Монгол санхүүгийн загварын тайзан дээр байна

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Монгол санхүүгийн загварын тайзан дээр байна

МОНГОЛ УЛС ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН ЗАГВАРЫН ТАЙЗАН ДЭЭР БАЙНА

Европын сэргээн босголт хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Филип тер Вуурттэй MMJ-ийн сэтгүүлч Н.Ариунтуяа ярилцлаа.

-Монгол Улсын хөгжлийн нэн сонирхолтой цаг үед Танаас ярилцлага авах болсондоо баяртай байна. Энэ цаг үед ЕСБХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгчөөр сууж буйн хувьд Таныг манай улсын эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдлын талаар ямар дүгнэлттэй явдгийг тань сонирхмоор байна?  

-Монгол Улсын хувьд үнэхээр онцлог төдийгүй түүхэн гэж хэлж болох цаг үе юм. Би Европ болон Монголын хооронд байнга ирж очин ажлаа хийдэг. Тэгээд ч тэр үү, Монголыг Европтой нэлээд харьцуулдаг юм. Европын олон оронтой харьцуулахад Монголд эдийн засгийн хөгжлийн гарц, боломжууд илүү их байна. Европт  хөгжлийн хурд саарсан, тэр хэрээр олон нийтийн уур амьсгал идэвхгүй сул байдаг бол Монголд эсрэгээрээ. Тиймээс Монголд буцаж ирэх бүртээ би их баяртай ирдэг. Энд хүмүүс их өөдрөг үзэл бодолтой, ирээдүйдээ итгэлтэй байдаг. Монголчууд “Бидний цаг үе ирлээ” гэж мэдэрч, тэр нь өөдрөг үзэл, итгэлийг бий болгож байгаа нь анзаарагддаг.

Миний бодлоор Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн боломжууд нь хэд хэдэн хүчин зүйлсийн нөлөөгөөр их өвөрмөц байдлаар бий болж, бүгд нэг чиглэлд хөтөлж байна. Нэгдүгээрт, Монгол улсын хөгжлийн боломжууд нь хил залгаа орших Хятад улсын цаашид ч өсөн нэмэгдэх нь илэрхий хэмээн тооцоологдож буй эдийн засгийн өсөлт, тэрхүү тэлэлтийг хангахад шаардагдах нөөц эх үүсвэрийн эрэлт хэрэгцээ байна. Монгол улсын газар зүйн байршил түгжигдмэл, сул тал гэж тооцогддог байсан бол одоо энэ нь харин ч аз завшаан, бурхны ивээл болон хувирлаа. Хятад улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон болон Ганьсу муж зэрэг олон тооны Монголоос импортлогч худалдан авагчид /ган төмөрлөгийн үйлдвэрүүд гэх мэт/   байрладаг бүс нутгууд нь Хятадын эдийн засгийн хурдацтай өсөлтийн дүнд жинтэй хувь нэмэр оруулж байна. Эцэст нь дэлхийн зах зээл дээрх түүхий эд материалын үнэ ийнхүү өсөөгүй бол бид өнөөдрийн байр сууринд хүрэхгүй байсан бөгөөд цаашид ч үнэ буурах төлөвгүй байгаа.      

Мөн нийтэд дэлгэгдээд буй “Нүүрсний түүх” байна. Нүүрсний импортынхоо хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг Хятад улсын хувьд нүүрсээр галладаг цахилгаан станцууд болон ган төмөрлөгийн үйлдвэрүүдээ түлшээр хангахын тулд нүүрсний хэрэгцээ нь ихээхэн хэмжээгээр өснө. Дээр нь Хятадын Засгийн газраас баталгаагүй, аюултай нөхцөлд үйл ажиллагаа явуулсан нүүрсний уурхайнуудыг хаах бодлого баримталснаар Хятад улсын нүүрс импортлох эрэлт хэрэгцээ өсөх төлөвтэй байна. Эцэст нь далайгаар тээвэрлэх нүүрсний томоохон экспортлогч орон болох Австрали улсад тулгарсан байгалийн гамшиг, тэр чиглэлийн боомтууд болон төмөр замууд дээр хэт их ачаалал бөөгнөрөл үүссэн зэрэг бэрхшээл нь салхины чиглэлийг Монгол руу эргүүлж байна.    

Бизнесийн салбарыг бүхэлд нь дэмждэг гэдгээ хэдэн жил үргэлжилсэн зөвшилцөл хэлэлцээрийг эцэслэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж баталсан үйл явдлаар харуулсан Монгол улсын Засгийн газар нь дээрх гадаад хүчин зүйлсийг харгалзаж, дэмжин ажиллаж байна. Хөрөнгө оруулагчдын зүгээс Монгол улсыг эерэгээр хүлээн авч, анхаарлаа хандуулахад нөлөөлсөн бас нэг хүчин зүйл нь тогтвортойгоор үйл ажиллагаагаа явуулж буй Эвслийн Засгийн газар юм.  

Гэхдээ Монгол улсад өнөөдөр бүрдээд байгаа боломж бололцоонууд бүгд хэрэгжих бүрэн баталгаатай биш байна. Иймээс танай улсад тулгараад байгаа болон өнөөгийн хөгжлийн түүхэнд сөргөөр нөлөөлөхүйц бэрхшээлүүдээс дурдахыг хүсч байна. Монгол улс зах зээл дээр түүхий эдийн итгэлтэй нийлүүлэгч гэсэн байр суурь, нэр хүндийг бий болгох шаардлагатай байна. Үүнд цаг хугацаанаас гадна төрийн бодлого болон дэд бүтцийн хөгжлийн оновчтой шийдэл шаардлагатай. Дэд бүтэц  Монгол улсад сайтар хөгжөөгүй, нүүрс шиг түүхий эдийг ихээхэн хэмжээгээр Хятад болон бусад далайн чанад дахь зах зээлд экспортлоход хангалтгүй түвшинд байна. Дэд бүтцээ уул уурхайтайгаа хамтад нь зэрэг дэмжиж хөгжүүлж байж л сая Монгол улс эдийн засгийн боломжуудаа бүрэн хэмжээнд ашиглаж хөгжих бололцоотой болно. Өнөөгийн байдлаар Монгол улсын хувьд дэд бүтцийн салбар нь хөгжлөөр уул уурхайгаасаа хоцорчихсон явна. Энэ нь тодорхойгүй байдлыг үүсгэж, Монгол улсын найдвартай түүхий эдийн нийлүүлэгч гэсэн нэр хүндэд сөргөөр нөлөөлнө.

Өөр нэг том хүчин зүйл нь боловсролын асуудал байна. Хэдийгээр Монгол улсын нийт хүн амын суурь боловсрол харьцангуй өндөр боловч хэрэгцээтэй уул уурхайн мэргэжлийн ур чадвар эзэмшсэн боловсон хүчин хангалттай биш. Энэ нь Монголын эдийн засгийн хөгжилд чөдөр саад болохоос сэргийлэхийн тулд уул уурхайн салбарт зориулсан боловсролын бүтцийг бий болгох шаардлагатай. Хэдийгээр бэрхшээл боловч нөгөө талаас Монголын асар их нөөцтэй уул уурхайн салбар нь энэхүү урт хугацааны хөрөнгө оруулалтыг бүрэн хангаснаар Монгол улс ойрын 5-7 жилд уул уурхайн салбарын арга туршлагаар бүсдээ тэргүүлэгч улс орон болох бүхий л бололцоо бүрдэнэ.  

Эцэст нь, Монгол улс сүүлийн үед дэлхийн өнцөг булан бүрийн хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татаж байгаа нь сайшаалтай хэрэг боловч тэрхүү сонирхлыг бодит үүрэг амлалт болгож хувиргах чухал хариуцлага Монгол улсын хувьд тулгарч байна. Монгол улс олон улсын санхүүгийн загварын тайзан дээр өөрийн байрыг эзэлсэн хэдий ч хөрөнгө оруулагчийн нэг долларын төлөө байгалийн нөөцтэй бусад улс орнуудтай өрсөлдөх загварын уралдаан тэмцээн тасралтгүй үргэлжилдэг. Долларын төлөө өрсөлдөж буй бусад улс орнуудаас түрүүлэхэд нөлөөлдөг нэг чухал хүчин зүйл нь тухайн улсын бизнес, эдийн засгийн орчин, түүний төлөв байдал, цаашдын боломжууд байдаг. Энэ утгаараа  хөрөнгө оруулагчдад тухайн улсын инфляци нь дохио өгдөг. Инфляци харьцангуй бага түвшинд байх нь хөрөнгө оруулагчдад эдийн засаг нь тогтвортой байгаа юм байна гэсэн дохиог өгдөг бол өндөр инфляци эсрэг утгыг нь илэрхийлдэг. Тиймээс би саяхан батлагдсан Санхүүгийн тогтвортой байдлын тухай хууль болон Монгол улсын Засгийн газар болон ОУВС /Олон улсын валютын сан/-гийн хамтран гаргасан Дунд хугацаанд баримтлах санхүүгийн бодлого зохицуулалтуудыг дагаж мөрдөх нь чухал гэдгийг хэлмээр байна. Уул уурхайн салбарт хийгддэг шиг урт хугацаат хөрөнгө оруулалтад бодлого боловсруулагчид болон хөрөнгө оруулагчдын хооронд тодорхой зөвшилцөл, нэгдсэн байр суурь чухал байдаг. Тэр нь уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчид мөнгөө урт хугацаатайгаар оруулахдаа бүрэн итгэлтэй байх хууль эрх зүйн орчныг бий болгох ёстой. Саяхан Австралид тохиолдсон үйл явдлаас бид Засгийн газар болон уул уурхайн компаниудын хооронд байгуулсан зөвшилцөл зогсож цуцлагдахад ямар нөхцөл байдал үүсдэгийг харлаа. Монгол улс ийм байдлаас сэргийлэх боломжтой.

Нийгмийн асуудлын талаар та асуулаа. Тулгараад байгаа нэг томоохон бэрхшээлийг би онцлон дурдмаар байна. Хэдийгээр Монгол улс эдийн засгийн огцом хурдацтай хөгжлийн өмнө тулж ирээд байгаа боловч Монгол улсын нийт хүн амын 30 орчим хувь нь ядуурлын түвшнээс доогуур, нэн ядуу амьдарч байна. Тодорхой бодлого зорилготой нийгмийн хуваарилалт хийхээс гадна ядуурлаас гарах бас нэг арга зам бол ашигт суурилсан хэв шинжтэй уул уурхайн салбарын хайхрахгүй орхих ажлын байр, боломжуудыг нийгмийн өргөн хүрээнд бий болгодог жижиг дунд бизнесийн эрчимтэй салбарыг хөгжүүлэх явдал юм. Энэ үүднээс, ЕСБХБ түнш ХААН болон ХАС банкуудтай хамтран Монгол дахь жижиг дунд бизнесийн салбарын хөгжлийг бэхжүүлэх зорилгоор хэд хэдэн санхүүжилтийн арга хэрэгслүүдийг нэвтрүүлсэн. 

Монгол улсын хувьд тулгараад байгаа эерэг ба сөрөг талуудыг жигнээд үзвэл давуу тал, эдийн засгийн боломжууд нь сөргөөсөө хамаагүй илүү байгаа. Би бусад орнуудад ЕСБХБ-ны суурин төлөөлөгчөөр ажилладаг хамтран зүтгэгч нартаа Монгол улс бол ЕСБХБ-ны үйл ажиллагаа явуулж байгаа улс орнуудаас хамгийн их боломж бололцоотой, сонирхолтой, өрнөл ихтэй хөгжиж байгаа улс гэж байнга хэлдэг юм. Ийм гайхалтай оронд түүхэн цаг үед нь ажиллаж, амьдарч байгаадаа би өөрийгөө их азтай хүн гэж боддог.    

-ЕСБХБ Монголын эдийн засаг, бизнесийн орчинд ямар байр суурьтай ажилладаг байгууллага вэ? Мөн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын өнөөгийн үйл ажиллагааны талаар тодорхой ойлголт өгөөч?

-ЕСБХБ, Монголд нэрлэгдэж заншсанаар Европын банк нь ЗХУ болон Зүүн Европын социалист орнуудад социалист систем задран унаж, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих замыг сонгож байсан 1991 онд байгуулагдсан. ЕСБХБ-ны баримталдаг гол үзэл санаа нь тэрхүү шилжилтийг ардчилал, олон ургальч үзэл, зах зээлийн нээлттэй эдийн засгийн зарчмуудын үндсэн дээр дэмжихэд чиглэж ирсэн. Банкны зүгээс энэ зарчмууд дээр тулгуурласан  загвар нь тухайн улс оронд хөгжил дэвшил, иргэддээ ижил тэгш боломж бололцоо олгохуйц шударга тэнцвэртэй хөгжлийн хамгийн сайн боломжийг бий болгодог гэсэн итгэл үнэмшилтэй байдаг.    

ЕСБХБ нь санхүүгийн хувьд тогтвортой, өрсөлдөх чадвартай, нийгмийн хариуцлагатай, байгаль орчинд ээлтэй хувийн секторыг хөгжүүлэхэд голлон анхаарч ажилладаг. Үүгээрээ тус банк Олон улсын валютын сан, Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банк зэрэг бодлого дээр суурилсан үйл ажиллагаа явуулдаг, ерөнхийдөө үйл ажиллагааны онцлогоос хамааран санхүүгийн тогтвортой байдлыг хангах боломжгүй буюу шаардлагагүй хөтөлбөрүүд /жишээ нь орон сууцжуулах нийгмийн хөтөлбөр/ хэрэгжүүлдэг банкнуудаас ялгардаг.

Хөгжлийн банк гэдэг утгаараа хөрөнгө оруулалт авч буй компаниудад байгаль орчны хамгаалалт, нийгмийн, эрүүл ахуй, аюулгүй байдлын стандартууд болон компанийн засаглалын ерөнхий дүрэм журам зэрэг заавал мөрдөх ёстой минимум стандартуудыг хангахыг шаарддаг. Ингэж микро түвшинд илүү төвлөрч ажилласнаар ЕСБХБ нь Монгол улсад ямар төрөл, салбарын бизнес байхаас үл хамааран хариуцлагатай, санхүүгийн хувьд тогтвортой хувийн секторыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулдаг.

2006 оны аравдугаар сард ЕСБХБ Монголд салбараа нээсэн юм. Тэр үеэс хойш бидний өнөөг хүртэл хийж ирсэн ажлын ул мөр маш гүн гүнзгий. Бидний үйл ажиллагаа улам өргөжин тэлсээр Монголын бизнесийнхний өргөн хүрээнд хүрч, дэмжлэг үзүүлэх боломжтой болсон. Өнөөдрийг хүртэл бид 35 бие даасан төсөлд зээл олгох болон хөрөнгө оруулах замаар 415 сая ам.долларын санхүүжилт хийсэн байна. Үйл ажиллагааны бүрэлдэхүүнд Монголын жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт өвөрмөц дэмжлэг үзүүлдэг BAS /Business Advisory Services-Бизнесийн зөвлөгөө өгөх үйлчилгээ/ хөтөлбөрийн Монгол дахь салбар багтдаг. Хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийг дэмжих зөвлөлдөх зөвлөлийг ЕСБХБ-ны санаачилгаар үүсгэн байгуулсан. Энэ нь төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангах байгууллага байгаа юм. Хувийн хэвшлийнхэнд тулгараад байгаа асуудлыг энэ зөвлөлөөр дамжуулан төр засагт хүргэх зорилготой. Зөвлөлийг Ерөнхий сайд С.Батболд буюу Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг ахалдаг юм. ЕСБХБ нь олон чиглэлээр техникийн туслалцаа, зөвлөгөө үзүүлэх хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг ба тэдгээр нь дотроо хөтөлбөртэй холбоотой /Монгол улсын хууль тогтоомжуудад үнэлгээ хийх/, төсөлд тулгуурласан /ЕСБХБ-ны харилцагч компаниудын байгууллагын чадавхийг бэхжүүлэх/ буюу эсвэл төсөлтэй холбоогүй /өөрийн эгч байгууллага болох Компанийн өөрчлөлтийн удирдлага байгууллагаар дамжуулан/ 2006 оноос хойш ЕСБХБ хандивлагч орнуудаас нийтдээ 16 сая ам.долларын санхүүгийн буцалтгүй тусламж хуримтлуулсан. Үүнээс 11 сая ам.долларыг хуваарилж зарцуулаад байна. 
        
ЕСБХБ-ны ТУЗ-ийн хувьд Монгол улсыг оролцуулаад 61 орон болон 2 олон улсын байгууллагыг төлөөлдөг бөгөөд тус банкны Монголд явуулж байгаа үйл ажиллагааг маш идэвхтэй дэмждэг. Ингэж дэмждэгийн нэг хүчин зүйл нь Монгол улс ардчилсан засаглалтай, ард иргэд нь ардчиллын замыг сонгосон орон. Манай банк ч улс төрийн сонголтын энэхүү загварыг их дэмждэг. Энэ утгаараа хөгжлийн гэрэлт ирээдүйтэй Монгол улс бүсдээ ардчиллын үлгэр дуурайлал болох боломжтой байна.

-ЕСБХБ “Энержи ресурс” буюу ММС-ийн хувь нийлүүлэгч болсон нь тус банкны зүгээс Монголын уул уурхайн салбарт оруулсан анхны шууд хөрөнгө оруулалт байсан. Энэ салбарт хийсэн өөр бусад томоохон хөрөнгө оруулалт, зээлийн санхүүжилт байдаг уу? Цаашид уул уурхайн салбарт иймэрхүү томоохон хөрөнгө оруулалт хийх үү? Одоогоор яригдаж, судлагдаж байгаа төслүүд бий юү?
       
-Уул уурхайн салбар Монгол улсын хувьд өнөө болон ойрын ирээдүйд хөгжлийн гол хөдөлгүүр байх болно. Уул уурхайгаас хүртэх эдийн засгийн үр шим их хэдий ч уул уурхай нь үндсэн хэв шинжээсээ хамаараад сөрөг нөлөөлөл ихтэй, байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй байдал, нийгмийн томоохон эрсдэлүүдийг дагуулж байдаг. Тиймээс ЕСБХБ өөрийн мэдлэг туршлага, ур чадварыг цогцоор нь Монгол улсын уул уурхайн салбарын хариуцлагатай, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулахад зориулахыг хүсч байгаа юм. Бид энэ салбарт идэвхтэй ажилласаар ирсэн, цаашид ч энэ хэвээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх бөгөөд энэ нь саяхан Улаанбаатарт Байгалийн нөөцийн багийг бэхжүүлж чадавхижуулснаар илэрхийлэгдэнэ.

Одоогийн байдлаар ЕСБХБ-наас ММС /Энержи Ресурс/-д шууд хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд 2010 онд 180 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгосон. Энэ нь Монголдоо анхны нүүрс баяжуулах үйлдвэр байгуулахад зориулагдсан. 2009 онд “Петро Матад” компанийн хувьцааг худалдан авах замаар Монголд эрчимтэй хөгжиж буй газрын тосны салбарт хөрөнгө оруул­сан. “Петро Матад” нь газрын тос ол­бор­­лолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа анхны 100 хувь цэвэр Мон­голын үндэсний компани учраас бидний анхаарлыг маш их татаж байгаа сонирхолтой хөрөнгө оруулалт маань. Энд дурдсан хоёр хөрөнгө оруулалтын аль аль нь “эрт үеийн хөрөнгө оруулалт” бөгөөд энэ шатанд эрсдэл өндөр байдаг боловч ЕСБХБ-ны зүгээс шилжилтийн нөлөө ихтэй эргэн төлөгдөх боломжтой төслүүдийг хэрэгжүүлэхэд учирч болзошгүй томоохон эрсдэлүүдийг хүлээхэд бэлэн гэдгийг харуулж байгаа болов уу. Монголын уул уурхайн ууган компаниудын нэг “Монголын Алт” компанид нүүрсний уурхайнуудаа өргөтгөхөд нь зориулж 45 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгосон.  Мөн “Магнай трэйд” компанид шатахуун түгээх станцуудынхаа сүлжээг өргөтгөн шинэчлэхэд зориулж, зээлийн болон хөрөнгө оруулалтын санхүүжилтүүдийг хийсэн.

Бид уул уурхайн сонирхолтой олон төслүүдийг авч үзэж байгаа. Тэдгээрийн олонх нь нийтэд зарлагдаагүй байгаа учраас одоогоор нэрийг нь хэлэх боломжгүй байна.

Гэхдээ нэг жишээ хэлэхэд өнгөрсөн жил ЕСБХБ “Оюутолгой”-д 900 сая ам.долларын санхүүжилт олгох тухай тохиролцоог “Айвенхоу Майнз” компанитай байгуулсан. Уг тохиролцооны дагуу 300 сая ам.долларыг ЕСБХБ өөрийн дотоод нөөцөөс гаргаад 600 сая ам.долларыг бусад банк /олон улсын/ санхүүгийн байгууллагуудаас татан төвлөрүүлэх замаар санхүүжилт хийхээр төлөвлөж байна. Одоохондоо энэ ажил зөвшилцлийн эцсийн шатандаа яваа хэдий ч бид Монголын ирээдүйд маш чухал “Оюутолгой” төслийн нэг хэсэг болж байгаадаа бахархаж байгаа.         
 
-Манай улсын хувьд уул уурхай хөгжлийн тэргүүлэх салбар болж, эрчимтэй хөгжлийн замдаа орлоо. Ирээдүйн хөгжил энэ салбартай салшгүй холбоотой. Гэхдээ дан ганц уул уурхайг түшиглэх нь өрөөсгөл хэрэг. Таны бодлоор  зэрэгцэн хөгжих боломжтой бусад ямар салбарууд байна вэ?

-Монгол улс уул уурхайгаас бусад боломжуудыг олж харах хэрэгтэй гэдэгтэй би бүрэн санал нийлж байна. Гэхдээ бодит байдал дээр уул уурхай хөгжлийн гол хөдөлгүүр болсоор байгаа учраас энэ салбарыг бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээгээр хангах ханган нийлүүлэлтийн салбар хүчтэй хөгжих өргөн боломж харагдаж байна. Ажлын хувцас, шинэхэн хүнсний ногооны хангамж зэрэг анхдагч хэрэгцээний бүтээгдэхүүн үйлчилгээнээс эхлээд илүү чамин тансаг хэрэглээний бүтээгдэхүүний дотоодын ханган нийлүүлэлтийн тогтолцоогүйгээр уурхайн үйл ажиллагаа явуулах боломжгүй. Эдгээр нь Монголын бизнес эрхлэгчдэд ихээхэн боломжуудыг олгоно. Яваандаа дотоодын үйлдвэрлэгчид Хятадаас их хэмжээгээр оруулж байгаа импортыг бүрэн орлож, ханган нийлүүлэлтийг хийдэг болно гэдэгт итгэлтэй байна.

Мөн дэд бүтцийн салбар байна. Уул уурхайн ч бай, биш ч бай дэд бүтэц гэдэг их өргөн хүрээг хамардаг, хөгжлийн томоохон боломжуудыг бий болгодог. Жишээ нь, Монголд эрчим хүчний салбарыг эрчимтэй хөгжүүлэх хэрэгцээ байна. Эрчим хүчний үнийг төрөөс барихаа больж, чөлөөлөөд, зах зээлийнх нь жамаар явуулбал энэ чиглэлд хөрөнгө оруулах сонирхол их байна. Хотын төвлөрсөн усан хангамж нь төр болон хувийн хэвшлийн хооронд түншлэх замаар хөтөлбөр хэрэгжүүлж болох нэг жишээ бөгөөд хөгжлийн бас нэг боломж.

Банкны салбар мөн хөгжих боломжтой. Уул уурхайгаас орж ирэх ихээхэн хэмжээний мөнгөн орлогын урсгалаас энэ салбар ашиг шим хүртэх, хөгжих боломжтой. Гэхдээ Монголбанкнаас арилжааны банкуудын үйл ажиллагааг сайтар зохицуулан хянаж, банкуудыг хооронд нь нэгтгэх ажлыг үргэлжлүүлэх нь чухал. Хяналт зохицуулалт султай банкны салбар, ихээхэн хэмжээний хөрөнгийн орох урсгал хоёр цаашдаа асуудал үүсгэж болзошгүй.

Хөдөө аж ахуйн салбар бас л чухал. Ноолуур, мах, арьс шир болон сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хувьд ихээхэн боломжууд байгаа хэдий ч тулгараад байгаа гол бэрхшээл нь уламжлалт нүүдлийн мал аж ахуйг орчин үеийн үйлдвэрлэлийн арга барилтай хослуулах, зардал бууруулах технологи, эрүүл ахуйн стандартуудыг нэвтрүүлэх, үүний үр дүнд уг салбарыг  илүү аж үйлдвэржүүлэх хэрэгтэй байна.  

Эцэст нь хэлэхэд Монгол бол их сайхан орон. Тийм учраас аялал жуулчлалын салбар өндөр хөгжих бололцоотой. Жилд хагас сая жуулчин хүлээж авна гэдэг ийм үзэсгэлэнтэй уудам орны хувьд уг салбар хөгжлийнхөө нялх үедээ байна гэсэн үг. Цаана нь асар их боломж бололцоо байгаа нь харагдаж байна. Тиймээс ч би хүлээгдэж буй жуулчдын өсөлт эхлэхээс өмнө Монголд ирсэндээ их баяртай байдаг.                      

-Яг одоо Монголд хэрэгжүүлж буй томоохон төслүүдээсээ танилцуулна уу? Ямар чиглэлд гол санхүүжилтээ чиглүүлж байна вэ?  

-Уул уурхайгаас гадна хүнс, ундааны үйлдвэрлэлийн чиглэлээр хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. “АПУ” компанид шар айрагны үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд нь 25 сая ам.доллар, “Витафит” компанид ундаа хүйтнээр савлах тоног төхөөрөмжийн санхүүжилтэд 5 сая ам.доллар, МСS Кока Кола компанид 11 сая ам.долларын зээлийн санхүүжилт хийсэн. Мөн “Миний дэлгүүр” сүлжээнд хувьцаа эзэмших замаар шууд хөрөнгө оруулж, Монголд анхны хайпермаркет нээхэд санхүүжилт хийсэн.

Ноолуурын салбарт гэвэл “Ezio Foradori” компанид зээлийн санхүүжилт хийсэн. “Говь” компанид технологийн шинэчлэл, үйлдвэрлэлийг өргөтгөхөд нь зориулж мөн зээлийн санхүүжилт хийсэн. Эмийн үйлдвэрлэлийн салбарт өнгөрсөн жил “Монос” группт эмчилгээний ургамал тарьж ургуулах үйлдвэр байгуулахад зориулж зээлийн санхүүжилт, хөрөнгө оруулалт аль алийг нь хийсэн.

Жижиг дунд бизнесийг дэмжих үүднээс ХААН банк, ХАС банктай хамтран төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Саяхнаас ХАС банкинд анхны төгрөгийн зээл олгож, ХАС банк зээлдэгчдэдээ төгрөгөөр зээл өгч, валютын ханшны өөрчлөлтөөс хүлээх алдагдлаас зайлсхийх боломжийг олгосон. ЕСБХБ нь ХАС банкны хувьцааны 10 хувийг эзэмшдэг.

Мөн Харилцаа холбооны салбарт саяхан анхныхаа төслийг хэрэгжүүлж, өндөр хурдтай интернетийн үйлчилгээ үзүүлдэг “Yokozunanet” компанид зээлийн санхүүжилт олгосон.

Өмнө дурдсанчлан ЕСБХБ төсөл санхүүжүүлэхээс гадна техникийн туслалцаа үзүүлэх хөтөлбөрүүдийг мөн хэрэгжүүлдэг. Монголд нэлээд ач холбогдолтой нэг хөтөлбөр нь Монголын ОҮИТБС /Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга/ байгууллагын чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр юм. ОҮИТБС бол уул уурхайн салбараас олж байгаа ашиг орлогыг хэрхэн захиран зарцуулж байгаад  хувийн хэвшлийн зүгээс тавих хяналт, түүнийг татвар төлөлттэй уялдуулах зорилготой олон улсын санаачилга юм. ОҮИТБС-ыг хараат бус, үр дүнтэй, хүчтэй байлгаснаар татварын орлогыг нэмэгдүүлнэ. Уул уурхайн салбараас олох ашгийг нийт хүн амд жигд хүртээхэд маш чухал үүрэгтэй хамгаалалтын тогтолцоо юм.

-ЕСБХБ-наас шилжилтийн эдийн засагтай улс орнуудын эдийн засгийн судалгааг жил бүр гаргадаг. 2010 оны тайлан гарсан уу? Энэ тайланд Монголын эдийн засгийг хэрхэн дүгнэсэн бэ? Ямар зөвлөмж, сануулгыг манай улсад өгсөн бол?

-ЕСБХБ-наас жил тутам гаргадаг Шилжилтийн тайланд Монгол шиг өөрийн үйл ажиллагаа явуулдаг улс орнуудынхаа хөгжлийн үйл явцын талаар их өргөн хүрээний мэдээлэл өгдөг учраас маш сайн тайланд тооцогддог. 2010 оны тайлан “Сэргэлт ба өөрчлөлт шинэчлэлт” гэсэн нэртэйгээр гарсан. Улс орон бүрт эдийн засгийн орчинд бий болж байгаа хамгийн сүүлийн үеийн хөгжил дэвшил, тулгараад буй бэрхшээлүүд энд тусгагдсан. 2010 оны тайлангаас харахад ЕСБХБ-ны үйл ажиллагааны бусад улс орнуудтай харьцуулахад Монгол улсад хувийн өмчийн салбарын хөгжил илүү ахьсан түвшинд хүрсэн, түрүүлж яваа нь харагдсан. Зах зээлийн бэрхшээл нь бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй бага гэж дүгнэгдсэн байгаа. 

Гэсэн хэдий ч Монголд компанийн засаглалын ерөнхий стандартуудыг сайжруулах шаардлагатай гэсэн зөвлөмж, дүгнэлтүүд гарсан. Дэд бүтцээ сайжруулах шаардлагатайг ч анхааруулсан. 2009 оны тайланд “Түүхий эдийн нөөцдөө тулгуурласан эдийн засгийн хөгжил” гэсэн нэг бүлэг байсан л даа. Тэр нь Монгол улсад илүүтэй хамаарах асуудал байсан. Институцуудыг сайн чадавхтай байлгах, макро эдийн засгийн маш сайн бодлого баримтлахын чухлыг тодорхойлсон. Үүндээ улс орон ашиг, орлоготой ажиллаж, мөнгө хөрөнгө олж байгаа үедээ магадгүй хожим түүхий эдийн үнэ ханш унах үед зарцуулах хуримтлалыг бий болгох тогтвортой байдлын сан байгуулахын чухлыг тодорхой тусгасан.   

-Монголын бизнесийн орчны талаар бодол саналаа хэлээч? Эдийн засаг, хууль эрхзүйн орчны таатай хийгээд сөрөг ямар талууд байна вэ?  

-Миний бодлоор Монголд бизнесийн орчин харьцангуй сайн байгаа учраас үүссэн бэрхшээлүүдээс үл хамааран Монголын олон бизнесмэн, аж ахуй эрхлэгч нар MCS групп, “Ньюком” групп, “Шунхлай” групп, МАК, “Магнай трэйд”, “Петровис” болон бусад гайхалтай компаниудыг байгуулж чадсан болов уу. Гэхдээ гол бэрхшээл нь Монгол улсад дагаж мөрдөж байгаа хууль, журмууд хоорондоо төдийлэн нийцдэггүй, нэг нь нөгөөтэйгээ зөрчилддөг. Энэ нь хувийн салбарынханд сөргөөр нөлөөлдөг. Төрийн тогтолцоо нь хувийн секторт дарамт учруулахаас зайлсхийхийн тулд бизнес эдийн засгийн үйл ажиллагаан дахь оролцоогоо хамгийн бага байлгаж, авлига хээл хахуулийн эсрэг тэмцлээ үргэлжлүүлэх нь чухал.

Хөрөнгө оруулалтын орчны чанар, компаниудын үйл ажиллагаанд тулгардаг саад бэрхшээлүүдийн сөрөг үр дагаврын хэмжээг үнэлэхийн тулд ЕСБХБ болон Дэлхийн банк хамтран Бизнесийн орчин аж ахуйн нэгжийн гүйцэтгэлийн судалгаа /BEEPS/-г 2008-2009 онд явуулсан юм. Судалгаанд 350 гаруй үйлдвэрлэл үйлчилгээний компани хамрагдсан. Судалгаанд оролцогчдоос эхлээд бизнесээ явуулахад тулгардаг хамгийн том нэг бэрхшээлийг нэрлэхийг хүссэн. Дараа нь нийтлэг 15 бэрхшээлийг тухайн компанийн үйл ажиллагаанд нөлөөлөх байдлаар нь үл мэдэгдэхүйц, бага зэрэг, дунд зэрэг, их, маш их гэсэн түвшнээр зэрэглэхийг хүссэн. Монгол компаниуд санхүүжилтийн хүртээмж, лиценз, тусгай зөвшөөрөл, газар олголт, худалдааны зохицуулалт, гаалийн зохицуулалтыг бизнес эрхлэхэд тулгардаг хамгийн том бэрхшээл гэж тодорхойлсон. Татварын хэмжээ, татвар хураалтыг ойролцоогоор 5 хүний 1 нь л бэрхшээл гэж үзсэн байсан нь бусад орнуудынхтай харьцуулж үзэхэд цөөн дурдагдсан байна.                       

-ЕСБХБ-наас Монголд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийнхээ үр дүнд сэтгэл хангалуун байдаг уу? Хүссэн, төлөвлөсөн үр дүнг үзүүлж чадаж байна уу?

-Ерөнхийд нь дүгнэвэл бид сэтгэл хангалуун байж болно гэж үзэж байна. Гэхдээ  мэдээж бидний ажил дөнгөж эхлэл үедээ явж байгаа учраас бүрэн ханамжтай байх боломжгүй юм. Хөгжлийн болон шилжилтийн банкны хувьд ЕСБХБ-наас хэрэгжүүлж, эерэг үр дүнд  хүрсэн хэд хэдэн ажлыг жишээн дээр тайлбарлаж хэлэхийг хүсч байна.

ММС 2009 оны аравдугаар сард Хонконгийн хөрөнгийн бирж дээр бүртгэгдэж, олон улсад хувьцаагаа амжилттай гаргасан нь Монголын түүхэнд анх удаа үндэсний компани олон улсын үнэт цаасны зах зээл дээр гарсан явдал байлаа. Арилжааны саналыг дэлхийн хэмжээнд тавьдаг учраас компанийн хувьцааны тухай мэдээллийг дэлхийн өнцөг булан бүрийн хөрөнгө оруулагчид авсан. Европ болон АНУ-ын олон хөрөнгө оруулагчийн хувьд Монголын компанитай уулзсан анхны тохиолдол нь байлаа. Ийнхүү олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа амжилттай гаргасан нь дэлхий нийтэд Монголын үндэсний компаниуд дэлхийн түвшинд өрсөлдөх чадавхтайг харууллаа. ЕСБХБ-наас ММС компанийн үйл ажиллагаанд оролцсоноор ил тод байдал, компанийн засаглал, байгаль орчны өндөр шалгуур, стандартуудыг хангасан байдлыг бий болгож, энэ нь бүртгүүлэх үйл явц амжилттай болоход сайнаар нөлөөлсөн. ММС нь олон улсын хөрөнгийн биржид бүртгэгдсэн Монголын анхны 100 хувь монгол компани болсон нь цаашид уг бирж дээр гарах Монголын бусад компаниудад нэлээд өндөр босго тавьж байна гэсэн үг. Тус компанийн амжилт нь олон улсын зах зээл дээрх хөрөнгө оруулагчдын сонирхлыг Монголын хөрөнгийн зах зээл рүү ихээр татсан учраас бидний ММС-д хийсэн хөрөнгө оруулалтын шилжилтэд үзүүлж буй үр нөлөө асар их юм.

Хоёр дахь жишээ нь “Петро Матад” компанид оруулсан хөрөнгө оруулалт байна. Газрын тосны олборлолтын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа анхны дотоодын компани. ЕСБХБ энэ компанид хөрөнгө оруулснаар тус компанийн байгаль орчин, эрүүл ахуй, аюулгүй байдлын хувьд баримтлах стандартууд нэмэгдэж, энэ нь Монголын бусад газрын тосны компаниудад үлгэр жишээ болно гэдэгт найдаж байна.

Гуравдугаарт, Салхитын ойролцоо 50MW хүчин чадалтай салхин станц байгуулахад түншлэгч “Ньюком” компанитай хамтран хөрөнгө оруулж байна. Энэ нь одоогоор Монголдоо анхны илүү боловсронгуй түвшний салхин станц болох бөгөөд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн шилдэг туршилт болно гэдэгт итгэлтэй байна. 

Ноолуурын үйлдвэрлэл бол зуун хувь үндэсний түвшинд бүх үйл ажиллагаа нь Монголдоо явагддаг салбар. Энэ салбарт “Говь” болон “Ezio Foriadori” компаниудад орчин үеийн технологийн шинэчлэл хийх, үйлдвэрлэлээ өргөтгөхөд нь зориулж, зээлийн санхүүжилт хийсэндээ баяртай байдаг. 

ЕСБХБ шиг эхэн үеийн хөрөнгө оруулагчдын хувьд алдаа оноо аль аль нь тохиолддог. Бидний тухайд “Зоос” банкинд хөрөнгө оруулсан. Гэтэл “Зоос” банк маань бүтэлгүйтэж, Монголбанк удирдлагыг нь гартаа авсан. Гэхдээ үүнийг харгалзахгүйгээр ЕСБХБ Монгол улсад хөрөнгө оруулах үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах болно.

-ЕСБХБ цаашид бизнесийн ямар чиглэлд түлхүү анхаарч ажиллах вэ?

-Уул уурхайг дэмжихийн зэрэгцээ жижиг дунд бизнесийн салбараа орхихгүй, үргэлжлүүлэн илүү гүнзгийрч ажиллах болно. Ялангуяа хөгжиж буй уул уурхайн ханган нийлүүлэлтийн сүлжээтэй холбоотой үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг санхүүжүүлэхэд анхаарна. Уул уурхайтай холбоотой дэд бүтэц, тээвэр ложистикийн салбарт ч анхаарч ажиллана. 

Дараагийн нэг төвлөрч ажиллах чиглэл маань эрчим хүчний хэмнэлт. Монголын нийслэл Улаанбаатар дэлхийн хамгийн хүйтэн хотод тооцогддог. Ийм хотод эрчим хүчийг хэмнэх чиглэлээр хийгдэх сайн туршлага, санаачилга их чухал. Энэ чиглэлээр ЕСБХБ-ны зүгээс судалгаа, тооцоонуудыг хийж байна. Эрчим хүчний хэмнэлтийн хувьд салбарын түвшинд, байгууллагын түвшинд, өрхийн түвшинд ямар чиглэлээр эрчим хүчний хэмнэлтийг бий болгох талаар ажиллавал илүү зохистойг судалж байна.   
 
Мөн ЕСБХБ маань Төгрөгийн зээлийн бүтээгдэхүүний сайжруулсан хувилбарыг боловсруулах ажлынхаа эцсийн шатанд явж байна. Уг бүтээгдэхүүн нь Монголд үндэсний валютаар хийгдэх санхүүжилтийг сайжруулж, Монголын зээлдэгчдийн гадаад валютын ханшийн зөрүүнээс хүлээдэг эрсдэлийг бууруулна гэж найдаж байна.

ЕСБХБ энэ гайхалтай цаг үед танай орны хөгжилд эерэг өөрчлөлт, дэвшлийг авчрах ажлаа цаашид ч үргэлжлүүлэн хийнэ гэдэгт би итгэлтэй байна.  

The Mongolian Mining Journal ( ¹029)
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж