Сургалтын онгоц орон сууцны хороололд унажээ

Хуучирсан мэдээ: 2012.04.07-нд нийтлэгдсэн

Сургалтын онгоц орон сууцны хороололд унажээ

АНУ-ын Виржиниа мужид сургуулилтын нислэг хийж байсан Тэнгисийн цэргийн хүчний бөмбөгдөгч онгоц орон сууцны хороолол дээр баасан гаригт унаж, зургаан хүн гэмтсэн тухай ВВС мэдээлэв.

Ф-18 бөмбөгдөгч онгоц нислэгийн талбайгаас хөөрөөд удаагүй доош унасан бөгөөд нисэгч нар хөнгөн бэртэл авсан ажээ. Орон сууцны байшингуудад гал авалцан, хар утаа манарч байсан гэж гэрчүүд хэлсэн байна. Гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэжээ. Албаны хүмүүсийн мэдэгдсэнээр онгоц унаснаас түүдсэн хохирлын хэмжээг бүрэн тогтоогоогүй байна.

Байшинд гарсан галыг гал сөнөөгчид унтраасан бөгөөд аврах ажилтнуудын хэлснээр 40 орчим байшинд эвдрэл гарсан гэжээ. Виржиниа мужийн захирагч Боб Макдоннелл “Бид боломжит бүхий л арга хэмжээг авч байна. Онгоц унахад өртсөн газарт тусламж илгээсэн. Хэн нэгэн амь эрсдээгүй” гэж мэдэгджээ. Одоо осол болсон газарт онгоцны хэлтэрхийг цуглуулан, даруулсан хүн байгаа эсэхийг шалгаж байна.

Тэнгисийн цэргийн хүчний хэвлэлийн төлөөлөгч ахмад Марк Гербер сурвалжлагч нарт “Онгоцонд техникийн саатал гарсан байж магадгүй” гэжээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж