Зак Рандольф багтаа үлдэнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Зак Рандольф багтаа үлдэнэ

Үнэ бүхий гэрээ нь дуусч байгаа довтлогч Зак Рандольф энэ зун багаас хамааралгүй чөлөөт агент болох байсан. Багийн зүгээс түүнд ямар нэг гэрээний санал илгээгүй учраас тэрбээр өөр багт сагсан бөмбөгөө үргэлжлүүлэх бодолтой байгаа тухайгаа төлөөлөгчөөрөө дамжуулан хэлж байсан удаатай. Гэхдээ ингэх шаардлагагүй болжээ. Учир нь Рандольф болоод “Мемфис Гриззлис” багийн зүгээс дөрвөн жилийн гэрээний талаар тохиролцоонд хүрч, удахгүй эцэслэн шийдвэрлэх гэж байгаа талаар Yahoo! Sports мэдээлжээ.

Хэрэв үлдэж байгаа сарын хугацаанд “Гриззлис”-ийн зүгээс гэрээ санал болгохгүй бол тэрбээр дуртай багаа сонгож болох байсан. Гэхдээ “Нью-Йорк”, “Портлэнд”, “Клипперс” зэрэг багуудад амжилт олоогүй Закийг “Мемфис” шиг өөрийнх нь хүссэнээр нь тоглуулах баг ховор нь мэдээж. Хамгаалалт муутай Рандольфийн довтолгоо нь одоо “Мемфис”-ийг плей-офф руу чирж байгаа гэхэд болно. Тиймээс энэ залуу ирэх дөрвөн жилийн амжилтаа тус баг холбохоор шийджээ. Гэрээний асуудал энэ долоо хоногт эцэслэн шийдвэрлэгдэж, албан ёсоор гарын үсэг зуралцах бололтой.

Карьерынхаа хамгийн оргил амжилтыг давтаж байгаа Зак энэ улиралд 20,1 оноо, 12,6 удаагийн самбараас бөмбөг авалт, 1,9 оновчтой дамжуулалтыг дунджилсан. 2001 онд тэрбээр “Портлэнд Трейл Блейзерс” багаас гараагаа эхлүүлж байсан. Тухайн жилд Портланд драфтын эхний тойргийн 19 дэх сонголтоороо хүчний довтлогчийг өөрийн болгож байсан түүхтэй.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж