Информатикийн хүрээлэнгийн захирал, сансрын нисэгч  Майдаржавын Ганзоригт Монгол Улсын “Хөдөлмөрийн баатар” цол олгож, “Алтан соёмбо” тэмдэг, “Сүхбаатарын одон”-гоор шагналаа.

Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Мөнхбаатарын Бундмаад Монгол Улсын гавъяат тамирчин,

Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин Бямбасүрэнгийн Ганчимэгт Монгол Улсын гавъяат жүжигчин,

Ховд аймгийн “Хажмура” жолооны сургуулийн багш Оролбайн Шолтойд Монгол Улсын гавъяат тээвэрчин, 

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын ахлах сургуулийн багш Рахатханы Агзамханд Монгол Улсын гавъяат багш,

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын хүний бага эмч Донидын Шагдарт Хүний гавъяат эмч цол тус тус олгов.

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Михлайн Борбаатарыг Сүхбаатарын одонгоор,

МОНЦАМЭ агентлагийн гэрэл зурагчин Сэрээтэрийн Батсүхийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор,

Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Цэрэндэжидийн Бямбажав, ХХЕГ-ын 0151 дүгээр ангийн холбооны ерөнхий инженер, дэд хурандаа Мажигжавын Борчулуун, Цагдаагийн Ерөнхий газрын холбооны хэлтсийн техникч, цагдаагийн ахлах ахлагч Жамсранчимидийн Зэнээмядар нарыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор,

ХХЕГ-ын 0119 дүгээр ангийн захирагч, хурандаа Хожгорын Лхагвасүрэн, Нийслэлийн Онцгой байдлын хэлтсийн ахлах мэргэжилтэн Санжаагийн Сүхбаатар, Дотоодын цэргийн 816 дугаар ангийн тусгай салбарын шуурхай удирдлагын жижүүр, дэд хурандаа Жамсрангийн Тэрбиш, Цагдаагийн академийн захирал, хурандаа Цэнджавын Эрдэнэбат нарыг Цэргийн гавьяаны одонгоор,

БХЯ-ны харъяа “Бөртэ” ТӨҮГ-ын чанар нормчлолын инженер Дамбын Аюуш, ЗХКТГ-ын Нөхөн сэргээх уламжлалт эмчилгээний тасгийн нөхөн сэргээх эмчилгээний их эмч Ноосойн Нямбай, Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Түсивжаны Сатыбалды нарыг Алтан гадас одонгоор,

Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн жолооч, ахлах ахлагч Жоононгийн Бат-Эрдэнэ, Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн байлдааны нисдэг тэрэгний захирагч, хошууч Ганбаатарын Ганболд, Нийслэлийн Цагдаагийн газрын архидан согтуурахтай тэмцэх чиглэлийн ахлах байцаагч Мяасүрэнгийн Насанжаргал, Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 017 дугаар ангийн барилгачин, ахлах ахлагч Дамдиндоржийн Өлзийжаргал нарыг Цэргийн хүндэт медалиар,

ХХЕГ-ын 0288 дугаар ангийн оёдолчин Нүржавын Тунгалаг, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн худгийн моторчин Дашдоржийн Эгиймаа нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар, Нийслэлийн Багануур дүүргийн боловсрол цогцолбор сургуулийн багш Галсанцэрэнгийн Оюуныг Шударга журам медалиар тус тус шагналаа.

Шагнагдагсдад баяр хүргэн, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэхдээ “Та бүхэнд Монгол Улсад шинэ үеийн Зэвсэгт хүчин байгуулагдсаны 90 жилийн ой, Монгол хүн сансарт ниссэний  30 жилийн ой, Казах түмний хаврын баяр-Наурызын баярын мэндийг дэвшүүлж түүхт ойнууд, билэг ерөөл төгөлдөр сайхан баяраар гавъяа зүтгэлээ төр, ард түмнээрээ үнэлүүлж байгаа нийт иргэддээ чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Сансрын нисгэгч Майдаржавын Ганзориг гуайн онцгой гавъяа, олон жилийн хөдөлмөр зүтгэлийг үнэлсэндээ би баяртай байна. Монгол хүн сансарт ниссэн нь түүхэн, түмэн олны баяр талархлыг хүлээсэн, гайхамшигт гэгээн үйл явдал юм. Монгол хүн сансарт нисэхэд Монгол, Оросын олон хүний, олон жилийн уйгагүй хичээл зүтгэл шингэсэн. Тэр бүх хүний гавъяат үйл хэрэг, хөдөлмөр зүтгэлийг төлөөлүүлж өнөөдөр сансрын нисгэгч Ганзоригт Монгол Улсын Хөдөлмөрийн баатрын эрхэм дээд алдар цолыг хүртээж байгаа юм. Ганзориг бол гайхамшигтай даруу, нөр их хөдөлмөрч, шинжлэх ухаанд өөрийгөө зориулсан хүн. Жинхэнэ үлгэр дууриал. Танд дахин чин сэтгэлийн баяр хүргэе.

Өнөөдөр төрийн дээд хүндэтгэл хүлээж байгаа олон иргэдээсээ онцолж Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд багийн эмчээр 42 жил ажиллаж байгаа Донидийн Шагдарын нэрийг дурьдмаар байна. Энэ хүн бол олон жилийн нөр их хөдөлмөр, туршлага зүтгэлээрээ их эмчийн  чансаатай болсон гавъяат үйлстэн. 42  жил  ажиллахдаа нэг ч эхийн эндэгдэл гаргаагүй, эх баригчаас эхлээд анагаахын бүх мэргэжлээр үхэл амьдралын фронтод ажиллаж байгаа алтан гартан. Шинэхэн гавъяат эмч Шагдар гуай танд болон таны ажиллаж амьдардаг Баян-Өлгий аймгийн нийт иргэддээ, хаврын баяраа өргөн тэмдэглэж буй Казах түмэндээ дахин чин сэтгэлийн баяр хүргэж хамгийн сайн сайхныг хүсье.

Өнөөдөр үүрэг хүлээсэн цагт “үгүй” гэж хэлэх эрхгүй манай арми, Зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэрэг, цагдаа тагнуул, онцгой байдлын салбарын олон албан хаагчид хөдөлмөр зүтгэлээ төрөөрөө үнэлүүлж зохих харъяаллаараа төрийн одон медалиа гардаж авна. Та бүхнээс төр, түмнийхээ итгэсэн даалгаврыг биелүүлж, үүргээ нэр төртэй гүйцэтгэхэд ямагт бэлэн байхыг хүсье.

Өнөөдөр мөн олон улсын хэмжээний мастер, спортын амжилтаараа гялалзаж яваа Мөнхбаатарын Бундмаа Монгол Улсын гавъяат тамирчин цолоо гардаж авлаа. Их спортод 12-хон насандаа хөл тавьсан Бундмаагийн амжилт бол хичээж, уйгагүй хөдөлмөрлөвөл Монголын хүүхэд залуус их мөрөөдөлдөө эзэн байж болохын тод илэрхийлэл юм. Өнөөдөр хүртэж байгаа гавъяат тамирчны өндөр алдар бол Бундмааг илүү их амжилтад хүрч, эх орныхоо нэрийг сайнаар гаргахад хөтлөх их итгэлийн шагнал юм шүү. Улам их хичээгээрэй гэж хэлье.

Төрөөрөө гавъяа зүтгэл, хөдөлмөр бүтээлээ үнэлүүлсэн нийт иргэддээ дахин талархал илэрхийлье” гэв.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж