Тамхийг лангуунд ил худалдахыг хориглов

Хуучирсан мэдээ: 2012.04.07-нд нийтлэгдсэн

Тамхийг лангуунд ил худалдахыг хориглов

Баасан гаригаас эхлээд Английн дэлгүүр болон супермаркетууд тамхины ил лангууг зөвшөөрөхгүй хуулийг мөрдөж эхэллээ.

Томоохон дэлгүүрүүд одоо 100 хоногийн хугацаанд тамхины лангууны шилэн хорго болон ил байдлыг өөрчлөх бөгөөд худалдан авагчид тамхины хурц тод өнгөтэй хайрцгийг харахгүй болох юм байна. 2015 он гэхэд бүх жижиг дэлгүүр болон мухлагууд энэ хуулийг дагаж мөрдөх гэнэ.

Ойрын хугацаанд Уэльс, Шотланд болон Хойд Ирландад дээрх хуулийг хэрэгжүүлж эхлэх юм. Одоо Их Британи улсад найман сая хүн тамхи татдаг  бөгөөд энэ нь хүн амын 13 хувь ажээ. Тиймээс Засаг захиргаанаас тамхины ил тод худалдаа, зар сурталчилгаа зэргийг хориглож эхэллээ. Их Британичуудын 40 хувь нь 16 нас хүрээгүй байхдаа тамхи татаж эхэлсэн гэсэн судалгаа байдаг гэнэ.

Хүүхэд залуучууд тамхи сонирхохгүй байхад анхаарлаа хандуулсан Ирланд, Исланд, Канад болон Финлянд улсууд тамхийг лангууны дор байрлуулсан нь үр дүнгээ өгсөн байна. Энэ аргыг хэрэглэсний дараа эдгээр улсуудад залуучууд тамхи татах нь 10 хувиар буурсан гэсэн тооцоо гарчээ. 

Их Британийн хууль сахиулагчид тамхины хайрцагны өнгө болон зургийг их сонирхолтой биш болгох хуулийн төсөл боловсруулж байгаа юм. Залуучууд болон эмэгтэйчүүд тамхины хайрцагны гоёмсог өнгө болон зургийг сонирхдог гэнэ. Түүнчлэн Их Британи улс 2050 он гэхэд тамхинаас бүрмөсөн татгалзах зорилго тавьсан гэнэ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж