Форвард хэлцлийн тухай ярилцав

Хуучирсан мэдээ: 2012.04.07-нд нийтлэгдсэн

Форвард хэлцлийн тухай ярилцав

Гадаад валютын форвард хэлцлийн тухай Монголын эдийн засгийн форум, Монголын банкны холбоо хамтран дөрөвдүгээр сарын 5-нд дугуй ширээний ярилцлагыг зохион байгууллаа.

 Хөгжиж буй орнуудад  гадаад худалдааны эргэлтээс хамаарч валютын ханш төдий чинээ хэлбэлзэлдэг гэдэг. Манай улсын хувьд гадаад худалдааны эргэлт эрчимжиж, валютын үнийн өсөлт өргөн хэрэглээний барааны үнэд ч нөлөөлөөд байгаа билээ.  Энэ цаг үед одоогийн үнийн өсөлтийг дорвитой буулгадаггүй юм аа гэхэд ирээдүйд нэрлэсэн ханшаар үнийг хазаарлах аргыг эдийн засагчид онцолж байна. Чухам энэ бол форвард хэлцэл юм.

Энэ талаарх дугуй ширээний ярилцлагад Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, Сангийн яамны Санхүү эдийн засгийн бодлогын зохицуулалтын газрын дарга Б.Батбаяр, Монгол банкны Мөнгөний бодлого, судалгааны газрын дарга Д.Болдбаатар, Монгол банкны Валют, эдийн засгийн газрын дарга  Д.Дэлгэрсайхан, Монголын банкны холбооны ерөнхийлөгч М.Болд, гүйцэтгэх захирал Л.Төр-Од, Монголын эдийн засгийн форумын гүйцэтгэх захирал Б.Найдалаа, “Стандарт Чартерэд” банкны монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Бонггун Шин болон арилжааны банкуудын төлөөлөл оролцсон юм.  Ярилцлагын үеэр валютын форвард хэлцэл хийх эрх зүйн орчин, хэрэгцээ шаардлага, банкны дэд бүтэц, боломж бололцооны тухай саналаа солилцсон. Гадаад худалдааны идэвхтэй байгаа цаг үед валютын ханшийн шуурганд өртөх магадлал өндөр тул энэ эрсдлээс хамгаалах тогтолцоо, эрх зүйн орчинг шийдэх хэрэгтэй талаар онцолж байсан.  Харин энэхүү асуудлыг шийдэхээр одоогийн байдлаар Үнэт цаасны тухай хуулийг УИХ-д өргөн барихаар холбогдох яам, агентлагууд ажиллаж байгаа гэнэ.

 Валютын зах зээлээ хөгжүүлэхийн тулд арилжааны банкууд харилцагчдаа валютын эрсдлээс хамгаалах хэрэгтэй гэнэ. Ингэхийн тулд своп болон форвард хэлцлийн санаачлагыг арилжааны банкуудаас өөрөөс нь гаргуулж, хугацааг нь уян тогтоох хэрэгтэй гэдэг саналыг дуулгаж байсан. Ерөнхийдөө своп болон форвард хэлцлийн хугацаа 7 болон 84 хоногийн хугацаатай байдаг ажээ.

   У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж