Жирэмсэн эхчүүдийн хувьд жирэмсэлснээс төрөх хугацаанд доод тал нь 6 удаа хяналтанд хамрагдах ёстой юм байна. Гэсэн хэдий ч алслагдсан гэр хороололд амьдардаг эмзэг бүлгийн эхчүүдийн хувьд жирэмсний хяналтанд хамрагдаж, шаардлагатай тусламж үйлчилгээг авч чадахгүй байна.
Иймээс жирэмсний болон төрсний дараах үеийн эхийн хяналтын чанар, хамрагдалтыг сайжруулах шинэ загвар бий болгох үүднээс ЭМЯ, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах” техник туслалцааны хүрээнд “Гэр хорооллын жирэмсэн болон төрсний дараах үеийн эхчүүдийн хяналтын шинэ загвар” төслийг Сонгинохайрхан дүүргийн 22, 23, 24, 25-р хороодод өчигдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлж байна. Төслийн нээлтийн үйл ажиллагаанд төслийн зохицуулагч Ц.Алтанхуяг, СХД-ийн 24 дүгээр хорооны Засаг дарга н.Төмөрбаатар, “АБМА” эмэгтэйчүүдийн хувийн эмнэлгийн эмч нарын баг, 24-р хорооны өрхийн эмнэлгийн эмч нар, “Олон нийтийг дайчлах чадавх бэхжүүлэх” зөвлөх үйлчилгээ үзүүлэх багийн гишүүд болон хорооны иргэдийн төлөөлөл оролцлоо.
Дээрх төслийн гол зорилго нь хорооны эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дунд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг үнэ төлбөргүй зохион байгуулж, өвчнийг эрт хугацаанд илрүүлж зохих шатны байгууллагад хандуулах, мөн иргэдийн дунд жирэмсэн болон төрсний дараах үеийн аюултай шинжүүд, БЗДХ-ын тухай болон урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээний ач холбогдлын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэж тэдний мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Төслийн нээлтийн үеэр хорооны нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд өргөтгөсөн үзлэгийг явуулжээ.
Өргөтгөсөн үзлэгт тус хорооны нийт 81 эмэгтэйг хамруулахад умайн хүзүүний хорт хавдартай 1, хавдрын урьдал өвчтэй 3 эмэгтэйг илрүүлсэн. Мөн үзлэгийн үеэр амьдралын боломжгүй 4 эмэгтэйд жирэмслэхээс хамгаалах ерөндгийг тавьж зөвлөгөө өглөө. Үзлэгээр 4 эмэгтэйг жирэмсэн болохыг илрүүлж, хяналтанд орох талаар зөвөлгөө өглөө.
“Жирэмсний болон төрсний дараах үеийн аюултай шинжүүд”, “БЗДХ-уудын тухай, түүнээс урьдчилан сэргийлэх” сэдвүүдээр богино хэмжээний мэдээлэл өгөх сургалтыг иргэдийн дунд зохион байгуулж тэдний сонирхсон асуултад хариуллаа.
Эмч нарын багт “АБМА” эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмч Сарантуяа, Гантулга, Пагма нар болон БЗД-ийн “Эрүүл оршихуй” өрхийн эмнэлгийн эмч Баярбат болон 24-р хорооны өрхийн эмч нар оролцож үзлэг шинжилгээ, сургалт, судалгааны ажлыг явууллаа.