Кейси Стонер эхний гарааны ялагч боллоо

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Кейси Стонер эхний гарааны ялагч боллоо

Мотоциклийн тойрог замын шилдэг уралдаан болох Moto GP ангиллын ДАШТ нээлтээ хийлээ. Өнгөрсөн амралтын өдрөөр Катарын Лозайл олон улсын тойрог зам дээр нээлтийн гран-при явагдсан юм. “Репсол Хонда” багийн мотоциклч Кейси Стонер байрлал тогтоох уралдаанд түрүүлснээр тэргүүн эгнээнээс гран-приг эхлүүлсэн. 22 тойргоор явагдсан Катарын гарааны тэргүүн байрт ямар нэгэн алдаа гаргалгүй явсаар Стонер түрүүлж, “Хонда” багаас хийсэн анхны уралдаанаа 25 оноогоор эхлүүллээ.

2010 оны тэмцээн дууссаны дараачаар багаа сольж, “Хонда”-д ирсэн нь зөв шийдвэр байжээ гэдгийг эхний уралдаан харуулсан юм. Ерөнхийдөө улирлын өмнөх сорил уралдаанд “Дукати”, “Ямаха” багийн өмнүүр “Хонда” гарч байсанчлан байрлал тогтоох гарааг тэдний хоёр мотоциклч авсан бол уралдааны түрүүг Стонер өөрийн болгосон. Түүний ард аваргаа хамгаалж байгаа Лоренцо болон багийн анд Дэни Педроса нар маш богино хугацааны зөрүүтэй бичигдлээ. Ингэснээр тус гараанаас Лоренцо 20, Педроса 16 оноотой Испанийг зорих болж байна.

“Дукати” багт мөн анхны уралдаанаа хийсэн домогт мотоциклч Валентино Росси долдугаар байрт шалгарчээ. Тэрбээр “Ямаха” багийн Бен Спайстай ширүүн өрсөлдсөн ч өмнө нь гарч чадаагүй хэдий ч гараанаас гарсан байрлалаа хоёроор ахиулж чаджээ.

Ийнхүү 2011 оны ДАШТ Стонерийн ялалтаар эхэллээ. Энэ нь түүний карьерын 24 дэх түрүү юм. Уралдааны дараачаар Стонер “Хонда”-гийн мотоцикл долоо хоногийн турш бусдаас онцгой хүчтэй, хурдтай байсан гэжээ. Хэрэв үнэхээр тийм бол энэ жил “Ямаха”, “Дукати” багууд зөвхөн хоорондоо өрсөлдөөд байхгүй нь бололтой.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж