“Strangers in the Night”-ын тасалбар эрэлттэй байна

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

“Strangers in the Night”-ын тасалбар эрэлттэй байна

Монголд анх удаа жазз хөгжмийн хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй “Strangers In The Night" тоглолт энэ сарын 13 буюу ирэх баасан гаригт
19.00 цагт “Тусгаар Тогтнолын Ордон”-д болох гэж буй. Тоглолтын тасалбар худалдаанд гараад удаагүй ч эрэлт ихтэй байгаа ажээ. Тоглолтын тасалбар 25 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд “Hi-Fi Records”-ын бүх салбараар болон  “Тусгаар тогтнолын ордон”-д худалдаалж байгаа юм.

Тоглолтыг “Hot spot” хамтлагийн ахлагч, дуучин Н.Наранбаатар бие даан  “Баянмонгол” чуулгын үлээвэр найрал хөгжим “Jazz big band” хамтлаг, Монгол Улсын Филармони оркестр, утсан хөгжмийн уран бүтээлчид хамтран хийх гэж байгаа юм. Уг тоглолт нь дэлхийн болон Монголын классик поп, жазз хөгжмийн  бүтээлийг анх удаа олонд хүртээл болгох гэж байгаагаар онцлог.  Тэр дундаа дээрх уран бүтээлчид алдарт Michael Buble болон домогт Frank Sinatra, Elvis Presley, нэрт хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав зэрэг алдартнуудын бид бүхний сэтгэл зүрхэнд өнөөг хүртэл хоногшсон гайхамшигт дуунуудыг тэр үеийн стиль жанр, өнгө аясаар нь мэдрүүлэх нь ээ.

Тоглолтод Монголын жазз хөгжмийн хамгийн чадварлаг хөгжимчид, дуучид, бүжигчид оролцох бөгөөд концертын найруулга болоод хөгжмийн дуугаралтыг мэргэжлийн өндөр төвшинд байлгахаар ажиллаж байгааг уран бүтээлчид нь дуулгасан юм.

Тоглолтод “Hot spot” хамтлаг, “Инээмсэглэл” хамтлагийн дуучин Н.Ганхуяг, төгөлдөр хуурч, концерт мистер Н.Ариунаа, дуучин Ц.Хулан, “Nature sound” дуулаачийн сургуулийн шилдэг төгсөгчид болох Э.Номин, Б.Солонго, “Universe Best Songs-2009” наадмын шилдэг оролцогчид, “Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука, жүжигчин Э.Ууганбаяр нар оролцож, нийслэл хотын нэгэн үдшийг жазз хөгжмийн уянгалаг, тансаг эгшиг аялгуугаар  чимэх юм байна. Уг тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр "Юнител" групп ажиллаж байна.

Тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг 88051754 утсаар авч болох юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж