Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

Цэцийн цэцэн шийдвэр

Үндсэн
хуулийн цэц дүгнэлт гаргажээ. УИХ-ийн сонгуульд нас хүчнээс нэр дэвшигч
28 хувиас дээш санал авсан бол намын жагсаалтад багтан шууд сонгогдох
тухай заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэв. Уг заалт нь Үндсэн хууль
төдийгүй ерөөс ардчиллын зарчмыг гуйвуулсан зүйл болох байлаа.

Тэгээд
ч “Долдугаар сарын 1” шиг үйл явдлыг дахин өдөөхөд хүргэж болзошгүй юм.
Учрыг тайлбарлахыг хичээе. Нэг тойрогт гурван нөхөр өрсөлдсөн байг гэж
бодоё. Эхний нөхөр тойрогтоо 51 хувь буюу хамгийн олон санал авч
гишүүнээр сонгогдох эрхтэй болов. Удаах нэр дэвшигч 29 хувийн  саналаар
ялагдсан ч намынх нь сонгогчдоос авсан саналын жагсаалт руу гулсан мөн л
гишүүн болох эрхтэй болов. Давсан унасан бөх хоёулаа хөтлөлцөөд, туг
тойрноо л гэсэн үг.

Харин гуравдагч нөхөр ялагдлаа хүлээн
зөвшөөрөөд, олны дунд уусаад алга болно гэж бодож байна уу? Үгүй.
Тэрбээр хоёр дахь нөхөртэй барьцаж таарна. Ялсан нөхцөлд өндөр
урамшуулал өгөхөөр амласан сонгуулийн менежер гэх өлөн залуучуудаа аваад
Сүхбаатарын талбай дээр жагсахаар ирнэ. Ийнхүү авсан саналаараа гурав,
дөрөв, тавд орж, бухимдал, шаралхалдаа автсан нэр дэвшигчид “шударга
ёсны төлөө” тэмцэхэд бэлэн болно. Улмаар ялагдсан этгээдэд УИХ-д суух
эрхтэй болсныг сая анзаарсан сонгогчид гомдогсдыг дэмжиж эхэлнэ.

Сонгуулийн
тогтолцооны талаар манай улстөрчид хийгээд судлаачид өнгөрсөн хугацаанд
хангалттай сайн судалсан. Гэхдээ шийд гаргахдаа, улс төрийн эрх ашгаа
нэн тэргүүнд тооцож ирсэн юм. Шулуухан хэлэхэд АН сонгуулийн тогтолцоог
өөрчлөх санаачлагад “цагаа олсон” саад тээг тавьж байлаа. Тэд сонгуульд
ялагдсан нөхцөлд шалтгаанаа мажоритар тогтолцоо руу чихнэ. Дөрвөн жилийн
турш сонгуулийн тогтолцоог солих тухай тайлбарлаж гомдоллож таарна.
Сонгууль дөхөөд ирэхийн алдад санаагаа эрс өөрчлөн, цаг нь болоогүй
тухай ухуулан сурталчилна. Монгол хүний явуургүй улс төрийн авир юм
даа. 

Олон жилийн түдгэлзсэн сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийг
сая нэг хийж амжсан нь энэ удаагийн УИХ-ын том амжилт. Гэхдээ унасан нэр
дэвшигч суудал эзлэ бололцоог олгосон нь сонгууль гэх улс төрийн
өрсөлдөөний утга чанар үгүй болоход хүргэх юм. Ийнхүү гулсах нв хэнд
ашигтай байсан бэ? Мэдээж, ялагдал хүлээж буй нэр дэвшигчид. Нөгөө
талаас Цэцэд гомдол гаргагсдын хардаж байгаа шиг том намд гэхээсээ жижиг
намуудад ашигтай байв. Жижиг намаас нэр дэвшигч тойрог дээрээ ялж
чадаагүй бол нийт сонгогчдоос намд нь өгсөн саналыг ашиглаад УИХ-ын
гишүүн болох бүрэн бололцоотой байлаа. Тэгээд ч судалгаагаар жижиг
намууд урьд урьдаас илүү сонгогчдын саналыг цуглуулах шаанс бүрдээд
байгаа. Гэвч жижгүүд Монголын нийтлэг ашиг сонирхлыг олж харсандаа биш,
томуудаа хардаж сэжиглэсэндээ тийнхүү цэцэд хандсан талтай. Цэцийн
гаргасан дүгнэлт ардчиллыг аварлаа.олон нийтийг хамарсан улм төрийн
болзошгүй сөргөлдөөнөөс сэргийлж чадав. УИХ ч гаргасан хуульд нь гажиг
байгааг хүлээн зөвшөөрч, Цэцийн шийдвэрийг хүлээн авах нь тодорхой
болсон. Харин зарим хүмүүсийн таамаглаж буй шиг 2012 оны сонгууль тэр
чигтээ хуучин хуулиар явахаар болчихсон хэрэг биш. Цэц сонгуулийн
хуулийг бүхэлд нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзээгүй. Хэсэгчлэн
түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Тиймээс холбогдох заалт хүчингүй болсон
байлаа ч сонгуулийн шинэ тогтолцоо гацаанд орчихгүй. Харин намын
жагсаалтад дээгүүрт бичигдэх ил далд өрсөлдөөнийгширүүсгэнэ. 28 хүний
нэрийг хэрхэн эрэмбэлэх асуудалд намын дарга удирдлагуудын толгой нэлээн
“Өвдөх” хэрэг гарна. Бусдаар бол зүгээр.

Харин шинэ тогтолцоо,
шинэ аргачлалаар сонгуулиа явуулахтай холбоотой улс орныг хамарсан яггүй
асуудлууд тулгараад байна. Холимог тогтолцооны талаар, ерөөс сонгуулийн
шинэ хуулийн талаар иргэд сонгогчид тун тааруу ойлголттой байна. Жирийн
иргэд төдийгүй сонгуульд төр төлөөлж ажиллах үүрэг хариуцлага хүлээж
буй баг, хорооны ажилтнууд маруухан мэдлэгтэй сууж буйгаа хүлээн
зөвшөөрч байна билээ. Санал хураалтыг анх удаа автомат машинаар
тоолохтой холбоотой бэлтгэл ажил удаашралттай  явагдаж байна. Цахим
иргэний үнэмлэх тараах, санал тоолох автомат машиныг ажиллуулах хүмүүсээ
бэлтгэх гээд ажлууд талдаач ороогүй байдаг. Сонгуулиас урьтаж, цахим
үнэмлэхээ тарааж амжих эсэх нь эргэлзээтэй л юм. Мөн гадаадад суугаа
монголчуудын саналыг хэрхэн авах тухай асуудал нэг тийшээ шийдэгдээгүй
хэвээрээ. Ингээд үзэхээр, Цэцийн шийдвэрээс бус харин техник хангамж,
зохион байгуулалтын учир дутагдалаас үүдэж, сонгууль хуучнаараа явагдах
талтай байж мэдэх нь. Иймээс шинэ хуулиар сонгууль явагдах эсэхийг
Үндсэн хуулийн цэц, УИХ-аас биш Сонгуулийн ерөнхий хорооноос шалгаах
хэрэгтэй болох нь. Юмыг цагт нь тулгаж хийдэг заншилтай монголчуудын
хувьд сонгууль хаяанд тулж ирснийг сануулах нь илүүц биз ээ.

Д.Мягмарсүрэн
Зохиогчийн эрх: “Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж