Ерөнхийлөгчийн үгийг хүлээсээр

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн үгийг хүлээсээр

Хаврын чуулган нээлтээ хийлээ. Энэ бол таван хүний амийг золионд гаргасан пар­ламентын сүүлчийн хавар. УИХ-ын 2008 оны сонгуулиар гарч ирсэн 76-ийн хамтдаа хийж буй сүүлчийн хурал. Тийм учраас энэ удаагийнх жи­рийн л нэг хаврын чуулганы нээлт баймааргүй санагдав. Тийм учраас хүн бүр үйл явцыг анхааралтай ажиглаж, ямар нэгэн зүйл болохыг хү­лээж байв. Харамсалтай нь энэ үеэр монголчуудын эв нэгд­лийн билгэ тэмдэг болсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Кир­гизийг зорин оджээ. Тэр хав­рын чуулганы нээлтэд оролц­сонгүй. Үг хэлсэнгүй. Буруутан нь олддоггүй долоо­дугаар сарын 1-ний үймээ­ний хэрэг сонгуулийн сургаар дахин халуун сэдэв бо­лов. Намуудыг талцуулав. Жагсагчдыг талбайд гар­гав. Хэрэв Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­дорж чуулганы нээлтэд оролц­сон бол энэ тухай юу ярих байсан бол. Тэр галт зэвсэг хэрэглэх тушаал өгсөн гэх цагдаагийн экс удирдлагуудыг буруутгах байсан уу. Ал­бан тушаалаа хүлээлгээд өгчих­сөн хэрнээ цагдаа нарыг хар­цаараа хөдөлгөж чаддаг тэд­нийг гэмтэн болгох байв уу. Аль эсвэл булган шубатай эхнэрүүд нь том дуугарч, ямар олон хүнийг ажлаас нь халуулах дөхсөн тухай ярих юм уу.

Сэжигтнүүдийг Ганцху­дагт түр хугацаагаар хорих шийд­вэр гаргасныхаа төлөө Ч.Хосбаяр шүүгч балбуулах дөх­сөн. Бас болоогүй “Чи охин хүүхэдтэй хүн” гэж түүнийг хаа нэгтэйгээс дарамталсан тухай Ерөнхийлөгч нэгэнтээ дурьдаж байв. Ч.Хосбаяр  шүүг­чийн шийдвэрийг бие­лүү­лэхээс татгалзсан цаг­даа нараас болж шүүх, проку­рорын байгууллагынхан тэр чигтээ хөдөлгөөнд орж эхэл­лээ. Тэд шүүгчээ өмөөрч, Ерөн­хийлөгчид хандан гом­дол­лож байв. Энэ тухай Ц.Эл­бэгдорж ярих байсан уу. Эсвэл цагдаагийн ерөнхий газ­рын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очирыг өрөөндөө дуудаж уулзан хатуухан банга хүртээснээ өөрийн амаар хэлэх байсан уу.

Ц.Элбэгдорж түүнийг үнэ­хээр айлгасан. Хэрэв доо­дуу­лаа захирч чадахгүй бол хошууч генерал цолтой нь ярина гэж хүртэл сүрдүүлсэн.

Хариуд нь тэр гуйсан, экс дарга нараас. “Та нарыг Ганцхудагт аваачихгүй бол мөрдөсийг минь   авах гээд байна” гэж. Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболдын эгч нь нэгэн ярилцлагадаа “Цагдаа нар гуйгаад байгаа болохоор л миний дүү Ганхудаг руу явлаа” гэх агуулгатай зүйл хэлж билээ. Хуучин дарга нарыгаа гуйж, аргадаж шоронд аваачдаг бол жирийн иргэдийг гуядаж байгаад авч явдаг цагдаа нарын тухай Ерөнхийлөгч Ц.Эл­бэгдорж юу хэлэх байсан бол. Ганцхудагийн урьдчилан хорих төвд болсон шүүх хурлын үеэр ажил хаялт зарласан өмгөөлөгч нарын тухай ч бас түүний хэлэх үг чухал байв. Шүүх, прокурорын байгууллагыг шинэчлэх талаар ам хуурайгүй ярьдаг байсан түүнд энэ бүхэн их л чухал байх ёстойсон.

УИХ-ын өмнөх хүндэтгэлийн чуулганы үеэр долоодугаар сарын 1-нд амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхнээс Ц.Элбэгдорж уучлал гуйж билээ. Гишүүдийн олонх нь үүнийг эсэргүүцэж байсан ч тэр хэлж л орхисон. “Ард иргэдээсээ болон амь насаа алдсан хүмүүсийн төлөө Монгол Улсын төрийн өмнөөс уучлал гуйя. Төрийн зохих байгууллагууд иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалж чадаагүйнхээ төлөө хариуцлагатай байж ир­гэдээсээ уучлалт гуйх ёстой” гэж. Энэ удаад дахиад иймэрхүү голыг нь олсон, чухал үг хэлэх болов уу гэж түүнийг их л хүлээлээ.

“Женко” Х.Баттулга Засгийн газрын гурван сайдыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өгчихлөө. Тэр дунд нь Ерөнхий сайдын нэр ч багтаж явна. Хууль зүй, дотоод хэргийн сайдыг сайн, муугаар нь дуудаж, идсэн уусныг нэрлэж яваа хүн мөн л Х.Баттулга. Хүнд мөчөөгөө алдаж үзээгүй Ц.Нямдорж түүнд хариуг нь барив. Тавантолгойн төмөр зам барих гэрээг нууцаар байгуулсан гэж ирээд л. Тэд хэвлэлээр бие, биедээ үг дайж, энэ далимдаа төрийн нууцыг ч задруулж байгаа сурагтай. Эв нэгдлийн илэрхийлэл болсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ талаар юу айлдах бол. Сонгуулийг угтуулан тавьсан их хэрүүлийн галыг намжаах үгийг тэрбээр хэлэх байсан болов уу.

Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы нээлт, хаалтанд оролцох эсэхээ өөрөө шийддэг. Өөрөөр хэлбэл, тэр чуулганы танхимын индэр дээрээс үгээ хэлэхгүй байсан ч болно гэсэн үг. Гэхдээ улс төр буцалж, жирийн монгол хүний эрх ашгийг хөндсөн олон зүйл яригдаж байгаа энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн үг, түүний байр суурь чухал байлаа. Одоо ч байсан хэвээр байна.

Т.ЭЛИСА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж