Францын АЦС-д гал гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

Францын АЦС-д гал гарчээ

Франц улсын хойд нутагт байдаг “Пенли” АЦС-д пүрэв гаригт гал гарсны улмаас цацраг идэвхт бодистой ус алдсан талаар France-Presse мэдээллээ.

АЦС-д хоёр удаа бага хэмжээний гал авалцсан бөгөөд станцын реактор автоматаар унтарсан гэнэ. Бэртэж гэмтсэн хүн байхгүй аж. Гал сөнөөгчид галыг унтраасны дараа ус хөргөлтийн насосын ажиллагаа доголджээ. Цацраг идэвхт бодистой усыг тусгай багажаар соруулж авч байгаа бөгөөд байгаль орчинд хор хөнөөл учруулаагүй гэж станцаас мэдэгдсэн байна.

“Пенли” АЦС нь 1990 онд ашиглалтад орсон бөгөөд жилд 2,7 мянган мегаватт цахилгаан энерги гаргах хүчин чадалтай юм. Одоо ажиллаж байгаа хоёр реакторыг гурав болгохоор төлөвлөж байгаа гэнэ. Гурав дахь реактор ажилласнаар жилд 1,7 мегаватт цахилгаан нэмж үйлдвэрлэх юм.

Франц улс нь цөмийн энерги үйлдвэрлэлтээр дэлхийд тэргүүлэгч орон бөгөөд цахилгаан энергийн 75 хувийг АЦС-уудаас хангадаг байна. Одоо тус улсад 58 реактор ажиллаж байгаа юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж